.Жаргалсайхан “De Facto” нэвтрүүлэгтээ Европын сэргээн босголт хөгжлийн банкны Турк, Зүүн Европ, Кавказ, Төв Ази хариуцсан захирал Оливер Дэскампсыг урьж ярилцсан юм.
-Оройн мэнд. Та өмнө нь Монгол Улсад олон удаа ирж байв уу. Энэ удаа ямар ажлаар ирэв дээ?
-Би өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Монгол Улстай холбоотой ажиллалаа. Энэ жил хоёр дахь удаагаа Монголд ирлээ. Маш тодорхой зорилготой. Монгол Улс шинэ Засгийн газартай болсон. Шинэ мөрийн хөтөлбөр хэрэгжинэ. Тийм ч учраас ойрын хэдэн жилийн хугацаанд Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааны стратегийг тодорхойлох, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор ирлээ.
-Танай банк болон Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааны стратегийг ярилцахаас өмнө Европын сэргээн босголт хөгжлийн банкны тухай үзэгчдэд танилцуулаач?
-ЕСБХБ (European Bank for Reconstruction and Development буюу EBRD) бол олон улсын санхүүгийн байгууллага. 1991 онд байгуулагдсан. Берлиний хана нуран унаснаар хуучин коммунист дэглэмтэй улс орнуудын өмнө том сорилтууд тулгарсан. Манай банкны хувь эзэмшигчид нь голдуу европчууд боловч Их наймын бүлгийн улсууд Япон, Өмнөд Солонгос, АНУ ч гэсэн хувь эзэмшдэг. Зүүн болон Төв Европын улс орнуудын хувьд маш эгзэгтэй цаг үе байлаа.
-Дэлхийн банк ч гэсэн хүн төрөлхтөнд асар их сүйрэл гамшиг авчирсан Дэлхийн II дайны дараа байгуулагдсан түүхтэй. Хүнд хэцүү сорилттой тулгарсан улс орнуудад туслах зорилгоор бусад улс орнууд нь нэгдсэн гэж ойлголоо.
-Европ тивийг хамарсан хувьсгал буюу том өөрчлөлтүүд болсон. Манай банк тивийн улс орнуудыг нэгтгэх, зах зээлийн эдийн засаг ба ардчиллыг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Манай банк өөрчлөлт шинэчлэлтийн төлөө мөнгө зарцуулж, эрсдэл хүлээж байсан. Хувийн секторыг хөгжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан.
-ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнуудад танай банкны дэмжлэг туслалцаа нэн чухал байсан. Эдгээр улс орноос гадна Монгол Улсад хувийн сектор гэж байсангүй. Энэ банк байгуулагдсанаас хойш 20 жилийн хугацаа өнгөрчээ. Анх Франсуа Миттераны санаачилгаар байгуулагдсан.
-Тийм. Коль, хатагтай Тэтчер, Ерөнхийлөгч Миттеран нар санаачилсан.
-Түүхэн хүмүүсийн нэр байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тавьсан зорилгодоо хүрч чадсан уу?
-Манай хувь эзэмшигчид, үйлчлүүлэгчид илүү сайн дүгнэх биз. Манай банк үүсгэн байгуулагдсанаасаа хойш бүс нутаг дахь хамгийн том хөрөнгө оруулагч болсон. Өнгөрсөн хугацаанд бараг 50 тэрбум евро буюу 65 тэрбум долларын хөрөнгө оруулжээ. Хандивлагч, хөрөнгө оруулагчдыг дэмжих замаар их хэмжээний хөрөнгө дайчилж чадсан. Бүс нутгийн бүх улс оронтой хамтран ажилласан. Бизнесийн өсөлтийн загварыг сурталчлах замаар хувийн секторыг хөгжүүлэх үйлсэд тусалсан. Монгол Улс ч гэсэн манай банктай хамтран ажилладаг.
-Монгол Улс бол ЕСБХБ-ны гишүүн. Гэтэл Монгол Улс бол Европ тивийн улс биш. Ямар учраас Монгол улстай харилцах болсон бэ?
-Бидний гол анхаарал зүүн болон төв Европ руу чиглэдэг. Монгол Улс газар зүйн хувьд энэ бүс нутагт хамаардаггүй ч 2001 онд Монгол ЕСБХБ-нд элсэх хүсэлт гаргасан. Харамсалтай нь Монгол Улсын хүсэлтийг 5-6 жилийн турш хэлэлцсэн. Учир нь газар зүйн хувьд өргөжүүлэх асуудлыг банкны хувь эзэмшигч 61 улсын Засгийн газар буюу парламент дэмжсэн байх ёстой. Улмаар 2006 онд шийдвэр гарч Монгол Улсад хөрөнгө оруулж эхэлсэн.
-Би тухайн үед Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хороонд ажиллаж байсан. ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнууд танай банктай хамтран ажиллаж, тусламж дэмжлэг авч байсан туршлагатай. Тийм ч учраас Монгол Улстай хамтран ажиллах болсонд хувь хүний хувьд баяртай байдаг.
-Хувийн сектор дахь хамгийн том хөрөнгө оруулагч. Монгол Улсад 900 сая доллар буюу бараг 1 тэрбум долларын хөрөнгө оруулжээ. 50 гаруй төсөл хэрэгжүүлсэн. Бусад эх үүсвэрээс 1,5 тэрбум доллар дайчилсан. Хувийн секторт 100 хувь хөрөнгө оруулснаас гадна хөрөнгө оруулсан компаниудын 95 гаруй хувь нь Монголын компаниуд байна.
-ЕСБХБ гол анхаарлаа хувийн секторт хандуулдаг. Тодорхой шалгууртай биз. Зээл хүссэн хувийн компани болгонд зээл олгодогүй байх. Дотоодын санхүүгийн зах зээлтэй харьцуулахад танай банкны зээл хүү багатай.
-Манай банк төсөл санхүүжүүлдэг. Мэдээж хэрэг зээл хүсэгчдэд хэд хэдэн шалгуур тавьдаг. Бизнес нь хэрэгжих боломжтой, сайн удирдлагатай байх ёстой. Санхүүгийн ил тод байдал, хүрээлэн буй орчны стандарт зэрэг хамгийн сайн туршлагуудыг хэрэгжүүлдэг байх ёстой. Хүмүүсийн итгэлийг хүлээсэн сайн бизнес эрхлэгчид удирддаг байх ёстой. Төсөл хөтөлбөрт зориулан урт хугацааны зээл олгохоос гадна тухайн байгууллагуудын хүчин чадавхийг бэхжүүлэх зорилгоор техникийн тусламж, ноу-хау нэвтрүүлдэг.
-Энэ бол гадаадын шууд хөрөнгө оруулалтын ашиг тус гэж бодож байна. Манай улсын хувийн секторт нэг тэрбум долларын хөрөнгө оруулсан гэдэг бол маш том үзүүлэлт. Монгол Улсад амжилттай хэрэгжүүлсэн төслөөс танилцуулаач?
-Аль нэг төслийг онцлох хэцүү байна. Бид төсөл бүрээр бахархдаг. Салхины ферм байгуулах төсөлд бид анх хөрөнгө оруулсан. Бид цэвэр нүүрсний төслийг дэмжиж хөрөнгө оруулснаас гадна “Энержи Ресурс” зэрэг том компаниудын хувийг эзэмшдэг. Өнөөдөр өглөө цахилгаан барааны худалдаа эрхэлдэг BSB компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
-BSB монгол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Танай банктай хамтран ажилласнаар ямар төсөл хэрэгжүүлэх вэ?
-Тус компани 20 жилийн түүхтэй. Үйл ажиллагаа, хүчин чадлыг өргөжүүлэх, шинэ дэлгүүр нээх зорилгоор зээл авсан. Бизнесийн загвараа хүчирхэгжүүлэх зорилготой.
-Магадгүй энэ компани хөрөнгийн биржид байрших зорилготой юу?
-Компанийн эзэмшигчид нь шийднэ. Мэдээж хэрэг тодорхой хугацааны дараа буюу хүчин чадал нь нэмэгдсэний дараа шүү дээ. Бид голдуу урт хугацааны зээл олгодог. Гэвч манай хөрөнгө оруулалтын тавны нэг хувь нь хувь эзэмших хэлбэрээр оруулсан хөрөнгө.
-Зөвхөн зээл олгодоггүй. Бас хувь эзэмшдэг юм байна…
-Хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, өсөн дэвжиж буй компани зөвхөн зээлд найдах нь учир дутагдалтай. Хоёрдугаарт, тухайн компанитай хамтран ажилласнаар корпорацийн засаглалыг бэхжүүлэх зэрэг хамгийн сайн туршлагуудыг санал болгодог. Бид зөвхөн жижиг хувь эзэмшигч хэлбэрээр ажилладаг. Компанийн удирдлагууд бизнесээ өргөжүүлэхийг хүсвэл өөр түнш, банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой. Бид бусад хөрөнгө оруулагчтай хамтран ажиллахыг эрмэлздэг.
-Зөвхөн санхүүжүүлэхээс гадна ноу-хау нэвтрүүлдэг юм байна. Технологи нийлүүлдэг үү, зөвлөгөө өгдөг үү, ямар хэлбэрээр тусалдаг вэ?
-Тогтвортой бизнес гэдэг бол түр хугацааны ашиг биш удаан хугацааны тогтвортой үйл ажиллагааг хэлдэг. Тийм ч учраас бид компанийн эзэд, удирдлагуудыг санхүүгийн зах зээл, бизнесийн бүх төрлийн мэдээллээр хангаж удаан хугацаанд үр ашигтай хамтран ажиллахыг хүсдэг.
-Та банк санхүүгийн салбарт олон жил ажиллаж, олон хүнтэй харилцаж байсан. Банкны бизнес эрхэлдэг хүний хамгийн гол чанар юу байх ёстой вэ?
-Би энэ салбарт 30 гаруй жил ажиллажээ. Бразил улсаас ажлын гараагаа эхэлж, дараа нь Нью-Йорк, Лондон хотод ажилласан. Харин 20 жилийн өмнө ЕСБХБ-нд орсон. Аливаа төслийн үр ашгийг үнэлэх, сахилга баттай байх нь хамгийн гол чанар. Би өөрийн амьдралын 50 хувийг банкинд зарцуулжээ. Бидний үйл ажиллагаа шинэ орчин, шинэ дүрэм бий болгодог. Удаан хугацааны тууштай хүчин зүтгэлийн үр дүнд сайн банк нь нийтийн байгууллагуудад ч үлгэр дуурайл үзүүлдэг, нэр хүндтэй санхүүгийн байгууллага болдог. Банкны бизнес эрхэлдэг хүн тэвчээртэй, хүлээцтэй, тууштай байх ёстой. Учир нь бизнесийн үр дүн заримдаа удаан хугацааны дараа гардаг.
-Бүх зүйл хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг юм байна. Банк бол гадаад хүчин зүйлсээс хамаардаг бизнес.
-Тийм. ЕСБХБ шиг олон улсын санхүүгийн байгууллагын хувьд нийтлэг шинж. Манай банк ААА зэрэглэлтэй. Ашигтай ажилладаг учраас татвар төлөгчдөөс мөнгө гуйдаггүй. Мэдээж хэрэг өнгөрсөн хугацаанд сайн, муу олон зүйл тохиолдож байлаа. Учир нь санхүүгийн зах зээл олон мөчлөгтэй. Зах зээлийн нөхцөл байдалд тохируулан бизнесийн загвараа өөрчлөх, дахин шинэчлэх шаардлагатай байдаг.
-Танай банк Европын холбоо буюу баруун Европын улс орнуудад үйл ажиллагаа явуулдаггүй. Гэвч танай банк Европын нөхцөл байдалтай шууд хамааралтай. Та еврогийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-Энэ тухай хүн бүр ярьж байна. Евро бүс, Европ хямралд орсон гэдэг нь тодорхой. Нэлээд хэцүү асуудалтай тулгарсан. Гэвч энэ хямралыг шийдвэрлэх гэж оролдож байна. Үр дүнд хүрнэ гэдэгт ч итгэж байна. Энэ хямрал манай банктай хамтран ажилладаг улс орнуудад ч гэсэн нөлөөлж болох учраас бид аль болох хамгаалах, сэргийлэх бодлого хэрэгжүүлдэг. Хэдийгээр Зүүн Европын улс орнуудад Евро бүсийн улс орнууд шиг бэрхшээл тохиолдоогүй ч гэсэн Хятад зэрэг өсч буй эдийн засагтай улс орнуудад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор гадаад хүчин зүйлсийн нөлөөнд автаж болно. Капиталын урсгал, гадаадын шууд хөрөнгө оруулалт бол аль нэг бүс нутгаар хязгаарлагддаг ойлголт биш.
-Евро бүсийн улс орнуудыг цөөлөх нь зүйтэй гэдэгтэй та санал нийлэх үү. Хямралыг даван туулах чадвартай цөөн тооны улс орнуудыг үлдээсэн нь Евро бүсийн ирээдүйд хэрэгтэй.
-Тэгж найдаж байна.
-Монгол Улсын тухай дахин ярилцъя. Манай улсад зөвхөн банкны салбарын тухай ярьдаг. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй байна. Монгол Улс шиг жижиг улс хэзээ дэлхийн түвшний санхүүгийн зах зээлтэй болох вэ?
-Монголын дотоод хөрөнгийн зах зээлийн тухай ярих эрт байна. Монголын банк, бичил санхүүгийн байгууллагууд зөв зам руу орохын өмнө явж байна. Учир нь Монголын банк, санхүүгийн байгууллагуудын хүчин чадал Монголын нийт эдийн засгийг тэтгэж чадахгүй. Харьцангуй жижигхэн байна. Монголын банкнуудын хөрөнгө, капиталын хэмжээ нь харьцангуй бага. Уул уурхайн салбарын ачаар Монголын эдийн засаг өсч байгаа боловч санхүүгийн хүчин чадал дутагдалтай. Тийм ч учраас банкны салбарын зохицуулалт, эрсдэлийн удирдлагыг сайжруулах шаардлагатай. Мөн хувийн салбарт тулгуурласан дэд бүтцийн төсөлд хөрөнгө оруулах хэрэгтэй. Мэдээж хэрэг гадаадын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгож асуудлыг шийдэж болно. Хамгийн гол нь Монголын банк санхүүгийн байгууллагуудын хүчин чадал бэхэжсэн цагт дотоодын хөрөнгийн зах зээлийн тухай ярих боломжтой. Одоо энэ тухай ярих эрт байна.
-Банкны салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай ярилаа. Гадаадын арилжааны банкуудыг Монголын зах зээлд оруулж ирэх тухай санааг та дэмжих үү. Энэ талаар юу гэж бодож байна вэ?
-Банкны өмчлөлтэй холбоотой маргаан гардаг. Хамгийн гол нь өрсөлдөөн, шилдэг туршлага, капитал гэдэг ойлголт. Эдгээр ойлголтыг аж үйлдвэр, дэд бүтэц, санхүүгийн зах зээлд хэрэгжүүлэх боломжтой. Өнөөдөр Монголын санхүүгийн сектор зөвхөн дотоодын шинж чанартай байна. Мэдээж хэрэг дотоодын зах зээлийг гадаад зах зээлээр солих шаардлагатай. Тэнцвэрийг хангах нь чухал.
-Шинэ Засгийн газар байгуулагдсан цаг үед та айлчиллаа. Энэ Засгийн газар энэ бүрэлдэхүүнээрээ дөрвөн жил ажиллана гэдэгт итгэж байна. Засгийн газар юунд онцгой анхаарах ёстой вэ?
-Хоёр зүйл байна. Нэгдүгээрт, санхүүгийн тогтвортой байдал. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах тоглоомын дүрэм нь хүчтэй байх ёстой. Уул уурхайн салбарын баялгийг захиран зарцуулах эрхтэй байгууллага, институтын үйл ажиллагаа нээлттэй, ил тод, менежментийн сахилга батыг хангасан байх нь чухал.
-Ирэх дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн хөдөлгөгч хүч уул уурхай байна…
-Ямар ч эргэлзээгүй. Уул уурхайн салбарын орлого эдийн засгийг өсгөхөөс гадна ард түмэнд хүртэх ёстой. Эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд институт нь хүчирхэг байх ёстой. Хүчтэй институтууд, макро эдийн засгийн үр ашигтай бодлогын үр дүнд уул уурхайн салбарын орлогыг төвлөрүүлэхээс гадна эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр ашиглах боломжтой. Уул уурхай бол зөвхөн нэг тал нь. Уул уурхайн салбарын орлогыг ашигтай зарцуулж нэмүү өртөг бүтээх ёстой. Жишээлбэл, төмөр зам зэрэг том төсөлд зөвхөн Засгийн газар дангаараа хөрөнгө оруулж чадахгүй. Тийм ч учраас хувийн секторын оролцоо дутагдана. Урт хугацааны дэд бүтцийн төсөлд нийтийн ба хувийн секторын түншлэл, хөгжлийн банкуудын хөрөнгө оруулалт хэрэгтэй.
-V цахилгаан станц барих төсөл хэрэгжинэ. Төслийг хэрэгжүүлэх компаниуд тодорч эхэлсэн боловч цахилгаан станцын үйл ажиллагааг дэмжих дэд бүтцийг хэрхэн шийдвэрлэх асуудал тодорхой бус байна. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
-Бид энэ төслийг тун анхааралтай ажигладаг. Төслийг хэрэгжүүлэх талаар яриа хэлэлцээ үргэлжилж байна. Мэдээж хэрэг манай банк энэ төслийг дэмжиж оролцох хүсэлтэй. Төсөлд хувь нэмрээ оруулахын тулд төслийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцах шаардлага тулгарна.
-Тийм ээ. Манай олон нийт ч гэсэн энэ асуудалд санаа зовниж байна.
-Хүрээлэн буй орчинд хор хөнөөл багатай хувилбар сонгохыг олон нийт шаардана. Монголын хамгийн залуу цахилгаан станц 20 настай. Хүрээлэн буй орчинд хөнөөлгүй, эрчим хүчний хувьд хэмнэлттэй хамгийн сайн технологийг сонгох нь чухал. Энэ цахилгаан станц Монгол Улсын хөгжилд асар их хувь нэмэр оруулах болно.
-Монголын Засгийн газар Сайншандад аж үйлдвэрийн том парк барих төсөл санаачилсан. Энэ төсөлд зориулан хагас тэрбум долларын бонд гарах бололтой. Засгийн газар ийм том төсөлд ямар үүрэгтэй оролцох ёстой вэ. Татвар төлөгчдийн мөнгийг ийм том төсөлд оруулах хэр оновчтой вэ. Хувийн сектор илүү давуу оролцох ёстой юм биш үү. Харин Засгийн газар дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах ёстой. Дэлхийн бусад улс оронтой харьцуулахад ямар байна вэ?
-Аж үйлдвэрийн төсөлд Засгийн газар оролцох нь зарим тохиолдолд үр дүнгүй байдаг. Том хэмжээний төсөлд төслийг хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчид хэрэгтэй. Засгийн газар эзэмшигч буюу хэрэгжүүлэгч байх нь учир дутагдалтай. Мэдээж хэрэг Засгийн газар хэрэгжүүлэх хүрээ, цаг хугацааг нарийн тогтоох биз.
-Монгол Улстай хамтран ажиллах шинэ стратегийг боловсруулж байна гэж та хэлсэн. Өмнөх стратегийн хэрэгжилтэд та сэтгэл хангалуун байна уу?
-Манай хувь эзэмшигчид, Монголын Засгийн газар, бизнесийн байгууллагууд сэтгэл хангалуун байна. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 45 төсөлд хөрөнгө оруулсан. Манай банкны дэмжсэн төслүүдийн 80 гаруй хувь нь уул уурхайтай холбоогүй учраас эдийн засгийн төрөлжилтөд ч гэсэн хувь нэмрээ оруулсан гэж бодож байна. Мэдээж хэрэг уул уурхай бол хөрөнгө оруулалтын үлэмж хэсгийг эзэлдэг. Уул уурхайн компаниудад цэвэр технологи нэвтрүүлэх чиглэлээр ажиллалаа. Жижиг бизнес эрхлэгчдэд 3-5 сая долларын хөрөнгө орууллаа. Монголын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах суурийг тавьж чадсан гэж бодож байна.