Монгол, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзав

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Монгол, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзав

Гадаад харилцааны сайд Л.Болд 11 дүгээр сарын 27-нд Сөүл хотноо БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны сайд Ким Сөн Хвантай ажлын уулзалт хийв.

Уулзалтын үеэр сайд Л.Болд Монгол Улсын  “гуравдагч хөрш” болох БНСУ-тай “иж бүрэн түншлэлийн харилцаа”–г  бүх салбарт тогтвортой, харилцан ашигтай хөгжүүлэх, улс орны бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын тэргүүний технологийг нэвтрүүлэх, томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг дэмжиж хамтран ажиллахыг зорьж байгааг тэмдэглэв. Мөн хоёр орны Ерөнхийлөгч нарын хамтран дэвшүүлсэн «Ардчиллын төлөөх Азийн Түншлэл» санаачилгыг хэрэгжүүлэх, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурлын  хүрээнд явагдаж байгаа арга хэмжээнд талууд идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаж Монгол Улс 2013 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо АОХН-ийн Гадаад хэргийн сайд нарын 7 дугаар бага хурал зохион байгуулахаар бэлтгэж байгааг мэдээлж, БНСУ-ын ГХХЯ-ны сайдыг урив.

БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд Ким Сөн Хван Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага – ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүн болсонд баяр хүргэж, Монгол Улс Азийн орнуудаас анх удаа ЕАБХАБ-ын гишүүн болж байгааг тэмдэглэж,  цаашид энх тайван, түүний дотор Ази тивийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад Монгол Улс ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн итгэж байгаагаа илэрхийлэв. Сайд Л.Болд ЕАБХАБ-ын гишүүнээр элсэх Монгол Улсын олон жилийн хүчин чармайлт ийнхүү бодит ажил болж байна гээд үүнтэй холбогдуулан баяр хүргэсэнд БНСУ-ын Засгийн газарт талархал илэрхийлэв. Тэрээр БНСУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын бус гишүүнээр сонгогдсонд нь сайд Ким Сөн Хванд баяр хүргэв.

Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутгийн бүхий л орнуудтай найрсаг харилцаатай орны хувьд бүс нутгийн маргаантай асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахыг эрмэлзэж  ирснийг тэмдэглэж энэхүү бодлогынхоо хүрээнд саяхан БНАСАУ, Японы уулзалтыг Улаанбаатар хотноо хүлээн авснаа дурдав. Сайд Ким Сөн Хван Монгол Улсын энэхүү хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, БНСУ Умард Солонгостой тусламж үзүүлэх асуудал, дайны үед салсан гэр бүлүүдийг уулзуулах, мөн энхийг сахих асуудлаар яриа хэлэлцээ явуулах хүсэл эрмэлзэлтэй байдаг бөгөөд энэхүү хүсэл эрмэлзлэлийг нь Умард Солонгосын талд дурьдаж байхыг сайд Л.Болдоос хүсэв. Сайд Л.Болд Монгол Улс 6 талт уулзалтыг сэргээх, мөн түүний ажлын хэсгийн уулзалтуудыг ч зохион байгуулж байх талаар цаашид ч өөрийн хүчин чармайлтаа тавьж ажиллахаа илэрхийлэв.

Сайд Л.Болд хоёр орны Засгийн газар хооронд Визийн нөхцлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээр байгуулж, өнгөрсөн 10 дугаар сарын 26-наас эхлэн мөрдөж эхлэснийг тэмдэглэж, энэхүү хэлэлцээр нь хоёр орны иргэдийн зорчих нөхцлийг сайжруулах, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр үзүүлнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлсэн өнгөрсөн нэг сарын хугацаанд зарим анхаарууштай асуудал, тухайлбал, Монгол Улсын иргэд БНСУ-ын виз мэдүүлэхэд багагүй хэмжээний мөнгийг тодорхой банкинд барьцаа байдлаар байршуулахыг шаардаж байгаа нь визийн нөхцлийг хөнгөвчлөх гэсэн хэлэлцээрийн зорилгод харшилж, манай иргэдэд бэрхшээл учруулж байгааг БНСУ-ын ГХХЯ-ны зүгээс зохих ёсоор анхаарахыг хүсэв.

Сайд Ким Сөн Хван Монгол, Солонгосын ард түмэн бие биендээ найрсаг ханддаг, өнөөгийн найрсаг сайн харилцааны хүрээнд шийдэж болохгүй асуудал байхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэхийн сацуу визийн нөхцлийн асуудлыг анхааралдаа авч хоёр тал хүлээж авах боломжтой арга замын талаар судалж үзэхээ илэрхийлэв. Тэрээр хоёр орны иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчилж байгааг дэмжиж ирснээ дурдаж, хоёр орны хооронд агаарын тээврийн нислэг цөөн, олон тээвэрлэгч байхгүйгээс үнэ өндөр байгааг тэмдэглэж, хоёр талын агаарын тээврийн байгууллагуудын хооронд хэлэлцээ эхлүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж