Халамж хайр дутагдсан гэр бүлд хэрүүл маргаан тасардаггүй

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Халамж хайр дутагдсан гэр бүлд хэрүүл маргаан тасардаггүй

Сэтгэл зүйчид болохоор нэг гэрийн эр эм хоёр хэрэлдэж маргалдах нь сайн. Учир нь хэрэлдэж маргалдах нь хоёр биенээ ойлгох ойлголцлын эхлэл гэдэг юм билээ, Нэг талаар тийм байж болох ч нөгөө талаар амьдрал дээр яг сэтгэл зүйчдийн хэлж ярьснаар болоод байдаггүй юм билээ.

Уг нь эр эм хоёр маргалдаж хэрэлдэх явцдаа чи тийм, би ийм гэж үг сөргөлддөг. Мөн бие биенийхээ алдаа дутагдлыг хүртэл илэн далангүй хэлэх үе байдаг. Зарим хүмүүс бие биенээ ингэж ил тод шүүмжлэх нь өөр өөрийн алдаа оноогоо ухаарч нэг нэгнээ сайтар ойлгоход тусалдаг байж мэдэх юм. Гэтэл зарим хүмүүст энэ нь улам л бие биедээ гомдож тунирхах, муу санаалах зэрэг сэтгэлгээг бий болгож хэрүүл маргааныг улам даамжруулдаг. Энд нэг жишээ дурдъя л даа.

…Нөхөр бид хоёр жижиг сажиг зүйлээс болж байнга л хэрэлддэг. Дараа нь эргээд бодохоор шал дэмий юмнаас болоод хэрүүл эхэлчихсэн байдгийг анзаардаг. Хэдийгээр бид хоёр байн байн хэрэлдэж, тар тур хийж байдаг ч хоёр биендээ ухаангүй хайртай. Хэрүүл маргаан өнгөрч эвлэрсэн хойноо дахиж хоёулаа хэзээ ч хэрэлдэхгүй шүү хэмээн бие биедээ амладаг. Гэвч сайндаа л хоёр хоноод л энэ хэлсэн ярьснаа ор тас мартацгаадаг.

Ихэнхдээ хэрүүл маргаан шал дэмий юмнаас эхэлдэг. Тодруулж хэлбэл ямар ч хэрэггүй жижиг сажиг зүйлээс болсон байдаг юм. Энэ нь гэр орны аахар шаахар асуудал, үрэлгэн зан, амалснаа биелүүлээгүй ч юмуу, цагаа бариагүй, ажлаас оройтох гэх мэтийн өчүүхэн зүйлүүд шалтаг болдог юм…

Үүнтэй холбогдуулж доорх тайлбарыг хэлье.
Гэр бүлийн хэрүүлийн жинхэнэ учир шалтгаан нь шал өөр газарт нуугдаж байдгийг хэн ч анзаардаггүй байна. Нэг гэр бүлийн эр эм хоёрын хэрүүл маргаан хийхэд хүргэдэг хамгийн гол шалтгаан нь эхнэр нөхөр хоёр сэтгэл санааны хувьд бие биедээ ойр байж, элэгсэг дотноор, мөн найрсаг байдлаар харилцаж чадахгүй байгаа явдал гэж сэтгэл зүйчид үздэг байна.

Үүнийг бүр тодруулж ойлгомжтой болгож хэлбэл нэгэн айл гэрийн эхнэр нөхөр хоёр бие биенээсээ чин сэтгэлийн дэмжлэг туслалцаа, халуун дулаан үг, анхаарал, халамж хайр авч чадахгүй байгаагаас болж өнөөх бидний улиг болтол яриад буй гэр бүлийн хэрүүл маргаан тасардаггүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж