DAKS-ЫН ТҮҮХИЙН САЛШГҮЙ НЭГ ХЭСЭГ НЬ ХААДЫН УДАМ УГСААНЫ ГУРВАН ГИШҮҮДЭЭС ОЛГОСОН ӨРГӨМЖЛӨЛ ЮМ
Хувцас загварын зах зээлд тэргүүлэгч, тансаг хээнцэр хэв маягийн илэрхийлэл болсон Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын DAKS SIMPSON компанийн Дэд Ерөнхийлөгч Пол Даймонд Ханбүргэдэй их дэлгүүр дэх өөрийн дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцахаар Монголд хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.
Сайн байна уу, юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний нэрийг Пол Даймонд гэдэг. Би DAKS SIMPSON компанийн Дэд Ерөнхийлөгч болон Зөвлөлийн захирлын алба хашдаг. Улаанбаатар хотод дахин ирж буйдаа баяртай байна. Энэ бол Монголын сайхан оронд ирж буй миний хоёр дахь айлчлал бөгөөд анх 1987 онд буюу 25 жилийн өмнө ирсэн. Тэр үед би Их Британи улсын дипломатч байсан ба хамтран ажиллагсдынхаа хамт Англи улсыг төлөөлөн Улаанбаатарт ирж Монгол Улсын Их Хурлын гишүүдтэй дугуй ширээний ярилцлага хэлэлцүүлэг хийж байсан.
DAKS брэндийн хээнцэр хувцас аль хэдийнээ Монголчуудын хэрэглээ болсон. Харин брэндийн түүхийг хэрэглэгчид маань тэр бүр мэддэггүй. Брэндийхээ талаар болон баялаг түүхээс сонирхуулаач?
DAKS хэмээх нэр чамин тансаг, хээнцэр хэв маяг болон Их Британийн өв уламжлалтай салшгүй холбоотой. 1894 онд Симон Симпсон Лондонгийн Middlesex гудамжинд өөрийн хувцас захиалгын газраа нээж ажиллуулах болсноос хойш урт хугацаа өнгөрч DAKS хэмээх нэр дэлхий дахинд танигджээ. 1934 онд Симон Симпсоны хоёр дахь хүү Александр Симпсон хувцас загварын түүхэнд өмдний хэв маягт хувьсал өөрчлөлтийг хийсэн. Симпсоны гэр бүлийнхэн 20-р зууны дунд үеэс DAKS-ыг брэнд болгон хөгжүүлж улмаар 1950-иад оноос дэлхий дахинд ялангуяа Азийн зах зээл Япон, Солонгос, Хятад, Хон-Конг, Тайван, Тайланд зэрэг орнуудад ихээхэн нэр хүндтэй болсон. DAKS бүтээгдэхүүнээ дэлхийн 30 гаруй оронд 2000 гаруй нэрийн барааны дэлгүүрүүдээр дамжуулан экспортолдог.
1976 онд Хаус Чек буюу эрхэмсэг байдлыг илтгэх өвөрмөц өнгө бүхий дөрвөлжин хээг танилцуулснаар хувцас, аксесуарын бүхий л нэр төрлөөрөө ялгарсан дэлхий дахинд нэр хүндтэй брэнд болж чаджээ. DAKS нь үнэт өв уламжлалаа орчин үеийн загварын чиг хандлагатай уялдуулан хувцас загварт Английн дүр төрхийг шингээж, чанартай материалаар төгс загваруудаа бүтээн, Олон улсын зах зээлд амжилт олсоор байна. DAKS-ын түүхийн салшгүй нэг хэсэг бөгөөд бахархалт зүйл нь Хаадын удам угсааны гурван гишүүдээс олгосон өргөмжлөлүүд гэдгийг би хэлэхийг хүсэж байна.
DAKS компани спортын ертөнцөд хувь нэмрээ оруулж, Их Британийн гольф, теннис, крикет болон хөл бөмбөгийн үндэсийн багуудыг дүрэмт хувцсаар хангаж, спортын хувцсыг үйлдвэрлэн удаан хугацаанд хамтран ажиллаж байна. Сүүлийн 30 жилийн турш бид морин үзүүлбэрийг жил бүрийн 5-р сард Хатан Хааны байрладаг Дээдсийн төв шилтгээн болох Винзер шилтгээний дэвжээн дээр ивээн тэтгэж зохион байгуулж байна. Түүнчлэн DAKS эрүүл мэндийг дэмжих зорилгоор давжаа морь унадаг жаахан хүүхдүүдийн морин үзүүлбэр бүхий тэмцээнийг жил бүр ивээн тэтгэдэг. Монгол хүмүүсийг моринд гарамгай, морио дээдэлдэг ард түмэн гэгддэг. Иймээс Монголчууд Хаадын морины үзүүлбэрт оролцон DAKS-с бэлэг авна гэдэгт би итгэлтэй байна.
Хаадын удам угсааны гурван гишүүдээс олгосон өргөмжлөлүүдийхээ талаар илүү тодруулан ярьж өгнө үү?
1962 онд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Сүр жавхлант Хатан Хааны өргөмжлөл, 1956 онд Сүр жавхлант Хатан Хааны удмын Эдинбургийн гүнгийн өргөмжлөл, 1982 онд Сүр жавхлант Хатан Хааны удмын Уэйлсийн хун тайжийн өргөмжлөлийг тус тус олгосон бөгөөд энэ жил буюу 2012 он гэхэд Сүр жавхлант Хатан Хааны өргөмжлөлийг 50 жилийн турш, Эдинбургийн гүнгийн өргөмжлөлийг 56 жилийн турш, Уэйлсийн хун тайжийн өргөмжлөлийг 30 жилийн турш эзэмшсээр ирсэн.
Хаадын угсааны гишүүдээс олгосон эдгээр өргөмжлөлүүд үнэхээр DAKS компанийн түүхийн салшгүй нэг хэсэг болж чаджээ. Энэ өргөмжлөлийг ямар шалгуур хангасан компанид өгдөг вэ?
Хааны Удмын Өргөмжлөлийг Эзэмшигчдийн Холбооноос таван жил тутамд маш өндөр шалгуураар нарийвчлан судалж, хамгийн сайн, дээд зэргийн үйлчилгээ болон бүтээгдэхүүнийг шагнаж энэхүү өргөмжлөлийг олгодог. Английн эзэн хааны гэр бүлийн түүхэнд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад загварын болон хувцасны компаниудаас энэхүү гурван өргөмжлөлийг гурвууланг нь авсан зөвхөн 5 компани байдаг бөгөөд үүний нэг нь DAKS гэдгийг хэлэхэд бахархалтай байдаг. Дэлхий дахинд DAKS брэндийг хэрэглэгчид хаадын удмын энэхүү өргөмжлөлийг манай бүтээгдэхүүний чанарын тэмдгээр хүлээн авдаг.
DAKS брэндийхээ Монголд дахь үйл ажиллагааны хэтийн зорилтын талаар?
Монголд дахь DAKS брэндийн дэлгүүрийн үйл ажиллагаа амжилттай явж байна. Монголчууд DAKS брэндийн бүтээгдэхүүнийг мэддэг, хэрэглэдэг болжээ. Цаашид эрэгтэй хувцас төдийгүй эмэгтэй хувцас, аксессуараа олонд таниулж хүрээгээ өргөжүүлэх бодолтой байна.
____________________________________________________________________________________________
БГД, 2-р хороолол, Замчдын гудамж-3. 367054, 99194569.
www.facebook.com/KHANBURGEDEIMongolia