Гэхдээ энэ компанийн алдагдал, бүтэлгүйтэл нүүрсний үнийн уналтаас бүр өмнө нь эхэлсэн гэж эх сурвалжууд ярьж байна. “Саутгоби Сэндс”-ийн толгой нь Хонконгд төвтэй “Саутгоби Ресурс”, үүний толгой компани нь Канадын “Айвенхо Майнез”. “Айвенхо”-г хөгжингүй орнуудын улстөрчидтэй учраа олохдоо гарамгай, алдарт Роберт Фрийдлэнд удирдахаа больсон. Роберт Фрийдланд “Айвенхо Майнез”-ийг “Рио тинто”-д үнэ хүргэж зарж чадсанаар “Айвенхо”-гийн 57 хувийг “Рио” эзэмшиж, Роберт Фрийдланд өнгөрсөн дөрөвдүгээр сард захирлынхаа суудлаа тавьж өгөн “Саутгоби”–ийн асуудлуудыг цаагуур нь чимээгүй зохицуулж чаддаг хүн одоо байхгүй болжээ. Одоо “Саутгоби Сэндс” хайгуулын тусгай зөвшөөрлөө олборлолтын өмнөх гэрээ ч болгож чадахгүй байгаа нь үүнтэй холбоотой байж магадгүй. Заг Сууж, Сүмбэр гэдэг хоёр хайгуулын орддоо ашиглалтын өмнөх гэрээ байгуулахаар бүх бичиг баримтаа бүрдүүлсэн ч Ашигт малтмалын ерөнхий газар яагаад ч юм гэрээ байгуулахгүй байгаа. Хэрвээ энэ асуудлыг нь зургаан сарын дотор шийдэхгүй бол олон улсын Арбитрийн шүүхэд хандана гэж “Саутгоби” мэдэгдсэнийг та бүхэн санаж байгаа байх.
“Саутгоби сэндс” ХХК-ийн зүгээс гаргасан ашиглалтын өмнөх гэрээтэй холбоотой Хөрөнгө оруулалтын гэрээний маргааны мэдэгдлийг ямар ч байсан хэлэлцэж байгаа юм байна. Энэ тухай Засгийн газартай ярилцаж байгаа гэж “Рио тинто”-гоос томилогдсон “Саутгоби ресурс”-ын шинэ захирал Росс Тромсон news.mn-д имейлээр мэдэгдсэн юм.
Ер нь Роберт Фрийдланд олон хайгуулын лицензтэй, “Саутгоби Ресурс” гэдэг ашигтай ажиллах нь гарцаагүй компанийг байгуулснаасаа хамаагүй их үнээр ямар нэг компанид зарах сонирхолтой байсан. Тиймээс “Айвенхо Майнез” “Саутгоби”-г Хятадын “Чапко” худалдаж авья гэхэд нь дуртайяа зөвшөөрсөн. Харин энэ наймааг монголчууд эсэргүүцэж, Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалт зохицуулах шинэ хууль хүртэл гаргасан. Монголчуудын эсэргүүцэл “Саутгоби”-г шалгаж байсан Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгалттай давхцаж, “Чалко” уг компанийг сонирхохоо больж наймаа буцсан.
Авлигатай тэмцэх газраас Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийг хоёр жил шахам шалгасны эцэст 120 орчим лицензийн зөвшөөрлийг хууль бусаар олгосон гэж буруутгасан. Энэ шалгалтын үеэр “Саутгоби”той холбоотой хугацаа нь дууссан дөрвөн лицензийг сэргээсэн болон 150 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэг гарж ирж, “Саусгоби сэндс”-ийн хэргийг тусад шалгаж эхэлсэн байна.
Тиймээс компанийг шалгахын тулд хуулийн ахлах зөвлөхийг нь Монгол Улсаас гадагш явахгүй байхыг сануулж байцааж байна. Сара хэмээх бүсгүй баривчлан саатуулсан, түүнээс хойш дөрвөн хамгаалагчтай явах болсон гэх мэт шуугианыг магад та санаж байгаа байх.
Энэ тухайд “Саутгоби Сэндс” ХХК: “Одоогийн байдлаар “Саутгоби” компани болон компанийн албан хаагчид, түүний дотор Сара Армстронг, ямар нэг гэмт хэрэгт холбогдоогүй. “Саутгоби” компани Монгол Улсын төрийн байгууллагуудтай тухайлбал, Авлигатай тэмцэх газрын явуулж буй мөрдөн шалгах ажлын хүрээнд тус байгууллагатай хамтран ажиллаж байна” гэж хариулсан юм.
Авлигатай тэмцэх газар “Саутгоби”-гоос юу гаргаж ирэх бол харин үүнийг нь “Рио тинто” яаж зохицуулах бол…..