Бие махбод
“Хүүхдийг багаас нь хатуу хүтүү арьс, ширмэл ширдэг дээр унтуулж биеийг нь чангаруулж, 2-3 наснаас нь эхэлж хурга, ишигний зүс нүдлүүлж, гар хөлийн үзүүрт хөдөлгөн, юм дөхүүлэх, ойртуулах зэрэг хүч чадалд нь тохирсон ажил хийлгэдэг байжээ. Хүүхэд хөдөлнө явна гэдэг бол хөдөлмөрлөх үндэс эхэлж байна гэсэн үг” гэж Т. Намжил хэлсэн.
Өвөг дээдэс маань “Ажил хийвэл дуустал, Давс хийвэл уустал” гэж сургаж ажлыг дуустал хийлгэхийг эрмэлздэг байжээ. “ Аливаа ажлыг буруу хийвэл зодож, загнахгүйгээр учрыг нь сайн ойлгуулж тайлбарлах, хөдөлмөрийн сайхныг мэдрүүлэхийн тулд хөдөлмөрийн ач тусыг бодитойгоор үзүүлж өгөх нь бага насны хүүхдэд чухал байдаг байна…”. Дорно дахины нэгэн цэцэн үг байдаг: “Өлссөн хүнд загас бүү өг, энэ бол нэг өдрийн хоол болно, харин ийм хүнд загас барих аргыг заагаад өг, тэгвэл тэр насан туршийн хоолтой болно” гэсэн байдаг. Бид хүүхдээ бага байхад нь бэлэнчлэх сэтгэлгээтэй болгочихвол том болоод хүний гар хардаг, бэлэн юманд дуртай, хүнд хүчир зүйлд дургүй, ажлын амрыг боддог хүн болох болно. Энэ нь үр хүүхдээ бага насанд нь хүнд хүчир ажил хийлгэх хэрэгтэй гэсэн үг биш ээ, харин ажлын арга ухаанд сургаж, хөдөлмөрийн амтыг мэдүүлэх хэрэгтэй юм. Хөдөлмөрийн хүмүүжил нь хүүхэд ахуй наснаас эхлэн төлөвшдөг. Эцэг эх хүүхэдтэйгээ харьцах нь эцэстээ хүмүүжил олгох үйл явц юм. “Хүүхэд зарим нэг үйлдлийг эзэмшиж эхэлснээр зарим үйлдлээ томчуудтай хамтарч гүйцэтгэх боломжтой болдог. 1.5-2 настай хүүхдийг эх нь тоглоом хураах үйлдэлд сургахдаа үйлдлийнхээ утга, дарааллыг тайлбарлаж, гол ажлыг нь өөрөө хийж байсан бол 2.5-3 насны хүүхэд тоглоомоо өөрөө хурааж чаддаг болсон байдаг. Ямар нэг үйлдлийг бие дааж хийж чаддаг болохын хэрээр хүүхэд урамшиж, томчуулаас туслалцаа авах нь багасч эхэлдэг.” Айл гэрийн эзэгтэй хүн охин хүүхдээ бага балчраас нь эмэгтэй хүний ажил үйлсэд сургаж, сайн эмэгтэйн шинжийг багаас нь бүрдүүлдэг байсан ба харин айл гэрийн тэргүүн нь хүүдээ “эр хүн” ямар байх ёстойг сургаж, сайн эр хүний шинжийг багаас нь зааж сургаж ирсэн сайхан уламжлалтай.
Мөн хүүхдүүдээ өглөө эрт хөл нүцгэн шүүдэр дээр алхуулж, голын урсгал харуулж, гол горхины дуу чимээ сонсгодог байсан бөгөөд энэ нь хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн тустай байсан. Энэ мэтчилэн өвөг дээдэс маань үр хүүхдийнхээ бие махбодод анхаарлаа хандуулдаг байжээ.
Оюун ухаан-
Үр хүүхдийн хэр зэрэг хүн болох нь нийгэм, орчноос гадна эцэг эхээс ихээхэн шалтгаалдаг. “ Оросын их сурган хүмүүжүүлэгч В.А.Сухомлинский “Чи хүн болж төрсөн. Гэвч хүн шиг хүн болох ёстой” гэж хэлсэн нь монгол хүний сурган хүмүүжүүлэх зарчимтай тохирч байна. Өвөг дээдэс маань гэр бүлийн орчинд хүүхдийг сургахдаа янз бүрийн зүйр үг хэлж хүүхдийн оюун ухаанд далд ухамсарыг бий болгодог байсан.
“Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хүүхдийн мэдрэмж, зан үйлийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг”. Тиймээс ахмад настангууд маань хүүхэд багачуудынхаа хажууд хараалын үг хэлэх, хэрэлдэж муудалцах, таагүй уур амьсгал гаргах, эмх замбараагүй явдал зэргийг цээрэлдэг байсан. Харин өнөө үед энэ байдал эсрэгээрээ хэрэгжиж ахмад настангууд бага насны хүүхдийн хажууд хараалын үг хэлж, тэр бүү хэл тэдэнд янз бүрийн хараалын үг зааж өгч хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа билээ. Хүүхэд хийгээд сурчихсан зүйлээ хийж байхад эцэг эх өмнөөс нь хийх хэрэггүй бөгөөд харин урамшуулж өгөх хэрэгтэй юм. “Бурмаар тэжээхээр, Урмаар тэжээ”гэдэг монголын сайхан үг байдаг. Харин хүүхэд буруу зүйл хийвэл тэр дор нь шийтгэх хэрэгтэй. Шийтгэхдээ яагаад, ямар учраас шийтгэж байгаагаа хүүхдэд ойлгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүүхэд өмнө нь гаргасан алдаагаа дахин дахин гаргах ба шийтгэсэн шийтгэл тань үр дүнгүй болох болно.
Монголын ард түмэн маань”Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэм”, Ах нь сургаж, дүү нь сонсдог” зарчмаар хүүхэд багачуудаа сургаж ирсэн ба “Эх нь бөөр алаг бол, Унага нь шийр алаг”, ”Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж үзэн бага балчраас нь тэдэнд үлгэр дууриалал үзүүлэн хүмүүжүүлж ирсэн билээ. Үр хүүхэддээ энэ мэтчилэн олон зүйр үг хэлж далд ухамсараар хүмүүжүүлж, тэдний оюун ухааныг хөгжүүлдэг байсан.
Мөн “Эгчийгээ ээжээсээ ялгацгүй хайрла, Ахыгаа ааваасаа өөрцгүй хүндэл” гэж хүүхдийг бага балчраас нь өвөг дээдсээ хүндэтгэх ёсонд, бусадтай харилцах харилцаанд сургаж ирсэн бөгөөд 3 настайгаас нь хонь малын зүс нүдлүүлж тэдний оюун ухааныг нь тэлдэг байсан. Энэ мэт амьдралын энгийн ажил үйлсээр дамжуулан үр хүүхдийнхээ биеийг нь эрүүл чийрэг, үгэнд цэцэн, ухаанд мэргэн өсгөж ирсэн байна.
“Хувцсаар нь угтаж, Ухаанаар нь үддэг” энэ зүйр үгнээс монголчууд ухааныг ямар их чухалд үздэг гэдгийг харж болох юм. Тиймээс зүйр цэцэн үг цээжлүүлж, оньсого таавар таалгаж, түргэн хэллэг хэлүүлж, шүлэг дуу заан өгч, үлгэр тууж, аман зохиол ярьж өгч, хүүхдүүдийнхээ оюун ухаан, хэлний чадавхийг дээшлүүлдэг байсан.
Сэтгэл зүй
Хүүхдийнхээ сэтгэл зүйд анхаарах хэрэгтэй гээд ядмар нэгэн сургалт хийх, ил тод зүйл хийдэггүй байсан ч тэдний хийж үйлдэж үр хүүхэдтэй хандаж байгаа байдал нь хүүхэд багачуудад ихээхэн нөлөөлдөг байсан. Хүүхдээ “ухаалаг, төлөв, даруу, энэрэнгүй сэтгэлтэй, зоригтой, үнэнч шударга болгон хүмүүжүүлэхийн тулд тэдний оюун сэтгэхүйн онцлогийг сайн мэдэх хэрэгтэй. Бяцхан хүүхдүүд хоорондоо ижилхэн юм шиг боловч үнэндээ тэдний хүлээн авах чадвар, сэтгэхүйн үйлдлүүд сэтгэл зүйн онцлог их ялгаатай байдаг”. Хүүхэд бүрийн хүлээн авах чадвар, өөрийн мэдрэмжээ илэрхийлэх нь ч өөр өөр байдаг. Монголын ард түмэн эрт дээр үеэс хүүхэд багачуудаа ёс суртахуутайгаар хүмүүжүүлж ирсэн билээ. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хэрүүл маргаантай орчин гэх мэт хүүхдийн өсөж буй орчин хүүхдийн сэтгэл зүйд ихээхэн нөлөөлдөг.
Хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд гэр бүлийн түүх онцгой үүрэгтэй байдгийг сэтгэл зүйчид зориуд анхааруулсан байдаг. Хүүхэд насандаа эцэг эх, эмээ өвөө нараасаа гэр бүлийнхээ тухай сонсож байсан хүүхэд орчиндоо сэтгэл зүйн харилцаа тогтоохдоо сайн, хүнд нөхцөлд амархан зүг чигээ олдог байна. Өнгөрсөн амьдралаа хүүхэд, ач гучдаа ярих нь сайн нөлөөтэй байдаг. Эргэж санах нь сэтгэл зүйг тэнцвэржүүлж, …санааны эерэг төлөвийг бий болгоно. Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар ахмад үеийнхэний ямар нэгэн бүтэлгүй дурсамж хүүхдийн хөгжилд нөлөөлөх нь илүүтэй байдаг байна. Энэ нь хүүхдэд өөрийн хүчинд итгэх итгэл төрүүлдэг.
Мөн үүгээр зогсохгүй хүүхэд өөртэй итгэх итгэлтэй өөрийн үнэ цэнийг мэдэрдэг болдог ба ахмад үеийнхээ алдаанаас суралцаж дадлага туршилгатай болдог.
Нийгэм ба нийгэмших
Хүүхдийн хөгжлийн нийгмийн талд нөлөөлдөг хүчин зүйлийн нэг бол гэр бүл юм. “Гэр бүлийн нөхцөлд хүүхдэд үзүүлж байгаа зан үйлийн үлгэр дууриалал нь хүүхдэд өөрийн гэсэн нийгмийн туршлага хуримтуулахад нөлөөж байдаг ба хүүхдийн ертөнцийг үзэх үзлийн анхны ойлголт бүрэлдэн тогтдог.” Хүүхдийг бага балчир гэж голохгүй хурга ишигний зүс нүдлүүлж, биед нь тохирсон саваар усанд явуулж, модон морь хийж өгч саахалт айлийн хүүхдүүдтэй тоглуулж нийгэмтэй нь харилцуулдаг байсан.
“Гэр бүл хүүхдийн хөгжил, ёс суртахуун, амьдралын олон хэвшил чиг хандлагын зохион байгуулагч нь болдог. Хүрээлэн буй ертөнцтэй харилцах хүүхдийн харилцааг эцэг, эх болон бусад хамаатан садан нь бүрдүүлдэг. Эхлээд томчуул хүүхдийг урамшуулан, идэвхийг нь дэмжиж хамтарч ажилладаг.” Хүүхэд эхлээд аав ээж, ах эгч, гэр бүлийн гишүүдтэйгээ харилцдаг ба дараа нь айл саахалтын хүмүүстэйгээ харилцдаг. Монголчууд хүүхдээ бага балчираас нь ахмад настангаа хүндэтгэх ёсонд сургаж ирсэн бөгөөд эцэг эх нь үр хүүхдээ хүндэтгэн хайрлаж “гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд” хүргэж хүн шиг хүн болгон ирсэн билээ. Монголчуудын үр хүүхдээ хүндэтгэх ёсонд:
- Хүүхдийнхээ санал бодлыг сонсох
- Сурч боловсроход нь бүх талаар дэмжих
- Үр хүүхдийнхээ дэргэд хэрэлдэхгүй байх
- Дэргэд нь архи, дарс уухгүй байх
- Найз нөхөдийнхөн дэргэд зэмлэхгүй байх гээд олон ёс байдаг.
Балчир насны хүүхэд энэ мэтчилэн гэр бүлийн орчинд бие махбод, оюун ухаан, сэтгэл зүй, нийгмийн гэх мэт бүх талаараа өсөж байдаг.