”МАН ширээний ард суухыг ажил гэдэг”

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

”МАН ширээний ард суухыг ажил гэдэг”

УИХ-ын гишүүн М.Зоригттой ярилцлаа.


-Орон нутгийн сонгууль болж АН ялалт байгууллаа. АН-ыг орон даяар ялалт байгуулж, олонхи болоход Сүхбаатар аймгийн бүтээн байгуулалт чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тэмдэглээд байгаа…

-Сүхбаатар аймгийн АН сонгуульд анх удаа ялж байгаа юм биш. Орон нутгийн сонгуульд гурав дараалан ялчихаад бай­гаа. Хамгийн анх 2004 оны сонгуулиар ялалт байгуулсан боловч МАН тухайн үеийн МАХН-ын­хан саналыг зувчуулж, луйвар хийсэн байдаг. Харин 2008 оны орон нутгийн сонгуульд луй­вардах боломжгүйгээр ялалт байгуулж анх удаа засаг барьсан юм. Ингэх­дээ бид жишиг аймаг бо­лох, тэргүүлсэн үйл ажил­лагаа явуулах зорилтыг огт тавиагүй. Зүгээр л нутагтаа сайхан амь­даръя гээд юу хийх шаард­лагатай байгааг нь судалж хэрэгтэй байгаа арга хэмжээг авсан. Шууд хэлбэл асуудалд шинж­лэх ухаанчаар хандаж иргэдийн амьдрах орчин нөхцөл байдал ямар байх ёстой вэ гэдэг зөв томъёоллыг гаргаж ирсэн юм. Энэ ажил маань өөр нутаг оронд үлгэр жишээ болж бусдыгаа уруу тат­санд бид баяртай байгаа.

-Саяын сонгуулиар Сүхбаатар аймгийн АН-ынхан бүр ч их ам­жилт­тай оролцсон байна. Аймаг сумынхаа ИТХ-ыг цөөнхгүйгээр тэр­гүү­лэх хэмжээнд хүрч ялалт байгуулсан нь нэг талаар таатай ч нө­гөө талдаа хяналтгүй болох муу талтай?

-Бараг цөөнхгүй бол­чих шиг боллоо. 13 сумын 11-ийг нь авч аймгийн ИТХ-д үнэмлэхүй ялалт байгуулсан урьдчилсан мэдээ байна. Миний бод­лоор цөөнхгүй байна гэ­дэг эрүүл биш хандлага. Цөөнх байсан тохиол­долд сайн ташуур болж бас хяналтыг тавьж ал­дааг засч явдаг учиртай. Тиймээс бид ирэх дөрвөн жилд өөрөө өөрсдөдөө давхар хяналт тавьж байнга цэнэж ажиллах хэрэгтэй боллоо. Мэдээж алдаа гаргахаас айгаад хийж бүтээхээ хойш тавина гэсэн үг биш.

-Сүхбаатар аймагт АН-ынхан эрх барьж байхдаа бүтээн байгуулалтыг олноор хийсэн. Тэр дундаа гэр хорооллыг дэд бүтэцжүүлсэн нь иргэ­дийн саналыг олноор татах ажил болсон байх. Цаашид Сүхбаатар айм­гийн хөгжлийг өөр ямар бүтээн бай­гуу­лал­таар тодорхойлох вэ?

-Бид өнгөрсөн дөрвөн жилд аймаг маань ямар чиг баримжаатай хөгжих юм. Уул уурхай, мал аж ахуй, эсвэл аялал жуулч­лалын салбарыг хөг­жүүл­сэн эдийн засгаар явах уу гэдэг хар зургаа гар­гасан. Тэгээд манай ай­маг хөгжилдөө уул уур­хайг шүтэхгүй. Мал аж ахуй, аялал жуулчлалыг хос­лон хөгжүүлж аж үйлд­вэржүүлье гэсэн бод­ло­гыг тодорхойлсон.

Мөн Сүхбаатар аймгийн давуу тал нь газар нутгийн байршил. Бичигтийн боомтоор олон улсыг холбосон автозам, төмөр зам, агаарын тээврийн сүлжээг бий болгож чадах юм байна. Түүнийгээ ашиглана. Дээрээс нь Бичигтийн боомтын ойролцоо байх хүрэн нүүрсний үйлдвэрийг түшиглэсэн цахилгаан станц, баяжуулах үйлд­вэр барья. Тэртэй тэргүй Бичигтийн боомтоор манай улсын уул уур­хайн бүтээгдэхүүн гарах юм байна лээ. Хятадууд энэ тухай аль хэ­дийнэ мэдээд Бичигтийн боомтын цаад талд манай орны уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах баяжуулах үйлдвэр барьсан байна. Тэгэхээр бид яагаад бүтээгдэхүүнээ эх орондоо баяжуулаад цааш нь алс хол, үнэд хүргэн зарж болохгүй гэж. Мөн сум суурин, аймгийн төвийн иргэдийг ая тухтай амьд­руу­лах асуудалд түлхүү анхаарч бай­на. Ая тухтай амьдрахад баян хоосны ялгаа гэж байх ёсгүй гэдэг зорилттойгоор энэ бодлогоо тө­лөв­лөсөн. Ингээд өнгөрсөн хугацаанд төлөвлөлтийнхөө хүрээнд газар доогуур дэд бүтцийн шугам хоо­лойг бүгдийг нь татаж газар дээр нь засмал замаа тавьж чадсан. Ингэж л суурь бүтцийн асууд­луу­даа шийдсэн учраас ирэх дөрвөн жил гэдэг ид бүтээн байгуулалтын үе байх болно.

-АН-ынхан аймгийн төв бү­рийг, 15 мянгаас дээш хүн амтай суурин бүрийг хот болгоно гээд байгаа. Тунхаглах нэг хэрэг. Харин ажил хэрэг болгоход ихээ­хэн асуудал, бэрхшээл тулгарах байх?

-Өнөөдөр жишиг дүүргийн ту­хай асуудал зөвхөн Сүхбаатар аймагт л яригдаж байна. Учир нь тэнд газрын дахин төлөвлөлтийг хийж дэд бүтцийг татаж чадсан. Улаанбаатар болон өөр аймагт энэ тухай яагаад ярихгүй байна гэхээр дахин төлөвлөлтийг хийж чадаагүй юм. Үүний зэрэгцээ иргэддээ бо­лолцоо олгож байгаа нь бас нэг давуу тал. Жишээ нь бага дунд орлоготой иргэд 1.2 сая төгрөгөөр Сүхбаатар аймгийн жишиг хороо­лолд хашаа авах боломжтой бол­сон. Мөнгө нь хүрэхгүй бол зээлээр авах боломжтой. Харин арай илүү орлоготой иргэд 3.2 сая төгрөгөөр, түүнээс их орлоготой нь 10-20 сая төгрөгөөр, илүү их хөрөнгөтэй нь 60-70 сая төгрөгийн хашааг худал­даж авахаар үндсэн хөрөнгөнд нь ая тухтай орчинг уяж өгсөн нь асуудлыг нэг мөр цэгцэлсэн. Шууд хэлбэл өөр газарт нас, зүсээр эрэмбэлдэг байхад манайх хө­рөнгө, эдийн засгийн бололцоонд нь тулгуурлаж энэ асуудлыг шийд­сэн. Энэ л Сүхбаатар аймгийн хөгжлийг тодорхойлж байна. Нэрт эрдэмтэн Сато ирээд гэр хороолол гэдэг чинь тэр чигээрээ баялаг гэж хэлж байсныг л бид бодит зүйл болголоо. 3.2 сая төгрөгийн үнэтэй байсан хашаа 25 сая төгрөгт хүр­сэн нь үүнийг нотолж байгаа. Тэгээд ч хот гэдэг гэр хорооллыг алга болгож хуульд өөрчлөлт оруу­лан "хот болголоо" гэснээр бий болчихдоггүй. Орчин үеийн хөг­жилд хөл нийлэх, эрүүл, стрессгүй байх бүхий л асуудлыг шийдсэн байх ёстой. Тухайлбал хүүхэд залуучуудын кино театр, бүжгийн клуб, фитнесс, бялдаржуулах төв, адаглаад автомашины зогсоолын асуудлыг шийдсэн байх нь хот гэдэг тодорхойлолтыг бий болгож бай­гаа юм. Хот газар юу байх ёстой тэр бүгдийг зөв шийдэж байж л хот хэлбэрээ олно. Хөгжиж буй суурин газар анхнаасаа төлөвлөлтөө зөв хийвэл Улаанбаатарын өнөөдрийг давтахгүй байна. Бас гэр хороол­лыг ад үзэлгүй зөв хөгжүүлэх нь чухал. Гэр хороололд байрны айлуудаас дутахааргүй амьдрах боломж байгааг огт яриагүй, ийм ажил ерөөсөө эхлүүлээгүй байсныг л манай аймагт хийсэн. Энэ бол хот хэлбэрт шилжиж байгаагийн ил­рэл. Э.Бат-Үүл дарга л гэхэд гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг Сүхбаатар аймагт очиж үзээд энд ирж хийхээр ажлаа эхлүүлсэн.

-Гэр хороолол их байхын сөрөг тал нь агаар, хөрсний бо­хирдол нэмэгдэх явдал. Үүнийг яаж шийдсэн бэ?

-Дулааныг нэгдсэн байдлаар шийдэж байгаа. Ингэж 200 айлын янданг нэг болгож био түлш хэрэг­лэх боломжтой технологийг сон­госон. Ирэх хавар нэмж 10 сая төгрөгийн үнэтэй төхөөрөмж суу­ри­луулаад л асуудал шийдэгд­чихнэ. Яагаад био түлшийг ирэх жилээс хэрэглэх болж байна гэвэл түлшнийхээ асуудлыг шийдээгүй байсан юм. Үйлдвэрлэлээ 2013 оноос эхлүүлж цаана нь 20-30 өрх ажилтай болох судалгаа байгаа. Харин хөрсний бохирдлын хувьд гэвэл нэгдсэн байдлаар суваг татаж цэвэршүүлэх байгууламжийг барь­сан нь 92-98 хувийн үр дүнг үзүүлж байна.

-Сүхбаатар аймгийн бүтээн байгуулалтын талаар цуврал нэвтрүүлэг явуулж байгаа. Энэ нь сонгуулийн хуулийг зөрчиж цагдаад шалгагдаж байгаа гэлүү?

-"Мөнхчулуун" гэж аавынхаа нэрээр нэрлэж үйл хэргийг нь үргэлжлүүлэхээр байгуулсан сан бий. Энэ сан байгуулагдсан ца­гаасаа хойш улс төрийн үйл ажил­лагааг санхүүжүүлж, улс төрийн үйл ажиллагаанд оролцож бай­сангүй. Аавын маань насаараа ажилласан салбарыг дэмжих, нутаг орноо хөгжүүлэх олон арван төсөлд дэмжлэг болж явдаг. Түүний дотор гэр хорооллыг дэд бүтэц­жүү­лэх ажлын хөрөнгө оруулалтыг "Мөнхчулуун" сан дэмжсэн. Тий­мээс өөр аймагт ч ийм хэлбэрээр гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх боломж байна гэдэг сэдлийг өгө­хөөр Үндэсний телевизтэй хамтарч нэвтрүүлэг хийсэн юм. Гэтэл МАН-ынхан сонгуультай хольж хутгаад цагдаад өгсөн юм болов уу.

-Иргэдийн саналыг татах зо­рилгоор энэ нэвтрүүлгийг явуул­сан юм биш үү?

-Сонгуулийн сурталчилгааны үед Чингэс хааны төрсөн өдөр тохиосон. Тэгэхэд МАН-ын ч тэр, АН-ын ч тэр хүмүүс шагнал авна лээ. Тэд телевизээр ярихдаа на­мынхаа тухай л дурссан. Тэр бүг­дийг хууль зөрчинө гээд телевизээр гаргахгүй байх байсан уу. АН-ын хүн шагнал авлаа. Үүнийг сон­гуулийн сурталчилгаа гэж ойлгох уу. Хэрвээ хүсвэл Монголын ний­гэмд өрнөж байгаа бүхнийг улс төртэй холбож болно ш дээ. Түүн­тэй адилхан холбох гэж оролдсон байна лээ. Түүнээс биш сонгуулиас огт өөр асуудал.

-Иргэд гэнэт өөр сонголт хийж АН-ыг олонхи болгосныг улстөрч хүнийхээ хувьд юу гэж дүгнэж байгаа вэ?

-МАН-ынхан олон жил засаг барьсан. Ингээд он удаан жилээр нэг нам засгийн эрхэнд байхаар ажилтнууд нь ч ажил хийхээсээ залхуурдаг юм байна. Цаашдаа энэ байдал нь удамшиж эхэлсэн. Даргын хүүхэд дарга болж бас л ажил хийлгүй цаг хугацааг нөхцөөж байгаа юм. Тэгээд ч МАН-ынхан дарга хийхээс өөр ажил мэдэхээ больсон. Дарга хүн ажиллана гэдгийг ширээний ард сандал дээр суух гэж ойлгодог болсон учраас ялагдсан. Амнаас нь гардаг ганц үг нь бодлого. Түүнээс биш газар дээр нь очоод асуудлыг шийдэж чаддаггүй. Үүнд нь монголчууд  дургүйцэж шинэ сонголт хийсэн. Одоо монголчууд шинэ хандлага руу давалгаалж байна.

-Ж.Батсуурь Засаг дарга, М.Зоригт гишүүн хоёрыг бүтээн байгуулалт өрнүүлэх нэрээр өөрсдийнхөө бизнесийг цэцэг­лүүлж байна гэсэн шүүмжлэл гарч байсан?

-Ж.Батсуурь дарга яаж байгааг би мэдэхгүй. Харин өөрийгөө байшин бариагүйг баттай мэдэж байна. Сүхбаатарын талбай дээр байшингаа танилцуулж байгаа хүмүүс л Сүхбаатар аймагт ажиллаж байгаа. Яагаад гэвэл тэнд байшин худалдаж авах нөхцөл нь бүрдсэн юм. Ер нь Батсуурь бид хоёрыг газрын дээрэмчин гэж нэрлэдэг. Учир нь бид хоёр зам барихын тулд газрыг чөлөөлж авах шаардлагатай тулгарсан. Гэхдээ газрыг нь булааж аваагүй. Жишиг хорооллын байшингуудаас сонголт хийж орох боломжийг нь өгсөн. Ийм л асуудал.

-Энэ удаагийн орон нутгийн сонгууль харьцангуй тайван, маргаангүй болж өнгөрсөн. Харин Сүхбаатар аймгийн тойрогт МАН-аас нэр дэвшигчид хууль зөрч­сөн гэх мэдээлэл байна?

-Энэ удаагийн сонгуулийн үеэр манайхан өөрийнхөө намыг маг­таж, бусад намаа муулаагүй. Зөв­хөн бидний ажил ийм байна. Одоо үүнийг л хийчихмээр байна гэж ярьж байсан. Гэтэл бусад намаас хөрөнгө мөнгө өгсөн гэх мэдээлэл ирж байна. Эрдэнэца­гаан сумын айлуудын хашаанд хичнээн ч тонн гэв дээ нүүрс буул­гасан сурагтай. Сонгуулийн эцсийн дүн гарахаар энэ асуудал нэг мөр болох биз. Наана нь тодорхойлж ярих бо­ломжгүй.

Л.МӨНХТӨР
Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж