Гишүүн асан Д.Дондогийн хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Гишүүн асан Д.Дондогийн хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох залилангийн хэргийг энэ сарын эхээр шүүхэд шилжүүлнэ гэж Нийслэлийн Прокурорын газраас мэдээлж байсан. Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хянаж байх явцад шинэ нөхцөл байдал үүссэн буюу шинэ хохирогчид “Бид бас энэ хэрэгт хохирсон” гэх гомдол ирүүлсэн тул хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна.

УИХ-ын гишүүн асан Д.Дондонгийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр  буруутгаж буй юм.

Тодруулбал, Д.Дондог нь 2008 оны хоёрдугаар сарын 8-нд өөрийн шадар туслах Г.Сайнбаяртай хамтран “Меридан” гэх компанид орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг авчээ. Энэ мөнгөө тэрээр тухайн жил болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгаандаа ашигласан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн туслах Г.Сайнбаяр өдгөө Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй аж. Энэ хэрэгт мөн А.Батбилэг, Л.Мөнхсайхан, А.Ариунболд, Д.Баасанхүү нарын 10 гаруй хүн холбогдон шалгагдаж байгаа юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж