“Шинжилгээний хариугаа авахаар БНСУ руу явна”

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

“Шинжилгээний хариугаа авахаар БНСУ руу явна”

Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдийн хоёроос нь сэргээшийн төрлийн бэлдмэл илэрснийг манайд албан ёсоор мэдээлсэн. Сэргээш хэрэглэсэн хоёр бөхөөр улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал нар тодорсон нь  шуугиан тариад буй. Албаны эх сурвалжийн хэлснээр өнгөрсөн наймдугаар сарын 23-нд “А” шинжилгээний хариу албан бичгээр ирсэн. Харин давтан хийлгэсэн “Б” сорьцийн шинжилгээний хариу “А” сорьцийн шинжилгээний хариутай ижил гарсан. Ийнхүү ид хаваа гайхуулан барилдаж яваа хоёр бөхийн нэр төрд сэв суусан билээ. Харин Х.Мөнхбаатар шинжилгээнийхээ хариуг авчрахаар энэ долоо хоногт БНСУ-ыг зорих гэж байгаа гэнэ. Түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Таныг БНСУ руу явах гэж байгаа гэнэ. Энэ үнэн үү?

-Миний өөрийн зардлаар явж өгсөн шинжилгээний хариуг “Одоо болтол ирээгүй” гээд байна. Аргаа барахдаа дахиад явах гэж байна. Хамгийн гол нь Сэргээшийн эсрэг төвийн яг лобарторитой нь харьцдаг Баттулга гээд хүүхэн байгаа. Тэр бүх нарийн учрыг нь мэдэх ёстой юм. Тэгээд тэр хүнтэй уулзах гэхээр ажилдаа ирдэггүй. Утсаар ярихаар “Би завгүй байна. Ээжийн бие муу байна” гээд шалтаг, тайлбар тоочоод заримдаа бүр утас нь холбогдохгүй байна.

-Сэргээш хэрэглэсэн гэх асуудлын маргаан хэзээ эцэслэн шийдэгдэх вэ?

-Яах вэ дээ. Би чинь Чилийсэн палийсан гэдэг эмнийхээ шинжилгээг  “Сонгдо” эмнэлэгт өгсөн шүү дээ. Гэтэл тэр шинжилгээний хариуг хүчингүйд тооцоод хүлээж аваагүй юм. Уг нь тэр шинжилгээний хариуг албан ёсоор ирсний дараа олон түмэнд зарлах ёстой байсан байх. Би өөрийн зардлаар Солонгос руу явж, өгдөг газар нь өгөөд ирсэн. Гэтэл хариу нь одоо болтол ирээгүй байх юм. Уг нь би тэр тусгай лабораторийн мэргэжилтэнтэй нь уулзсан. Гэтэл “Манайх хувь хүнтэй харилцдаг байгууллага биш ээ. Та холбогдох байгууллагаар дамжуулж шинжилгээнийхээ хариуг аваарай. Хариу удахгүй гараад мэдээллийг нь танайх руу явуулчихна” гэж хэлсэн.Тэгээд л би бүтэн хоёр сар харлаа ямар ч чимээ байхгүй шүү. Уг нь бараг ирсэн байх. Надад нуугаад хэлэхгүй байна уу гэсэн хар төрөөд байна.

-МҮБХ-ны тэргүүн та хоёрын маргаан юу болж байна?

-Намайг “Шүүхэд өгнө” гэсэн, өөрийг нь АТГ  шалгана  л  гэсэн юу болж байгаа юм бүү мэд. Ямар дахиж уулзсан биш. Би харин шинжилгээнийхээ хариуг ирсний дараа хэвлэлийн бага хурал хийлгэнэ.

МҮБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтбаатараас шинжилгээний хариу ирсэн эсэхийг тодруулахад  “Шинжилгээний хариу албан ёсоор ирээд та бүхэнд танилцуулсан биз дээ. Одоо ямар шинжилгээний хариу ирэх юм. Би мэдэхгүй юм байна” гэв.

Харин Сэргээшийн эсрэг төвийн мэргэжилтэн Баттулгаас давтан шинжилгээний хариу ирсэн эсэх талаар тодруулахад “Шинжилгээний хариу ирээгүй байгаа. Тэгээд ч манайх мэдээлэл өгдөг газар биш. МҮБХ энэ талаар чинь мэднэ. Тэндээс асуусан нь дээр” гэв.

О.САЙХАНЦЭЦЭГ

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж