Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль улс орон даяар арваннэгдүгээр сарын 21-нд болсон. Гэтэл өдийг хүртэл сонгуулийн албан ёсны нэгдсэн дүнг олон нийтэд танилцуулаагүй байгаа билээ. Гэхдээ Баянзүрх дүүргийн Ардчилсан намын зүгээс хэсгийн хороодод ажилласан ажиглагчдаас ирүүлсэн мэдээллийн дагуу тус дүүрэгт ялалт байгуулж, олонхи болсон гэдгийг зарлаж, нийт сонгогчдод талархал илэрхийлэв. Ажиглагч, намын анхан шатны байгууллагуудаар дамжуулан авсан мэдээллээр Баянзүрх дүүргийн 28 хороонд тус намаас 28 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 26 хороонд АН ялалт байгуулсан гэнэ.
Харин БЗД-ийн тойргийн хорооноос тогтоол ирүүлж, 28 хорооны 18-д нь дахин санал хураалт явуулах болсон тул тус дүүргийн АН-аас ийнхүү мэдээлэл хийхээр болжээ. Энэ хүрээнд тэд зарим асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. Үүнд, 2012 оны УИХ-ын болон НИТХ-ын сонгуулиар тус тойрогт 185510 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 116 мянган сонгогч санал өгснөөр ирц 63 хувьтай байсан гэнэ. Гэтэл дүүргийн ИТХ-ын сонгууль болоход сонгогчдын нэрсийн жагсаалт бүртгэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж, 190076 болсон бөгөөд үүнээс 91 мянган хүн саналаа өгчээ. Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулиас хойш арваннэгдүгээр сар хүртэл таван сарын хугацаанд 4566 сонгогч нэмэгдсэнийг тухайн үед насанд хүрээгүй байсан хүмүүс нэмэгдсэн хэмээн тайлбарласан байна. УИХ-ын сонгуулийн үеэр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 185 мянга гаруй иргэнээс БЗД-т амьдрахаа больсон, амьдардаггүй, мөн хоёр иргэний үнэмлэхтэй, хаягийн зөрчилтэй гээд 20 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Тиймээс 190 мянган сонгогчоос ирцийн хувь тооцох нь үндэслэлгүй хэрэг гэж үзэж буйгаа БЗД-ийн АН-аас мэдэгдлээ.
Мөн тойргийн хорооноос дахин санал хураалтыг ирэх баасан гаригт зохион байгуулахаар болсон. Гэтэл ажлын өдөр учраас ирц дахин хүрэхгүй байх магадлал өндөр. Энэ тохиолдолд 91 мянган хүний санал бус, магадгүй 20-50 мянган хүний саналаар сонгогдсон төлөөлөл хүчин төгөлдөр болох гэж буй нь Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг зөрчиж байна гэж үзжээ. Тиймээс дээрх асуудлаар БЗД-ийн АН-аас Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон байна.