
“Амьдрал хайр дээр тогтдог”-ийн С.Цэрэнчимэд, “Тэмээн дээрээс наран ойрхон”-ы П.Адарсүрэн, “Цоохор морины наймаачин” Сэдэдээс эхлээд ард түмний хайртай олон дуучин энэ шагналыг “бодсоор” яваад бурхны оронд очсон билээ.
Монголын төр “амаа барьдаггүй” юм аа гэхэд харамсаж халаглаж явдаг энэ эмгэнэлийг засах гэсэндээ Төрийн тэргүүн ид хийж бүтээж яваа насанд нь төрийн шагналыг олгож буй нь ихээхэн шүүмжлэл дагуулдаг. Гэтэл С.Жавхлан үүнийг улс төрийн шоуны хэрэгсэл болгон ашиглаж Ерөнхийлөгчийн зарлигийг, эсвэл “Монгол Улсын Гавьяат Жүжигчин” гэдэг цолыг “юу ч биш” болгон харуулах гэсэн нь дэндүү тэнэг хэрэг болов. Монголын сор болсон олон авьяастнууд энэ цолыг хүртэхдээ төрдөө, түмэн олондоо сүслэн залбирч, төрийн хайр хишиг гэдэг талаас нь хүндэтгэдэг.
"Монголын төр хэчнээн олон жинхэнэ “гавьяат”-уудыг сэм атаархуулан хойш тавьж чамд хүндэтгэл үзүүлээд “гологдов” гэдгийг нэгэнтээ бодоод үзээрэй, дүү минь"
Нөгөөтэйгүүр С.Жавхлангаас гавьяат цолыг нь авсан хөгжмийн зохиолч Б,Магсаржавт ч сайхан санагдаагүй байх. Харин ч шоконд орсон байх. Хэрэв С.Жавхлан “Намайг гавьяатаар шагнах нь. Түүнийг нь би танд өгнө өө” гэж урьдчилж хэлээгүй бол шүү дээ. Ер нь стандарт бус юм бүхэн эвгүй байдаг. Жам ёсоороо, цаг нь ирээд Монгол Улсын Төрийн тэргүүнээс хүртэх ёстой шагналыг дуучин залуугаас авчихаад юу ч гэж бодож явах билээ. С.Жавхлан Ерөнхийлөгч юм уу. Эсвэл “Би Ерөнхийлөгчөөс илүү ухаантай” гэж үзүүлэх гэв үү. “Ээжийн чанасан цай” дууны хөгжмийг зохиож өгсөнд нь баярлаж явдаг бол тэр талархлаа төрийн шагналаар бус арай өөрөөр илэрхийлэх ёстой. Өөрөөр хэлбэл Монголын төр С.Жавхлангийн “өр”-ийг дарах учиргүй. “Ээжийн чанасан цай”-нд ингэж халамцаж байгаа хүн “Үхэж үл болно Чингис хаан”-д Чингис хааны дүрийг мөнхөлж үлдээсэн бол яах байсан бол оо.
Монголын төрийн шагналтнуудын түүхэнд цэл залуухан 25 насандаа Төрийн соёрхлыг гардаад өөрийн хүсэлтээр буцааж өгсөн гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарын “адал явдал”-ыг С.Жавхлан давтах гэсэн бололтой. Ц.Төмөрбаатар бол С.Жавхлантай эгнэшгүй лут шүү дээ. Наанадаж 1990 онд АН-д элссэн. Гавьяат цолыг авахдаа хүртэл “Би энэ шагналыг биш энэ ялалтыг хүлээж байсан юм. Ардчилал гэдэг ийм байх ёстой” гэсэн нь хэчнээн даацтай сонсогдож байсан гээч. Тэр бусдын л адил орон нутгийн сонгуулиас гараагаа эхэлсэн. Улс төрийг дороос эхэлнэ гээд Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд ИТХ-д нь ажилласан. УИХ-ын 2012 оны сонгуулиар ч шанстай л байсан гэлцдэг.
Бас нэг жишээ. “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Чилүгэний дүрийг бүтээсэн, ард түмний хайртай жүжигчин Ж.Сүххуяг гурван жилийн өмнө гавьяат цол авахдаа “Батмөнх даян хааны сүнс, Сэдэд багш минь харсан байх” хэмээж байсан. “Мандухай цэцэн хатан” кинонд тоглосных нь дараа түүнээс “Хашаа авах уу, байр авах уу” гэхэд нь “Хашааны гавьяатаар яах вэ. Байр авъя” гээд хоёр өрөө байр авсан гэдэг. Эдүгээ тэр төрийн шагналдаа ч, уран бүтээлийг нь урамшуулалд авсан байрныхаа ч эзэн нь болж яваа.
Төрийн одон медалийг хэнд, хэзээ, хэрхэн олгох менежмент оновчгүй байх нь бий. Энэ асуудал Монгол төрийн, үе үеийн Ерөнхийлөгч нарын хувьд хамгийн их шүүмжлэл хүлээдэг эмзэг асуудлуудын нэг байсан нь ч үнэн. Тэр ч байтугай Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг 2006 оны арванхоёрдугаар сарын эхээр Москвад айлчилсны дараахан Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль манай консулын газарт нэг шуудай дүүрэн хөглөрч үлдсэн гэдэг. Гэтэл түүнийг хүртсэн бол магнай хагартал баярлах байсан ахмадууд, ажилласан салбартаа гавьяа байгуулсан ч жуух ч үгүй хоцорсон алдартнууд хэчнээн байгааг бодолцоогүй бололтой.
Энэ удаад ч гэсэн дуучин С.Жавхлан гавьяатын тэмдгийг сүнс нь хальсан ч бодсоор л өнгөрөх гавьяа байгуулсан даруухан хэдэн “баатарууд”-ын тухай огт бодоогүй биз ээ. Гэхдээ С.Жавхланд хандаж хэлэхэд гавьяат цол гэдэг “галын наадам”-аас чинь шал өөр. Гавьяат цол бол төрийн шагнал, түмэн олны сэтгэлийн өчүүхэн төлөөс байдаг юм шүү дээ. Төрийн шагналаар улс төр “хийж” болдоггүй юм. Ард түмнээрээ тоглодог ард түмний гавьяат гэж байдаггүй юм. Гэтэл Ард түмний гавьяат, дуучин Н.Төмөрхуяг “Өөрийн өнгө төрхөөрөө ялгарсан аргагүй сайн дуучин хэдхэн бий. Тэдний нэг нь С.Жавхлан” гэж ярьсан байна билээ. Ямар аугаа сэтгэл, даруухан сэтгэгдэл вэ. Хэдэн жил дуулсан, ямар авьяастай дуучин чамаар бахархаж байна вэ. Монголын төр хэчнээн олон жинхэнэ “гавьяат”-уудыг сэм атаархуулан хойш тавьж чамд хүндэтгэл үзүүлээд “гологдов” гэдгийг нэгэнтээ бодоод үзээрэй, дүү минь.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
