Тангараг өргөх гишүүдийн хэн нь хэн бэ

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Тангараг өргөх гишүүдийн хэн нь хэн бэ

УИХ таван гишүүнээр “бүл” нэмэхээр болж байна. Шинэ гишүүд маргааш 10.00 цагт тангаргаа өргөнө. Тэд СЕХ-ноос өргөн мэдүүлсэн нэрийн дагуу тангараг өргөх юм байна. Өөрөөр хэлбэл, Өвөрхангайд нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт, МАХН-аас жагсаалтаар нэр дэвшигч Ц.Оюунбаатар, МАН-аас жагсаалтаар нэр дэвшигч Д.Сарангэрэл, Баянзүрх буюу 22-р тойргоос нэр дэвшигч Д.Арвин нар тангараг өргөх юм.

“АЖЛАА ТАСЛАГЧ”  Ц.ОЮУНБААТАР

Ц.Оюунбаатарын хувьд улс төрд “шинэ хүн” биш. Тэрээр 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. МАХН-ын энэ удаагийн сонгуульд МҮАН-тай “Шударга ёс” байгуулан чансаатай гэсэн гишүүдээ намын жагсаалтад жагсааснаар Ц.Оюунбаатар УИХ-д орж ирсэн. Гэвч дарга Н.Энхбаяраа харзнаад байгаа юу одоо хүртэл УИХ-ын хүндэт танхимд заларсангүй. Түүнийг УИХ-ын дарга З.Энхболд нэгтээ “Баяраа өөрөө л уначихсан юм байна лээ шт” гэдэг шиг "Ц.Оюунбаатар өөрөө л ажлаа таслаад яваа болохоос биш УИХ-ын гишүүд тангаргаа өргөхөд нэр дурьдагдсан юм чинь гишүүн болсон гэсэн үг" хэмээн чимхээд авсан. Ц.Оюунбаатарын хувьд өөрөө тангаргаа хэзээ мөдгүй өргөе гэж байгаа ч намын зүгээс “асуудалтай” гэсэн шалтгаанаар тангараг өргүүлэхгүй дөрвөн сар хүлээлгээд байгаа. МАХН-ынхан намын жагсаалтаар нэр дэвшигчээ Н.Энхбаярын шүүх хурлыг харзнаж, хүлээлгээд байгаа гэх мэдээлэл байгаа юм. “Асуудалтай” Ц.Оюунбаатар тангараг өргөх эсэх нь тодорхойгүй байгаа ч энэ пүрэв гариг хүртэл МАХН-ынхан ямар нэг байр сууринд хүрэх биз ээ.

ЭСЭРГҮҮЦЭЛ, МАРГААН ДАГУУЛСАН ӨВӨРХАНГАЙН ХОЁР

Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн дараа Өвөрхангай буюу УИХ-ын 10-р тойрогт нэр дэвшигчид бие биеийнхээ эсрэг шүүхэд гомдол гаргасан. МАН-ыхан АН-ын хоёр нэр дэвшигчийг “Иргэдийн саналыг татах зорилгоор архи, эд материал тараасан, сонгуулийн хууль” зөрчсөн хэмээн гомдол гаргасан бол АН-ын нэр дэвшигчид МАН-ын нэр дэвшигчдийн “Насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд татан оруулсан, хууль зөрчсөн” хэмээн үзэж гомдол гаргасан. Гэвч шүүхийн шийдвэрийн дагуу АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид СЕХ-оос өргөн мэдүүлээд байсан. Гэвч МАН-ынхан эрхэм гишүүд нь Төрийн ордонд “буйдантай жагсаал” хийж, эгэл гишүүд нь Төрийн ордны гадаа “Хонхны дуу” эгшиглүүлэн жагссанаар хоёр нэр дэвшигчийг тангараг өргүүлэхийг хойшлуулж чадсан. “Өвөрхангайд нэр дэвшигч АН-ын хоёр 90 жилийн түүхтэй МАН-ыг ардчиллын “Хонхны дуу”-г дуулуулдаг  айхтар юм аа” гэх шоглол ч гарсан байсан.

Нэр дэвшигч Г.Батхүүгийн хувьд УИХ-д 1996-2000 онд УИХ-ын гишүүн болсон ч дараагийн сонгуульд ялагдал хүлээсэн. Харин 2004-2008 онд тэрээр ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Одоо харин ийнхүү гуравдахь удаагаа УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр догдлон хүлээж буй.

Д.Зоригтын хувьд хоёр дахь парламентын сонгууль нь маргаан дагуулсан ч тэрээр ялалт байгуулсандаа бат итгэлтэй байгаа. 2008 онд Өвөрхангай аймагт “цэнхэр”-үүд ялалт байгуулан Г.Батхүүгийн хамт УИХ-д  өвөрхангайчуудаа төлөөлөн суусан. Тэдний хийсэн ажлын үр дүнг иргэд бататган дахин сонгосон гэх хүмүүс олон бий. Гэвч Өвөрхангайн асуудал хууль бус хэмээн МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг өлсгөлөн зарлахаар зэхээд байгаа гэсэн. Эсэргүүцэл, жагсаал, маргаан дагуулсан ч Г.Батхүү, М.Зоригт нар энэ пүрэв гаригт тангараг өргөх нь.

ТОЙРГООСОО "УРВАСАН" Ч ЯЛАГЧ Д.АРВИН

Тангараг өргөх гишүүдээс хамгийн олон жил буюу дөрөв дэх удаагаа УИХ-д суух гэж байгаа нэр дэвшигч бол Д.Арвин. Өмнөх гурван удаагийн УИХ-ын сонгуульд төрөлх аймаг болох Хэнийгээс нэр дэвшиж байсан. Гурав дараалан Хэнтий аймгаас сонгогдож байсан түүнийг дөрөв дэх удаагаа нийслэлийн Баянзүрх буюу УИХ-ын 22-р тойрогт “цөлж” орхисныг олон хүн гайхаж байсан. Энэ нь сонгуулийн үеэр урвагч хэмээх цолыг дагуулсан бол одоо харин дахин санал хураалтаар Засаг даргыг нь дүүрэгт нь тонгорон унагаснаар “адтай, азтай” гэсэн чимэг сонсоод буй. Тойргоо сольсон ч олонхийн санал авч чадсан учраас түүнийг “адтай” гэж нэрлэсэн байж болох юм. Өмнөх туршлагуудаас харж байхад тойргоо сольсон гишүүд тэр бүр сонгогдоод байдаггүй жишээ бий. Тухайлбал, тойргоо Д.Арвин гишүүнд өгсөн Б.Батбаяр. Тэрээр  өмнө нь УИХ-д Баянзүрхээс сонгогдож байсан бөгөөд 2012 оны УИХ-ын сонгуульд хуучин тойрогтоо бус Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн. Гэхдээ тэрээр “хийсэн ажилгүй, тойргоососс зугатсан” гэх шүүмжлэлийг араасаа дагуулсаар Хан-Уул дүүргийн АН-ынханд ялагдсан. “Адтай” нэр зүүгээд буй Д.Арвины өнгөрсөн 12 жилийн хугацаанд парламентад суухдаа хийсэн ажлыг ард түмэн дүгнэнэ. Дөрөв дэх удаагаа сонгогдож байгаа “адтай” гишүүн энэ дөрвөн жил ямар ажил хийхийг харж л байя даа.

“ШИНЭ ХҮН” Д.САРАНГЭРЭЛ

Улстөрчдийг “шүүмжилж”, “эсэргүүцэж” байдаг сэтгүүлчдийн эгнээнээс УИХ-д орж ирж буй Д.Сарангэрэлийн хувьд улстөрд “шинэ хүн”. Сэтгүүлзүйн салбарт залуу насаа элээж, TV-5 телевизийн захирлаар ажиллаж байсан тэрээр “нам дагаж” МАН-ын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан. “Аз” болж МАН-аас намын жагсаалтаар нэр дэвшсэн У.Хүрэлсүх гишүүнээсээ татгалзаж, Д.Сарангэрэлд гишүүн болох “боломж” олгосон юм. УИХ одоогоор есөн эмэгтэй гишүүнтэй. Д.Сарангэрэл, Д.Арвин нар орж ирснээр 11 эмэгтэй гишүүн ирэх дөрвөн жил УИХ-д Монголын эмэгтэйчүүдээ төлөөлөх юм. Д.Сарангэрэлийн талаар “Нам дагавал ам тосдоно” гэх үгийн бодит жишээ харууллаа гэх нэгэн байхад азтай гэх нэгэн ч байх юм. Сэтгүүлзүйн тогоонд олон жил чанагдаж, улстөр, нийгэм, эдийн засгийн амьдралд оролцож байсны хувьд Д.Сарангэрэлээс ирэх дөрвөн жил чамгүй амжилтыг иргэд хүлээж буй. УИХ-ын гишүүд шинэ дээрээ их зүйл хийдэг гэх нь бий. Их улстөрийн шинэ хүн ирэх дөрвөн жил хэрхэн ажиллахыг сонгогч та дүгнээрэй.

Ш.ОЮУНЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж