
Харин энэ талаар,
-Шүүх хуралдаанаар Увс аймгийн тойргийн хорооны зургадугаар сарын 27-ны тогтоолыг хүчингүй болгосон гэсэн үнэн үү гэсэн асуултад,
Увс аймгийн Захиргааны хэргийн шүүгч н.Бадамсүрэн,
-Тийм. Энэ тогтоолын нэг дэх хэсгийг хүчингүй болгосон гэх хариултыг өгчээ. Хоёр өөр тайлбар байгаа биз. Тэгвэл Увс аймгийн тойргийн хороо зургадугаар сарын 27-нд гаргасан тогтоолын нэг дэх хэсгийг харах хэрэгтэй болно.

Энэхүү протоколоос харвал нэг дэх хэсэгт УИХ-ын 15 тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.15.1/сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах/, 35.15.18/ 35.18.10.сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгох/дахь заалтуудыг зөрчөөгүй гэж тойргийн хороо шийдвэрлэж. Харин шүүх энэхүү тогтоолын нэг дэх хэсгийн нь авч хэлэлцээд хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн хууль зөрчжээ гэсэн шийдвэрийг гаргажээ. Бүр нарийндаа сонгуулийн хуулийг зөрчиж мөнгө тараагаагүй байна гэсэн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь мөнгө тараасныг нотолсон гэсэн үг.
Харин Ч.Хүрэлбаатар гишүүний яриад байгаа нэрсийн жагсаалтаас хасах, мандатыг нь хүчингүй болгох тухай гомдлыг өөрийн шийдвэрлэх асуудал биш, СЕХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудал гээд орхиж. Ийм л юм болж. Гэхдээ шүүхийн шийдвэр албан ёсоор гараагүй, нэхэмжлэгч, хариуцагч этгээдүүдэд ирээгүй байгаа учраас өөр өөрийнхөөр тайлбарлаж буй бололтой.
Ер нь урьд өмнө нь Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар сонгуулийн хууль зөрчсөнтэй холбоотой ямар ч хэрэг байхгүй гэж мэдэгдэл хийж байсан. Нийслэлийн проурорын орлогч Е.Сагсай “Өвөрхангайн аравдугаар тойрогт нэр дэвшигч Н.Төмөрхүү, Увсын 15 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Орхоны 20 дугаар тойрогт нэр дэвшигч О.Содбилэг нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэж хэлчихээд байхад хүртэл шүү. Үнэндээ Увсад болсон сонгуультай холбоотойгоор гурван ч хэрэг шүүхэд шилжээд явж байна. Эхэнд дурдсан Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн хэргээс гадна Баянгол дүүрэгт хоёр ч хэрэг шилжсэн.
Эхнийх нь, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, УИХ-ын референт байхдаа сонгуулийн сурталчилгаанд оролцож, мөнгө тараасан бичлэг нь интернэтэд тавигдсанаас болоод ажлаасаа халагдсан Ш.Чинбат нарын хэрэг. Энэ хэргийг шүүх хурал өнгөрсөн 23-нд БГД-ийн Шүүхэд болох байсан ч өмгөөлөгчид нь Увсад болсон шүүх хуралд оролцож байсан учраас арванхоёрдугаар сарын 10 хүртэл хойшилсон. Тэднийг сонгогчдод мөнгө тараасан, оюутнуудыг авч зугтсан гэх хэрэгт буруутган Тагнуулын ерөнхий газарт мөрдөн шалгасан юм.
Харин дараагийнх нь маргааш БГД-ийн шүүхэд 08.00 цагт болох Увс аймгийн МАН-ын дэд дарга Н.Жамсран нарын гурван хүнд холбогдох Тариалан сумын иргэдэд мөнгө тараасан хэрэг. Тараасан мөнгийг нь Тариалан сумын иргэд авчраад саналыг нь худалдаж авахыг санаархсан талаар гомдол гарган тойргийн хороонд өгчихөөд байхад хууль зөрчөөгүй гэсэн тогтоол гаргасан болохоор гомдол гаргагчид хууль хяналтын байгууллагад хандсан хэрэг. Хэрэв албан тушаалтан хууль бус шийдвэр гаргасан бол харьяаллын дагуу Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ. Харин саналыг нь худалдаж авах зорилгоор мөнгө тараавал огт өөр хэрэг болно. Тиймээс Эрүүгийн хуулийн 130.2-т зааснаар “Энэ хэргийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, хуурч мэхлэх, эд мөнгөөр татах, санал худалдаж авах зэрэг аргаар үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэсний дагуу ялын дүгнэлт үйлджээ.
Тиймээс л энэ хэргүүдийг харьяаллын дагуу хоёр салган, хоёр өөр шүүхээр шийдвэрлэж байна гэсэн үг.
Энэ төрлийн хэргийг шинэ сонгуулийн хуулиар ТЕГ-ын харьяалалд шилжүүлсэн болохоор шалгаж дуусаад прокурорт шилжүүлэн, прокурор ялын дүгнэлт үйлдээд БГД-ийн шүүхэд шилжүүлжээ.
Иймэрхүү л байдалтай маргаан үргэлжилж байна. Тухайн нэр дэвшигчидтэй холбоотой хууль бус үйлдлийн талаар Увс аймгийн иргэн Ерөнхийлөгчид хүртэл захиа илгээж байсан. Гэхдээ энэ удаад зөвхөн шүүхийн хүрээнд ямар асуудал байгааг л хүргэхийг хичээлээ.