“Эрдэнэс МГЛ”-ын захирлыг сольжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс МГЛ”-ын захирлыг сольжээ

Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн ТУЗ өчигдөр
хуралдаж, Гүйцэтгэх захирал Я.Долгоржавыг ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд “Тэсо
Трейд” компанийн Ерөнхий захирал

О.Сайнбуяныг томилсон байна. Я.Долгоржав долоо хоногийн өмнө ажлаа
хүлээлгэж өгсөн бөгөөд О.Сайнбуяныг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байсныг
өнгөрөгч бямба гаригт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Гүйцэтгэх захирлаар
томилохоор шийдвэрлэжээ. Засгийн газрын хуралдааны шийдвэрийг “Эрдэнэс МГЛ”-ын
ТУЗ өчигдөр баталгаажуулсан байна.

“Эрдэнэс МГЛ” нь төрийн өмчит
компани бөгөөд стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувийг эзэмшихээр
байгуулагдсан юм. Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” компанийг 100 хувь, Оюутолгойн
34 хувийг эзэмшигч “Эрдэнэс Оюутолгой” компанийг 100 хувь, мөн “Шивээ Овоо”
компанийн ашиглалтын гурван тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.

Я.Долгоржав нь энэ оны хоёрдугаар
сард “Эрдэнэс МГЛ”-ын Гүйцэтгэх захирлаар томилогдож байсан юм. Түүний оронд
томилогдсон О.Сайнбуян нь Увс аймгаас гаралтай бөгөөд өнгөрсөн УИХ-ын сонгуульд
Увс аймагт АН-аас нэр дэвшихээр яригдаж байжээ.


С.Болд-Эрдэнэ

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж