Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари романс дуулаачдын уралдааны нэгдүгээр шатнаас шалгарсан оролцогчдыг зарлаад байгаа. Тус уралдааны эхний шатанд 60 уран бүтээлч өрсөдсөнөөс хоёрдугаар шатанд 20 нь шалгаран үлджээ. Уг уралдаан олон улсын жишгийн дагуу нэгдүгээр шатны шалгаруулалтаа аудио бичлэгээр хүлээн авч шалгаруулсан байна. Харин хоёрдугаар шатны шалгаруулалт өнөөдөр УДБЭТ-т эхэллээ.
Уралдааны II шатанд нийт таван сопрано, таван тенор, дөрвөн баритон, зургаан баргил хоолойтон шалгаран үлджээ. Үүнд, ДБЭТ-ын дуучин Б.Алтанхуяг, Э.Анхбаяр, Б.Батжаргал, Э.Бумхүү, Б.Бямбажав, Б.Гомбо-Очир, О.Хүрэлбаатар, Г.Энхболд, Б.Арюна, Б.Одонзаяа, Б.Уранчимэг, “Сүлд” чуулгын дуучин Ц.Амарболд, Б.Долгормаа, ЦДБЭЧ-ийн дуучин Б.Батбаатар, СУИС-ийн С.Бат-Эрдэнэ, О.Энхболд, ХБК-ийн Д.Бат-Эрдэнэ, ХЦДБЧ-ийн дуучин Ц.Өлзий, БДБЭТ-ийн дуучин Х.Савва, чөлөөт уран бүтээлч Б.Энхнаран нар өрсөлдөж байна.
Уралдааны III шатны шалгаруулалт, гала тоглолт энэ сарын 30-нд 18.00 цагт УДБЭТ-т болж, шилдгээ тодруулна.
Г.ДАША