Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

“…Анхны хайр хүчтэй

Анхны дурлал ариухан
Хар нүдэн охин минь…” гэх сайхан үгтэй дууг сүүлийн үед залуус гар утсандаа татах болжээ. Багшийн мэргэжил дээшлүүлэх инстутийн хөгжим урлаг, гоо зүйн боловсрол хариуцсан арга зүйч, хөгжмийн зохиолч С.Батболд үг, аяыг нь зохиосон энэ дууны төрсөн түүх их сонин. Учир нь тэрбээр хориод жилийн өмнө “Хүүхдийн ордон”-д багшилж байсан бөгөөд тэр үед Драмын жүжгийн дугуйлангийн хүүхдүүдийн тоглохоор бэлдэж байсан “Найзууд аа, би яах вэ” жүжгийн  найруулагч Ц.Мандах түүнд “Энэ жүжигт дуу хэрэгтэй байна. Хүүхэд насны анхны хайрыг харуулсан тийм дуу өгүүлэгдээд байх шиг” гэснээр түүнийг төгөлдөр хуурын ард суулгаж дөнгөсөн гэдэг. Тухайн үед Ц.Мандах энэ жүжгээрээ дипломын ажил хийж байсан бөгөөд хүүхдийн дуунд хорхойсчихсон түүнийг эл бүтээл нь хайрын дуу руу урвуулж чадсанаараа бас л сонин.

Энэ тухай С.Батболдын дурсамж яриаг сийрүүлбэл, “Тухайн үед би Мандахад хандан “Болчихсон шүү” гээд үг, аяыг нь сонсгосон. Гэтэл тэр “Энэ дууг Бүжгийн дугуйлангийн сурагч Балдандоржоор дуулуул” гэж билээ. Тэр хүү үнэхээр авьяастай байсан. Яг тэр жүжиг тайзан дээр амилж, жүжгийн дууг дуулахад танхимд байсан хүүхдүүд маш сайхнаар хүлээн авч, алга ташилтаар мялааж байлаа. Ингээд л энэ дуу тэр даруй залуучуудын дунд дэлгэрч, дурлал хайрын захиа, дурсамжийн дэвтрийн нүүрийг чимж эхэлсэн. Одоогоор бол хит болсон гэх үү дээ. Одоо эргээд санахад сонин байдаг юм. Тухайн үед “Найзууд аа, би яах вэ” жүжгийн гол дүрд Драмын театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, Гавьяат жүжигчин Л.Баттулга буюу Аглуу, ДОЗ интертайнментийн захирал Ш.Доржсүрэн нар тоглож байсан юм билээ” хэмээсэн.

Дуу зохиогчийн өгүүлснээр энэ дууг хоёр удаа “мэндэлсэн” гэж хэлж болох ажээ. Учир нь Оюуны өмчийн газрын орлогч даргаар ажиллаж байсан С.Гантөмөр агсан түүнийг өрөөндөө урьж эл жүжгийг кино болгох хүсэлтэй явдгаа хэлээд “Энэ киног таны дууны шүлгээр нэрлье” гэснээр UBS телевизээс зохион байгуулдаг “Universe best songs” тэмцээний шилдэг оролцогчдын нэг Өнөдэлгэрээр дуулуулжээ. Ингэж 21 жилийн өмнө хүүхдийн дууны зохиолчийг хайрын дуунд урвуулсан “Найзууд аа, би яах вэ”  жүжгийн дуу “Анхны хайр” киноны дуу болсноор хоёр дахиа мэндэлсэн түүхтэй юм.

Г.ГАНБОЛД

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж