Барилгын салбарт 60 мянган мэргэжилтэн ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Барилгын салбарт 60 мянган мэргэжилтэн ажиллаж байна

Монгол Улсын барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын тогтолцооны шинэчлэл сэдвийн дор өнөөдөр Төрийн ордонд үндэсний зөвлөгөөн боллоо. Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын барилгачдын холбоо хамтран зохион байгуулсан энэхүү зөвлөгөөнд 300 гаруй төлөөлөгч оролцов.

Барилгын салбар нь бүтээн байгуулалтын томоохон салбарт зүй ёсоор багтдаг ч хөдөлмөр аюулгүйн ажиллагааг чанд мөрдөөгүйгээс эрдэнэт хүний амь эрсдэхэд хүргэж байгаа хамгийн аюултай салбарт тооцогдох болсон. Тиймээс энэ салбарынхан хөдөлмөрийн аюулгүй байдал, удирдлага хяналтын тогтолцоог шинээр нутагшуулахаар зорьж байгаа аж. Энэ салбарын хувьд тулгамдаж байгаа хоёр дахь асуудал нь ажиллах хүчин гэнэ. Барилгын сезон ид “цэцэглэх” үеэр өдрийн 25 мянган төгрөгийн цалинтай, хоол, унааных нь зардлыг даах туслах ажилтан авъя гэхнээ олддоггүй, энэ тохиолдолд барилгын компаниуд цаг хугацаандаа амжиж ажлаа дуусгахын тулд гадаадаас ажиллах хүчин авахаас аргагүйд хүрдэг гээд тоочвол зовлон бас дуулдах. Засгийн газраас ирэх жилүүдэд 100 мянган айл орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байна, мөн нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах ажил ид өрнөнө. Энэ нь ирээдүйд барилгын салбарт мэргэжилтэн боловсон хүчнийг ихээр шаардаж буй аж. Холбогдох газруудын судалгаагаа одоо энэ салбарт 60 мянган мэргэжилтэй боловсон хүчин ажиллаж байна гэх ч энэ тоог нэмэгдүүлэх шаардлага тавигдаж буй ажээ. Хамтарсан Засгийн газрын үед мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд нэлээд анхаарч байсан, энэ талын зохицуулалт одоо ч үргэлжлэх ёстойг салбарынхан онцоллоо. Нөгөө талаас барилгын талбайн инженерүүдийг маш сайн бэлтгэх шаардлагатай байгаагийн зэрэгцээ технологийн шинэчлэлийг Монголд нутагшуулах нь цаг хугацаа хэмнээд зогсохгүй барилга чанартай баригдахад хамгийн их чухал үзүүлэлт болж байгааг оролцогчид тэмдэглэлээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж