Би өөрийнхөө амьдралд талархаж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Би өөрийнхөө амьдралд талархаж байна

Талархалаа илэрхийлэх тарни

“Гомдоллодог хүн эрч хүчээ алддаг. Харин талархдаг хүн эрч хүчийг олдог.”

Тийм ч учраас талархдаг хүн өөрийнхөө амьдралд үргэлж талархаж байх сайн сайхан зүйлүүдийг илүү ихээр  үүсгэж байдаг.

Хүн нэг дор нэг л бодол боддогийн адил бид нэг дор уурлангаа хажуугаар нь талархана гэж байхгүй. Эсвэл хэн нэгэнд атаархангаа талархана гэж байхгүй. Бид нэг бол сөрөг бодол дээр анхаарлаа төвлөрүүлнэ, нэг бол эерэг бодол дээр анхаарлааа төвлөрүүлнэ.

Тиймээс анхаарлаа талархал дээр төвлөрүүлснээр бид

  • өөрсдийгөө голж, өрөвдөх
  • хорон санаа, атаа жөтөө
  • уйтгар гуниглал, гэмшил, харамсал
  • уур уцаар, догшин ширүүн зан
  • санаа зоволт
  • гомдолол
  • хязгаарлагдмал итгэл г.м. сөрөг бодол, сөрөг мэдрэмжүүдээ эерэг бодол, эерэг мэдрэмжүүдээр орлуулдаг.
“Сөрөг бодлоо гээснээр эерэг бодол бодох боломжийг өөртөө өгдөг.”

Сөрөг бодлоо яаж гээх вэ гэвэл өөрийнхөө амьдралын бүх хэсэгт талархалаа илэрхийлж сурах хэрэгтэй.


Талархах дадалтай болох нь яг л бучингаа хөгжүүлж байгаатай адил өдөр тутмын ажил. Бид өдөр болгон юунд, хэнд талархдгаа бичиж, түүнийгээ илэрхийлж, зүрх сэтгэлдээ мэдэрч байх хэрэгтэй. Үүний тулд талархалын тусгай дэвтэр нээж болно. Хэрвээ та амжилтын дэвтэр аль хэдийн нээсэн бол түүн дээрээ ч гэсэн бичиж болно.

Талархалын дэвтэр нээж эхэлснээс хойш 3 долоо хоногийн дараагаар амьдралаас авах ханамж 25%-иар нэмэгдэж, биеийн тамираар хичээллэх нь нэмэгдэж мөн архи тамхи хэрэглэх нь хүртэл багасдаг гэж судалгаагаар гарсан байдаг. Тиймээс өөрийгөө болон амьдралаа хурдан өөрчлөхийг хүсвэл юуны түрүүнд яг одооноос эхэлж талархалаа илэрхийлэх нь зүйтэй.

Хэрвээ та “харин тиймээ, талархал илэрхийлэх хэрэгтэй гэдгийг мэднээ” гэж бодоод өнгөрдөг ч юмуу эсвэл  талархах цагийг тусгайлан гаргаж чадахгүй байгаа  бол магадгүй таны амьдрал яагаад өөрчлөгдөхгүй байгаагийн нэг шалтгаан болж байж мэднэ.

Тиймээс яг одоо талархалаа илэрхийл. Талархал илэрхийлж байх энэ мөчид бидний сэтгэл санаа шууд эерэг болон өөрчлөгддөг. Тиймээс талархал илэрхийлэхийг өдөр тутмынхаа дадал болгож чадвал бид өөрсдийнхөө амьдралыг өөрчилж чадна.

Хамтдаа талархалаа илэрхийлье!

Яг одоо сайхан тухлаж суугаад, нүдээ аниад, гүн амьсгаа аваад та хэнд, юунд талархаж байна вэ гэдэг дээр төвлөр.

1. Эхлээд өөрийнхөө бие махбодь дээр анхаарлаа төвлөрүүл.

Гайхамшгийг олж хардаг нүдэндээ талархая!

Сайхан үнэрийг мэдэрдэг хамрандаа талархая!

Сайхан амттанг иддэг амандаа талархая!

Хайртай хүмүүсээ үнсдэг урууландаа талархая!

Намайг авч явдаг өөрийнхөө бүхий л биед талархая!

Хүссэн газар аваачдаг хөлөндөө талархая!

Хамаг үүрэг гүйцэтгэдэг, хайртай хүмүүсээ тэвэрдэг гарандаа талархая!

Яг одоо эрүүл энх байгаа биендээ талархая!

Энэ бүгдийг би зүрх сэтгэлдээ мэдэрч байна!

2. Одоо амьдралд тааралддаг бүх хүмүүс дээр анхаарлаа төвлөрүүл.

Намайг хайрладаг гэр бүл, үр хүүхэд, найз нөхөддөө талархая!

Миний бахархал болох бүх хүмүүстээ талархая!

Надад үлгэр жишээ  үзүүлдэг бүх хүмүүст талархая!

Надад тусалж, надад дэмжлэг үзүүлдэг бүх хүмүүст талархая!

Энэ бүгдийг би зүрх сэтгэлдээ мэдэрч байна!

3. Харин одоо амьдралд тохиолддог зүйлүүд дээр анхаарлаа төвлөрүүл.

Амралт, аялал, ажил, сургууль, баяр ёслол, төрсөн өдөр г.м. зүйлүүд дээрээ анхаарлаа төвлөрүүлж түүндээ талархал илэрхийлж, түүнийгээ зүрх сэтгэлдээ мэдэр!

Энэ мэдрэмжээ өдрийн турш, долоо хоногийн турш, сарын турш, амьдралынхаа турш авч явахыг санал болгож байна.

“Миний өнөөдрийн талархаж байгаа зүйлүүдийн нэг юу вэ гэвэл
Та бүгддээ таларахж байна!
Та бүхэнтэйгээ долоо хоног бүр бичлэгээрээ холбогдож байгаадаа талархаж байна!
Та бүхэнтэйгээ блог, захиа, фэйсбүүк, твитер, сошиал медиа-гаар байнга холбогдож байгаадаа талархаж байна!
Та бүгдийн илгээсэн ГАЙХАМШИГТАЙ захидал, сэтгэгдлүүдэд таларахж байна!

Намайг дэмжиж, надад эрч хүч өгдөг хүмүүст БАЯРЛАЛАА!
Намайг шүүмжилж, намайг улам хүчтэй болгодог хүмүүст БАЯРЛАЛАА!
Надад зааж, нэгийг ухааруулдаг хүмүүст БАЯРЛАЛАА!
Надад захиа бичиж, сэтгэгдлээ үлдээж, бодол санаагаа хуваалцдаг найзууддаа БАЯРЛАЛАА!”

Та яг одоо амьдралынхаа юу юунд талархаж байна вэ гэдгийг танаас сонсох хүсэлтэй байгаа тул амьдралдаа хамгийн их талархдаг  5 зүйлийнхээ тухай доор бичээрэй. Бичиж байх үед ямар мэдрэмж төрснөө хуваалцаарай.

Сайн сайхан зүйлд талархах амархан, харин таагүй зүйлд яаж талархах вэ? гэвэл энд дарж уншина уу.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

©Ука Төмөр

Эх сурвалж: http://www.ukatumur.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж