дарга З.Энхболд өчигдөр “Eagle News” телевизийн “Зочны цаг” хөтөлбөрт
зочноор оролцлоо. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Үндсэн
хуулиа баталсан өдөр өнөөдөр тохиож байна. Өмнө нь бид Тусгаар
тогтнолын өдөр хэмээн бүх нийтээр амардаг байсан. Үндсэн хууль Монгол
Улсыг тусгаар тогтноход ямар түүхэн үүрэг гүйцэтгэсэн талаар ярилцлагаа
эхэлье?
-Шинэ Монгол Улсын анхны Үндсэн хууль 1924 арваннэгдүгээр
сарын 26-ны өдөр батлагдсан. Түүхчид бол олон янзаар тайлбарладаг.
Феодалын сонгох, сонгогдох эрхийг хассан, ангич Үндсэн хууль болсон
гэдэг. Гэхдээ түүхийг бид гуйвуулж болохгүй, түүх түүхээрээ үлдэнэ.
Түүнээс хойш 1940, 1960,1992 онд гурван өөр Үндсэн хууль батлагдсан.
Тухайн үеийнхээ нийгмийн харилцааг зохицуулж ирсэн. Өнөөдөр /өчигдөр/
бид Үндсэн хууль батлагдсаны 88 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдөр тэмдэглэлт өдөр хэвээрээ байгаа. Харин бүх нийтийн амралтын
өдрийг Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн
нэгний өдөр шилжүүлэн бүх нийтээр амарсан. Тэмдэглэлт өдрийн хүрээнд
УИХ-ын дарга албан ёсны тэмдэглэлт өдрийн мэндчилгээг ард түмэндээ
хүргэдэг уламжлал хэвээр байгаа. Энэ өдрийг 1990 оноос хойг тэмдэглэж
эхлэхдээ нэг алдаа гаргасан. Энэ алдаа нь Бүгд найрамдах улсаа
тунхагласан, анхдугаар Үндсэн хуулийн өдөр гэсэн урт нэр. Хүмүүс товчилж
хэлэхдээ Улс тунхагласны өдөр гэсэн ойлголтын зөрүү яваад байдаг.
Хэрвээ 1924 онд улс болсон юм бол өмнө нь юу байсан юм бэ. 1911, 1921
онд юу болсон бэ. 1911 онд Манжийн дарлалаас гараад улс болоогүй, эсвэл
800 жилийн улс байгаагүй гэх мэтээр ойлгогдож байгаа юм.
Монголчууд 1911 оны
арванхоёрдугаар сарын 19-нд Манжийн дарлалаас салж, Богд хааныг хаан
ширээнд өргөмжлөөд, үүнээс хойш Монгол Улсын он тооллыг олноо өргөгдсөн
анхдугаар он гэж нэрлэдэг болсон. Олноо өргөгдсөн анхдугаар он 1912 он
болж, тусгаар улс болсон гэж олон улсад зарласан. Энэ цаг тооллоос
тоогоо тоолох ёстой юм. Өнгөрсөн
жил буюу 2011 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр УИХ-аар “Үндэсний эрх чөлөө,
тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ”
гэж тогтоосон. Энэ жил Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо
сэргээсний 101 жилийн ой тохиож байна. Өнөөдрийн бидний тэмдэглэж буй
өдөр бол Анхдугаар Үндсэн хууль мөн засаглалын хэлбэр солигдсон
тэмдэглэлт өдөр юм. 1911-1921 онд Хаант засаглалтай байснаа 1921 онд
хувьсгал гараад Хаант засгын хэлбэрийг гурван жилийн дараа буюу 1924 оны
арваннэгдүгээр сарын 26-нд хаож Үндсэн хуулиа баталж, БНМАУ болсон. Ийм л
ялгаатай байгаа юм.
-1924 оноос хойш батлагдсан Үндсэн
хуулиудын үзэл санаа, баримтлал тухайн цаг үе, нийгмийн бүтцийг
тодорхойлоход ямар түшиц, тулгуур болсон гэж та бодож байна вэ. 1992 онд
батлагдсан Үндсэн хуулийн шинэчлэн найруулсан энэ бүтэц хэр зөв болж
батлагдсан бэ?
-1924-1990 оны хооронд баталсан Үндсэн хууль
тухай цаг үеийн бүх зүйлд зохицож, тухайн үедээ таардаг. 1992 оны Үндсэн
хууль дэлхийн жишигт нийцсэн, ардчилсан зах зээлийн эдийн засаг,
хуулинд захирагддаг хууль болсон. Хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн, олон
ургалч үзэл бодол байж болохыг зөвшөөрсөн, нэг нам Үндсэн хуулинд
давамгайлах эрхээс татгалзсан. Үндсэн хуулийг дагаад хөгжил дэвшил
үргэлжилсэн. 1924 оны анхны засаглалын хэлбэрт шилжсэн Үндсэн хууль,
1992 оны анхны ардчилсан үндсэн хууль хоёр бол их том ялгаатай зүйлийг
нийгэмд төлөвшүүлсэн. Түүнээс 1942, 1960 оны Үндсэн хуулиуд бага зэргийн
өөрчлөлт орсон ч нэг л системд байсан.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр
суурь улстөрийн намуудаас гарах болсон. Тэр дундаа 2000 онд оруулсан
долоон өөрчлөлт Үндсэн хуулийг дордуулсан гэх хүмүүс байдаг. Улс төрийн
нөхцөл байдлаас харахад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу?
-УИХ-ын
чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн хуулийн төслүүд
хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа. Өргөн барьсан хууль бүрийг хэлэлцэхгүй.
Үнэхээр УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав нь дэмжвэл хуулийн төслийг
хэлэлцэнэ. Дөрөвний гурваас нэг хүн дутвал хэлэлцэж болохгүй. Тэгэхээр
нэг нам дангаараа Үндсэн хуулийг өөрчлөе гэвч болохгүй болоод байгаа юм.
Гэхдээ 2000 оных шиг өөрчлөлт оруулж болохгүй юм. Жишээлбэл, орон
нутгийн иргэдийн төлөөлөгчдийг сонгохдоо сумын Засаг даргыг бүх нийтийн
санал асуулгаар сонгоё гээд бүгд зөвшөөрсөн байхад Үндсэн хуулийн зарим
заалтуудтай зөрчилдөж, гацаад байгаа юм. Яг үүн шиг хэд хэдэн өөрчлөлт
Үндсэн хуульд орох юм бол буруудахгүй юм шиг байгаа юм. Гэхдээ УИХ-ын
гишүүдийн дөрөвний гурав нь зөвшөөрөх хэрэгтэй, энэ тохиолдол нь хэзээ
вэ гэдэг л байгаа.
-2000 онд орсон өөрчлөлтүүдээс болж хууль тогтоомжид учирч байгаа хүндрэлүүдийг та юу гэж харж байна?
-Миний
хувьд Засгийн газар, УИХ хоёр нь тусдаа байх нь зүйтэй гэж боддог. Тийм
учраас 2000 оны Үндсэн хуульд орсон өөрчлөлтүүд алга болбол УИХ-ын гишүүд сайд
болохгүй, эсвэл хязгаарлалт хийж болж байгаа юм. Одоогийн байдал нь хоёр засаглалыг ялгааг байхгүй болгож байна.
-УИХ-ын дэгийн хуулинд өөрчлөлт оруулахад Үндсэн хууль мөн яригдаж байсан. Тухайлбал, намын бүлэг байгуулах асуудал?
-Энэ
бол Үндсэн хуулинд байхгүй. Харин Үндсэн хуулиас урган гарсан хуулинд
байгаа. Тэгэхээр хуулийг энэ нь ийм хууль, тэр бол салбар хууль гэж
зөрчиж болохгүй. УИХ-ын гишүүд хууль дээдэлж ажиллана гэж тангараг
өргөсөн хүмүүс.
-Орон нутгийн сонгуулийн тухай хуулинд
Сонгууль зохион байгуулах төрийн албан хаагчид буюу 20 мянга гаруй
иргэний санал өгөхийг хуульчлан тусгаагүй байсан. СЕХ-оос ч УИХ, Орон
нутгийн сонгуулийн хуулийг эргэж харах зүйл байна гэж тайлбарлаж байсан.
Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Сонгууль
зохион байгуулахад оролцсон 20 мянган төрийн албан хаагч бүгдээрээ
саналаа өгөөгүй гэж бодохгүй байна. Хэрвээ оршин суудаг, тойрог, хэсгийн
хороонд ажилласан бол саналаа өгсөн. Харин аймгийн төвөөс сумын төв,
оршин суугаа бус хэсгийн хороонд ажилласан бол саналаа өгөх боломжгүй
болсон. Ер нь бол сонгуулийг зохион байгуулж байгаа хүмүүст боломжийг нь
нээж өгөх ёстой гэж харж байна. Байнгын ажиллагаатай парламентын
онцлог нь энэ мэт асуудал тулгарсан тохиолдолд шийдээд явдаг. Одоо бид
арванхоёрдугаар сарын 15-наас өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг
батална. Хуулийн дагуу зургаан сарын өмнө батлах ёстой.
-Орон нутгийн сонгуулийн ойлголтын зөрүүг хэзээ арилгах боломжтой вэ?
-УИХ,
Аймаг, сум, дүүргийн сонгуулийг нэг өдөр зохион байгуулдаг байсан бол
өнөөдрийх шиг ирц хүрэхгүй гэх зүйл гарахгүй байсан. 2008 оны орон
нутгийн сонгуулиар нийслэлд гурван дүүрэгт ирц хүрэхгүй байсан бол энэ
удаагийн сонгуулиар зургаан дүүрэг ирц хүрээгүй байна. Жил ирэх тутам
сонгуулийн ирц муудаж байна. Тиймээс бүх сонгуулиа нэгтгэж, зун хийдэг
байх нь зүйтэй юм. Би Сүхбаатар дүүргийн IV хорооны сонгогч. Санал
өгөхдөө нэг нэр дэвшигч, нэг намыг дугуйлсан. Хоёр тэмдэглэгээ хийхийн
тулд би дахин санал өгөхөөр болж байна. Хэдэн тэрбум төгрөгөөр зардал
гаргаж, 20 мянган хүнийг цалинжуулаад өчнөөн зардал гарч байна.
Анхнаасаа ингэх шаардлагагүй байсан юм. Уг нь 2007 онд хоёр сонгуулийг
хамт явуулахаар хуульчилсан байсан ч МАН-ын шахалтаар тусад нь
явуулахаар болсон. 2016 онд энэ хоёр сонгууль хамт явна.
Одоо
ирц хүрээгүй дүүрэгт дахин санал хураахаар сонин байдал үүснэ.
Тухайлбал, 49,5, 49,9 хувьтай олон хэсгийн хороод байна. Цөөхөн хүнээс
болж саналаа өгсөн хүмүүсийн эрх ашиг хөндөгдөх гээд байгаа юм.
Жишээлбэл, санал хураалтаар 30 хувийн санал авсан АН-ын нэр дэвшигч
байхад, дахин санал хураалтаар АН-ын 30 хувьтай нэр дэвшигчид өгсөн
хүмүүс санал өгөхөөр ирэхгүй, харин өөр намд өгсөн хүмүүс нь дахин санал
өгвөл яах вэ. Ийм зүйл үүсээд байгаа юм.
-Энэ асуудлыг зохицуулах хуулийн заалт, орон нутгийн сонгуулийн хуулинд байна уу?
-Байхгүй. Гэхдээ онолын хувьд ийм зүйл үүсэх магадлал
байна. Тиймээс дахин санал хураалтад ирц, хувь заагаагүй юм. Тухайлбал,
сая Баянзүрх дүүргийн дахин санал хураалтаар хамгийн их санал авсан нэр
дэвшигчийг УИХ-ын гишүүнээр өргөн барихыг УИХ болон Орон нутгийн
сонгуулийн хуулинд тусгасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, ирц
хамаарахгүйгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигч УИХ-ын гишүүний
тангараг өргөх юм. Зургаан дүүрэгт дахин санал хураалтыг энэ тав дахь
өдөр хийхээр товлочихсон байгаа. Тойргийн хороо шийдвэрлэх ч нийт сонгогчдын
саналыг харгалзах ёстой. Тойргийн хороонд МАН-ын гишүүд байна гэж би
хардаж байгаа. Бүх нийтээр ажиллаж байгаа өдөр хэн санал өгөх вэ гэхээр
гэртээ суудаг, ажилгүй, өндөр настай хүмүүс саналаа өгнө. Тиймээс бүх
нийтээр амардаг өдөр буюу ням гаригт болгох нь зүйтэй гэж би бодож
байна. Үүнийг Хууль зүйн байнгын хороонд танилцуулах ёстой. Хэдийгээр
тойргийн хороо шийдвэрлэнэ гэсэн байгаа ч санал авах өдрийг амралтын
өдөр болгох нь зүйтэй.
-Парламентаас гарч байгаа аливаа
шийдвэр, тогтоол ямар хүрээнд гарч байна вэ гэдэгт хэвлэл мэдээллийнхэн
шүүмжлэлтэй ханддаг. Тухайлбал, олонхи болсон нам нь шахалт үзүүлдэг,
намууд хоорондоо зөвшилцдөг, тохиролцдог гэх мэт жишиг тогтчихлоо гэж
хараад байна. Үүнийг одоогийн парламент яаж өөрчлөх вэ?
-Ер
нь бол олонхи болсон нь шахалт үзүүлдэг. Өмнө МАН олонхиор бодлого
хэрэгжүүлдэг байсан бол одоо Ардчилсан нам ч гэсэн бодлого хэрэгжүүлж,
шахаж, түрээд явж байгаа. Орон нутгийн сонгуулийг хуулийг ч мөн адилхан МАН-ын шахалтаар гаргасан. Энэ асуудал олонхиор
шийддэг. Бид хууль зөрчиж тохиролцож болохгүй, хуулийн хүрээнд
тохиролцож, шийдэх асуудлууд байна. Гол нь хуулийн хүрээнд байх ёстой.
-Энэ пүрэв гаригт Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн мэдүүлсэн гишүүд тангараг өргөх байх. Хэдэн гишүүн тангараг өргөх вэ?
-Энэ
пүрэв гаригт 10.00 цагаас СЕХ-оос өргөн мэдүүлсэн таван гишүүн
тангаргаа өргөнө. Ингэхдээ СЕХ-оос өргөн барьсан дарааллаар тангараг
өргөнө. МАХН-аас жагсаалтаар нэр дэвшигч Ц.Оюунбаатар, Өвөрхангай
аймгаас нэр дэвшсэн Г.Батхүү, М.Зоригт, МАН-аас жагсаалтаар нэр дэвшигч
Д.Сарангэрэл, Д.Арвин гэсэн дарааллаар гэсэн үг л дээ.
-Увс аймгаас сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын гишүүдийн асуудал ямар шатандаа яригдаж байгаа вэ?
-Анхан
шатны шүүхээс Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг хууль зөрчсөн гэж
үзсэнийг бодоход энэ хоёр давж заалдах шатны шүүхэд хандах гээд
үргэлжлэх байх. Одоохондоо бэлэн болоогүй байна.
-МАХН-аас
жагсаалтаар нэр дэвшиж байгаа Ц.Оюунбаатарыг нам дотроо тохиролцоонд
хүрээгүй гэдэг шалтгаанаар тангараг өргүүлэхгүй багагүй хугацаа үдлээ?
-Нэр
дэвшигч Ц.Оюунбаатарын хувьд асуудал байхгүй. Өөрөө тангараг өргөхөд
бэлэн байгаа. УИХ-ын гишүүд тангараг өргөхөд нэр нь уншигдсан юм билээ.
Өөрөө л хурлаа таслаад яваад байгаа гэсэн үг.
-УИХ-ын
сонгуулийн үеэр хууль зөрчсөн үйлдлүүд гарч байсан. Үүнд анхаарч
ажиллана гэж та хэлж байсан. Энэ асуудлыг эргэн шалгаж үзэв үү?
-Ер
нь таван гишүүн тангараг өргөнө гэдэг бол хуулийн байгууллага ажлаа
сайн хийж байна гэж би ойлгож байна. Асуудлыг хуулийн хүрээнд хурдан
шийдвэрлэх асуудлаар СЕХ-нд чиглэл өгсөн.
-Орон нутгийн
сонгуулийн үеэр СЕХ-ны зүгээс “Хууль зөрчсөн үйлдэл гараагүй” гэсэн
тайлбар өгч байгаа бол зарим нам “Хууль зөрчсөн үйлдэл байсан” гэж яриад
байгаа?
-СЕХ-г МАН-ынхан зөвлөмж өгдөг байгууллага болгоод
хувиргачихсан. Асуудлыг тойргийн хороо шийдвэрлэдэг болсон нь хэт их нам
дагасан, намд үйлчилсэн үйлдэл гэдэг нь харагдаж байна. Сонгуулийн
тойргийн хороо хэт их улстөржсөн нь харагдаж байна. Үүнийг баасан гаригт
зохион байгуулах дахин санал хураалтаас харж болно. Цаашид үүнийг
хянадаг, шийддэг байгууллага нь авмаар байгаа юм. Зөрчил гаргасан юм бол хэрхэн
шийдвэрлэхийг хуулинд заасан ч зөрчлөө шийдэхгүй удвал яах вэ гэдгийг
хуулинд тусгаагүй юм. Орон нутгийн сонгуулийн хуулийн ажлын хэсэгт
МАН-ын гишүүд орж ажилласан. Үүний дарамтаар хариуцлага тооцсон ч
хуулийн хариуцлагын хугацааг тогтоогоогүй юм.
-СЕХ-ны дарга
Н.Лувсанжав ажлаа өгч, түүний оронд ерөнхий нарийн бичгийн дарга
Ч.Содномцэрэн СЕХ-ыг удирдах болоход МАН-ын зүгээс “СЕХ АН-д үйлчлэх
байгууллага боллоо” гэх мэдээллийг өгч байсан?
-СЕХ-г АН-д
үйлчлэх байгууллага гэдэг мэдээллийг гаргана гэж бодоод СЕХ-г
хамааралгүй болгосон. Одоо бид хүндрэлийг нь амсч байна. Ирц хүргэхийн
тулд амралтын өдөр дахин санал хураалтыг зохион байгуулах байсан ч
МАН-ын угшилтай тойргийн хороод нь баасан гаригт гээд товлочихсон. Одоо
яах вэ гэж байгаа юм. Нэг намд үйлчлээд байгаа 20, 30 тойргийн хороог
яах болж байна.
-Орон нутгийн сонгуулийг өвөл зохион байгуулсан нь санал хүрэхгүй байх шалтгаан болсон уу?
-Хөдөө
орон нутагт ирц сайн байсан. Цөөхөн хэдэн тойрогт ирц хүрээгүй. Харин
үүний буруутан нь УБЕГ юм. УБЕГ-аас цахим үнэмлэх тараагаагүй байж цахим үнэмлэхээ аваагүй иргэдийг
ирцэнд оруулсан байсан. Хуулиндаа гадаад явсан, хоригдож байгаа,
харьяаллын бус нутаг дэвсгэрт байгаа хүмүүсийг нэрсийн жагсаалтаас хасч
тооцох ёстой. УБЕГ үүнийг хийгээгүй. Хэрэв хийсэн бол олон газар ирц
хүрэх байсан.
-Дахин санал хураалтын хугацааг Байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэх боломжтой юу?
-Төрийн
байгуулалтын байнгын хороог шийдвэрлэ гэсэн чиглэл өгсөн. Улстөржсөн
сонгуулийн хороод ажлаа хийхгүй байна. СЕХ-нд чиглэл өг гэсэн байгаа.
-2016
оны парламентын сонгуулиас өмнө сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах
уу. Дахин хуулийн шинэчлэл хийгдэнэ гэж ойлгож болох уу?
-Хуулийн шинэчлэлийг яаралтай хийнэ. Энэ парламентын олонхи үүнтэй
санал нэг байгаа. Ардчилсан нам, “Шударга ёс” эвслийнхний байр суурь
“Сонгуулиа зөв явуулах ёстой юм байна. Зуны дэлгэр цагт, 10 тэрбум
төгрөг хэмнэж, хангалттай ирцтэйгээр хийх нь зөв юм байна” гэдэг дээр
нэгдэж байгаа. Би твитерээр 2016 онд хоёр сонгуулийг зэрэг явуулах уу
гэсэн асуултад санал авч байгаа. Одоогоор /өчигдрийн байдлаар/ 232 хүн
дэмжсэн байсан. Сая Говь-Алтай, Увс гээд цастай аймгууд олон байсан ч
ирц хүрсэн. Тэгэхээр асуудал цасандаа бус идэвхидээ байна гэж харж
байгаа. Эцэст нь хэлэхэд, дахин санал хураалтыг амралтын өдөр болгох нь
зүйтэй. Өмнөх сонгуульд санал өгсөн ирцээрээ өгөөрэй гэж хүсч байна.
Үгүй бол өмнөх ялагчид ялагдал хүлээх болно.