УИХ-ын сонгуулиар Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн малчдын гэрийг 100 мянган төгрөгөөр түрээсэлж, ухуулах байр болгох нэрийдлээр сонгогчдод мөнгө тараасан гэх УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын бие төлөөлөгч Т.Гансүх, Л.Жамсран, н.Лхагва нарын гурван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд болно. Тэднийг шүүх хурал энэ сарын 20-нд болох байсан боловч хэргийн өмгөөлөгч Увсад болж байгаа шүүх хуралд оролцож байгаа тул өнөөдөр болгон хойшлуулсан.
Эрүүгийн хуульд зааснаар бусдыг хуурч мэхлэх, эд мөнгөөр татах, санал худалдаж авах зэргийг үйлдсэн этгээдийг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 71-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ялаар шийтгэхээр заасан байдаг юм.
Д.ЖАРГАЛСҮРЭН