Генсекүүд төсөл боловсруулах ухаанд суралцав

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Генсекүүд төсөл боловсруулах ухаанд суралцав

МҮОХ-ноос спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарынх дунд “Төсөл боловсруулах арга зүй” сургалтыг зохион байгуулж, арван холбооны генсек номын дуу сонслоо. Удирдлагын академи, PMDI төрийн бус байгууллага хамтран явуулсан энэхүү есөн цуврал сургалтаар төсөл боловсруулах арга ухаанд онол, дадлага хослуулан суралцсанаараа онцлог. Удирдлагын академийн менежментийн тэнхимийн ахлах багш Ц.Өнөржаргал сургалтын үеэр “Нийтдээ 80 орчим менежмент байдаг. Төсөл бол тоо биш. Хамтран ажиллагч, бэлтгэн нийлүүлэгч, хөрөнгө оруулагч, хэрэглэгч, өрсөлдөгч гээд л эргэх холбоонд оршдог. Тиймээс төсөл боловсруулах нь тоо бодохоос өөр. Энэ арга ухаанд суралцахыг л бид зорьсон юм. Спортын салбар өөрийн гэсэн менежменттэй. Төслөөр дамжуулан, спортыг бизнес болгож болно. Тухайлбал монголчууд уламжлал, шинэчлэл дээр тулгуурлан спортын брэнд хувцас яагаад гаргаж болохгүй гэж. Чихрийн шижин өвчтэй хүмүүс спортоор хичээллэн эдгэрч болно. Спортыг аялал жуулчлалын маягаар ч хөгжүүлэх боломжтой. Манай спортынхонд гагцхүү санаагаа цаасан дээр буулгаж хэрэгжүүлэх чадвар нэн шаардлагатай байна” хэмээн өгүүлсэн юм.

Уг сургалтын талаар МҮОХ-ны ажилтан П.Тунгалагаас тодрууллаа.

-Энэхүү сургалтыг зохион байгуулах болсон шалтгаан юу вэ?

-МҮОХ “Спортын холбоодыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд төсөл зарлаж, санхүүжүүлэн спортын төрлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьсон юм. Ирсэн төслүүдийг харахад зарим нь зорилтоо сайн гаргаагүй, алдаа дутагдалтай зүйл багагүй ажиглагдсан учраас тусгай сургалт явуулахаар болсон. Төсөл боловсруулах нь манай ерөнхий нарийн бичгийн дарга нарын өдөр тутмын ажилд зайлшгүй хэрэгтэй. Урьд нь төсөл хэрхэн бичих тухай лекцийг зохион байгуулахад хамрагдагчид мэдээллийн чанартай хүлээн авсан байх. Тиймээс онол дадлага хослуулсан энэ удаагийн сургалтаар дүгнэлт, тооцооллоо хийх боломж ч бүрдсэн. Төсөл нь цахим шуудангаа шалгадаг шиг чухал хэрэгцээ болжээ, өнөө үед. Он гармагц бусад нарийн бичгийн дарга нарын дунд ийм сургалт зарлана.

-МҮОХ-ноос спортын холбоодын дунд төслийн уралдаан зарлахад генсекүүд хэр идэвхтэй оролцдог вэ?

-Ийм уралдаан зарлаж болно. Гэхдээ төсөл бичиж бүрэн суралцаагүй байхад энэ хэрэгтэй, тэр чухал гэж энд тэндээс нь самрах хэрэггүй. Идэвхжүүлэх нэг арга байж болно л доо.

Эх сурвалж: www.olympic.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж