Тус яам нь хууль зүйн салбарт хийх шинэчлэлийг хүний эрхийг хангахад чиглүүлж байгаа аж. Тиймээс эхний ээлжинд хорих байгууллагуудын дотоод журамд өөрчлөлт оруулахаар санал боловсруулсан байна. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд цагдаагийн байгууллагаас иргэдэд үйлчлэх гурван төвийг байгуулсан бол хуулийн төслүүдэд иргэд, олон нийт, хуульч судлаачдын саналыг авах зорилгоор “Хуульчдын танхим”-ыг нээжээ. Уг танхим нээгдсэнээр хуульч, судлаачид тодорхой хуулийн төсөлтэй холбоотойгоор хэлэлцүүлэг өрнүүлдэг болсон байна.
Түүнчлэн агентлагуудын төвшинд энэ хугацаанд багагүй ажил хийгдсэний нэг нь гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллагын зарим ажил үйлчилгээ, хангалтын жишиг нормативыг баталжээ. Ингэснээр нийслэлд 100 мянган хүн тутамд дүүргийн Цагдаагийн хэлтэс, 50 мянган хүн тутамд дүүргийн Цагдаагийн хэлтсийн харьяа цагдаагийн тасаг, 4000 хүн ам тутамд хэсгийн байцаагч, 15 мянган хүн тутамд хоёроос доошгүй хэв журмын эргүүл ажиллахаар болжээ.
Олон улсын байгууллагатай хамтран ажиллах хүрээнд БНСУ-ын КОИКА-тай Гадаад иргэн харьяатын асуудал эрхлэх газар “Цахим шалган өнгөрүүлэх систем сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг төсөл ирэх оноос эхлэн хэрэгжинэ, ингэснээр хилийн 30 гаруй боомтын техник хангамжийг сайжруулах, хилийн шалганы үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж иргэдэд шуурхай үйлчлэх боломжийг нээх аж. Хэвлэлийн бага хуралд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Бодлогын газрын дарга О.Алтангэрэл болон бусад холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцлоо.