Тэгэхээр бид хөгжлийнхөө бараг “Эхлэл”–ийн цэг дээр зогсч байна гэж хэлж болох нь ээ. Тийм ээ. Интернэтийн хамгийн хямд төлбөртэй картын хэрэглэгч, интернэт кафед суугаа хүн, интернэтийн томоохон арилжаа эрхлэгч, машины үнэтэй шинэ загварын цагтай хэн ч бай бүгд адил. Интернэт бидний боломжийг эн тэнцүүлж өгсөн. Гэхдээ Е- бизнесийг хийхэд зөвхөн цорын ганц онцлог байдаг. Түүнийг хэн ч өөрчилж чадахгүй. Энэ бол туршлага.
Е- бизнесийн туршлага
Интернэт бизнес эрхлэгчдийн туршлагаас үүдсэн амжилт бол тохиолдлын зүйл огтхон ч биш, харин нарийн зүй тогтол бүхий үйл явц. Тийм болохоор Веб сайтаар бизнес хийж амжилтад хүрэхийн тулд хэд хэдэн тогтсон дүрмийг дагаж мөрдөх хэрэгтэй болно. Үүнд:Үнэндээ хүмүүс таны веб сайт руу гоё зурагт хуудас, сонин хачин дүрс бичлэг, хөдөлгөөнт рекламыг үзэх гэж ордоггүй. Энэ бүхэн мэдээж хэрэгтэй л дээ. Гэхдээ гол нь е-хуудас нээсэн хүн тэндээс өөрт тулгарсан асуудлыг шийдэж өгч чадах шийдлийг л хайдаг юм. Та хүмүүст юу санал болгож байгаа нь чухал биш ээ. Хэрэглэгч чухам яг юуг хүсээд байгаа нь л чухал. Тэд таны чадал чансаа нөөц боломжийг сонирхохоос илүүтэй өөрт хуримтлагдсан асуудлыг шийдэх гарцыг хайдаг. Энэ бол таны ойлгож баримтлах эхний дүрэм.
Авъяаслаг залуусыг оролцуул. Энэ бол хоёр дахь гол дүрэм бөгөөд амжилтын том түлхүүр. Ажилдаа сонирхолтой, мэргэжлийн өндөр түвшиний мэдлэг боловсролтой хүмүүсээр багаа бүрдүүлсэн тохиолдолд амжилт таныг хүлээх болно. Гэхдээ та тэдэнд итгэл үнэмшил төрүүлэх хэрэгтэй. Үүний тулд таны эрхэлж буй бизнес, гарч буй бүтээгдэхүүн, шинэ санаа бүгд бас тэднийх гэсэн сэтгэгдэл, үнэмшлийг бий болгох хэрэгтэй. Үүний тулд тэдэнд ажлын бүрэн эрх чөлөөг олгох хэрэгтэй. Тэгвэл тэд өөрсдийгөө бизнесмэн хэмээн төсөөлж, хийж буй ажлаасаа таашаал авч чадна. Залуустайгаа найз нөхдийн дотно харилцаатай болох хэрэгтэй. “Сайн хүн зам дээр” зүгээр л “хэвтэж” байдаггүйг та мэднэ шүү дээ. Хайсан хүнээ олсон ч гар нийлж ажиллах амаргүй даваа. Тиймээс тэдэнд бизнесээ ойлгуулж, хариуцлага хүлээлгээд чөлөөтэй орхи.
Байрлалаа зөв тодорхойл.
Хэр чадлаасаа хэтрүүлж хийх гэж бүү оролд. Чанартай бол цөөхөн ч багадахгүй. Хүн бүрт туслан, асуудал бүрийг шийдэх гэж битгий улайр. Цөөхөн ч даацтай шийдвэр гарган аажуу үр дүнтэй ажиллах нь чухал. Бусдаас өв тэгш илүү гарна гэдэг хэзээ ч бүтэшгүй зүйл. Аль нэг тал дээр танаас чадалтай хүн байж л таараа.
Хамгийн чухал нь бусдаас ялгарах, онцлог шинэ е-үйлчилгээг олж хийх хэрэгтэй. Хэр олон хэрэглэгчийг өөртөө татах, ямар орон зайг эзлэх, хэр удаан наслах гээд бүгдийг сайтар тооцон зах зээл дээрх хоосон орон зайг нөхөх маягаар ажиллах хэрэгтэй. Интернетийн сул орон зайг хэн түрүүлж харна тэр амжилтын анхны алхмаа хийчихлээ гэсэн үг.
Веб сайтын нэр ба хаяг. “Хүүхдийн нэр хувь заяанд нь нөлөөлдөг” хэмээн хөгшчүүл хэлэх дуртай. Тэгэхээр таны веб хуудасны нэр таны бизнесийн тухай анхны сэтгэгдлийг төрүүлдэг гэдгийг мартаж болохгүй. Хэрэглэгч таны вебийн нэрийг уншаад дараа нь шийдвэрээ гаргана. Нэр өөртөө маш их мэдээлэл агуулдаг. Зөв оновчтой нэр танай бизнесийн тухай үнэн бодитой мэдээллийг өгөхөөс гадна тухайн бизнес дээр эзэлж буй орон зайг ч тодорхойлж өгдөг. Тийм болохоор бүх талаас нь харьцуулж нягталж байж сая өгөх хэрэгтэй. Юуны түрүүнд утга төгөлдөр, тогтооход хялбар, бренд болохоор төгс нэр байх нь чухал. Хэрэглэгчид сонголт хийх шаардлага тулгарахад танай нэр, хаяг хамгийн түрүүнд санаанд нь орохоор л байх ёстой .
Оновчтой өгсөн нэр таныг сансар огторгуйд хүргэх пуужин, дэлхийн тойрог замд гаргах товчлуур л гэсэн үг шүү.
Өрсөлдөөнөөс бүү ай. Та өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болох үед л өрсөлдөгчид гарч ирснийг мэдэрнэ. Тэднээс зай авахын тулд эхлээд ойролцоо төстэй байж болох домен нэрнүүдийг өөрийн мэдэлд бүртгүүлж авах хэрэгтэй. Өрсөлдөгчид танай нэрний нэг үсгийг солиод төстэй будлиулсан нэрээр өрсөлдөж танай хэрэглэгчдээс чангааж магадгүй. Тиймээс үүнээс болгоомжилж энэхүү аргыг хэрэглэ. Ингэсэн тохиолдолд та зөвхөн хэрэглэгчидтэйгээ ажиллах л үлдэнэ. Хэрэглэгч танд мөнгө төлнө. Харин өрсөлдөгч танаас мөнгө татна. Тиймээс мөнгө татахаас нь айх бус мөнгө төлж байгаатай нь сайн ажилласан хүн л хожих болно.
Ашиг орлогоо бүрэн гүйцэд хурааж сур. Бизнесээ “Өндөглөгч тахиа, саалийн үнээ” гэж ойлгож болохгүй шүү. Мөнгөний тухай байнга битгий бод. Мөнгөн дээр гол анхаарлаа төвлөрүүлэх нь буруу. Харин мөнгө бус хэрэглэгчийнхээ талаар л бод. Танд төлбөр төлж буй хүний түрүүвчинд буй мөнгийг хэмнэхэд тусалбал тэд танаас мөнгө харамлахгүй.
Хөрөнгө оруулагчаа зөв сонго. Хөрөнгө оруулагч гэдэг бол зөвхөн “бөөн” мөнгө биш шүү. Харин магадгүй таны шинээр эхлэж буй бизнесийг сайтар мэддэг, олон талын холбоо сүлжээтэй маш туршлагатай хүн байхыг үгүйсгэх аргагүй. Тиймээс танд зөвхөн хөрөнгөө нэмэрлэх бус бас хамтрагч чинь байх болно.