Логистикоор дамжуулан инфляцийг дарах боломж бий

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Логистикоор дамжуулан инфляцийг дарах боломж бий

Логистик хэмээх нэр томьёог сонссон олон хүн ч яг юу гэсэн үг болохыг тэр бүр мэддэггүй. Гэтэл энэ үгийн цаана маш өргөн ойлголт байдаг. Манайд логистикийн салбарын хөгжил удаашралтай байгаагаас бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, энгийн иргэдийн өдөр тутмын амьдралд ч томоохон дарамт бий болоод байгаа билээ. Тиймээс Монголын логистикийн системийг хөгжүүлэх гарц хайх, дэлхийн жишиг ямархуу байдаг талаар мэдлэг мэдээлэлтэй болохоор энэ салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа ажилтан албан хаагчид сургалтад хамрагдаж эхэллээ. Сургалтыг Монголын логистикийн холбоо, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран логистикийн салбарын өнөөгийн болон ирээдүйн хөгжил, тээврийн логистик, логистикийн систем сэдвээр зохион байгуулж байна. Дээрх хоёр байгууллага өнгөрсөн онд хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэ хүрээнд хийж байгаа анхны сургалт нь энэ юм байна. Сургалт таван өдөр үргэлжлэх аж.

Юун түрүүнд Монголын логистикийн холбооны ерөн­хийлөгч М.Мөнхболдоор “Тээврийн логистик” гэдэг үгийн учрыг уншигчдадаа энгийн ойлгомжтойгоор тайл­барлуулснаа хүргэе. “Тээврийн логистик гэдэг нь хэн нэгэн хүн Германаас ямар нэгэн бараа бүтээгдэхүүн худалдаж авахаар захиаллаа гэж бодъё. Тухайн бүтээгдэхүүнийг тухайн үйлдвэрлэгч компаниас автомашинаар тээвэрлээд, төмөр замд ачаад, төмөр замаас далайн боомт орно. Тэндээс Тяньжин, Тяньжинаас төмөр замаар тээвэр­лэгдээд Улаанбаатарт ирээд, Улаанбаатараас автотээврээр тэр хүний үйлдвэр, дэлгүүрт ирэх болно. Үүнийг тээвэр зууч зохион байгуулдаг бөгөөд энэ процессыг тээврийн ойлголтоор холимог тээвэр гэж нэрлэдэг. Тээврийн логистикийн амин сүнс нь холимог тээврийн ойлголт юм. Мөн терминал, логистик төвийн асуудал багтдаг. Энэ нь тухайн ачааг нэг тээврийн хэрэгслээс нөгөөд ачих процессыг хэлдэг. Холимог тээврийн системийн удирдлагыг тээврийн логистик гэж нэрлээд байгаа юм”  хэмээв.

Ингээд тайлбарлахаар хэнд ч ойлгомжтой байгаа биз. Гэтэл ойлгоход ч, хийхэд ч амархан мэт энэ зүйлийг монголчууд өөрсдөө зөв зохицуулж чадахгүй байгаагаас манай зах зээлд бүхий л зүйлийн үнэ хөөрөгдсөөр байна. Адаг сүүлд нь үүнээс үүдэлтэй дарамт иргэдийн нуруун дээр хүнд ачаа болон хүрдэг. Тиймээс логистикоор дамжуулан бараа бүтээгдэхүүний үнийг хямдруулах нь нэн тулгамдсан асуудал болох нь мэдээж. Тиймдээ ч шинэ Засгийн газар үнийг тогтворжуулах, инфляцийг бууруулах талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тодруулбал, инфляцийг найман хувьд барина, үнийг хэт өсөлтөөс сэргийлнэ гээд маш тодорхой заасан. Гэхдээ төр бүгдийг хийж чадахгүй. Яагаад гэвэл төр түүнийг гардан хийдэг байгууллага нь ч биш гэж хувийн хэвшлийнхэн үздэг. Тэдний үзэж буйгаар төр, хувийн хэвшил хамтарч байж бараа бүтээгдэхүүний үнийг бууруулж, тогтворжуулна.

Харин германчууд манай логистикийн системийг бага хэмжээгээр ч гэсэн хөгжиж байна, цаашид хөгжүүлэх бүрэн боломж бололцоо байгаа гэж дүгнэж байна билээ. Мөн хөгжүүлэх талаар ярихдаа зөвхөн нэг хэсэг асуудлыг бус, цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэйг зөвлөлөө. Ингэж чадвал инфляциас бүрэн ангижрах боломж байгааг ч дуулгаж байв.

Харин манай мэргэжилт­нүүдийн хувьд логистикийн хөгжилд мөнгө биш. Зөв зохицуулалт, эрхзүйн орчны шинэчлэл үгүйлэгдэж байгааг онцоллоо. Харин үнийн хөөсрөлтийг логистикоор дамжуулан хэрхэн дарах тал дээр дараах байр суурьтай байсан юм. Жишээ болгон барилгын салбарыг онцолсон юм. “Өнөөгийн нөхцөлд барилгын салбар инфляцийг өсгөх нэг том мотор болчихоод байгаа шүү дээ. Тиймээс барилгын салбарт тээврийн логистик болон түүний арга зүйг ашигласнаар орон сууцны үнийг бууруулах бололцоотой. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын ойролцоо зөв газар нь барилгын логистикийн төв байгуулан тухайн жилийн хэрэгцээний барилгын материалаа цуглуулж татаж авах шаардлагатай байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд төрийн мэдлийн агуулах байх ёстой. Тиймээс ийм агуулахыг бид бий болгох нь нэн шаардлагатай байна. Төр тэнд инфляцид нөлөөлөөд байгаа бараа бүтээгдэхүүнийг хямд байхад нь татаж авч төвлөрүүлээд, эрэлт хэрэгцээ өссөн үед түүнийгээ нийлүүлснээр үнийг тогтворжуулж болохоор байгаа байгаа юм. Энэ бол явж явж үндсэн арга нь” гэсэн юм.

Дэлхийн 155 улсыг хамруулсан логистикийн хөгжлийг тодор­хойлох судалгаанд манай улс 140 дүгээрт бичигдсэн бол уг жагсаалтыг Герман тэргүүлжээ. Тиймээс логистикийн хөгжлөө хурдасгахын тулд Германаас туршлага судлахыг зорьсон талаар Монголын логистикийн холбооны удирдлагууд хэлж байсан. Харин туршлагатай германчууд тээврийн логистикийг хөгжүүлэхийн тулд төлөвлөгөө, бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол, шуурхай байдал, стандартын чингэлэг зэргийг нэн түрүүнд чухалчлах ёстойг зөвлөж байв.

О.СҮЛД

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж