20 сая хүртэлх хадгаламжийн эрсдлийг банк даана

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

20 сая хүртэлх хадгаламжийн эрсдлийг банк даана

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Хадгаламжийн даатгалын тухай болон түүнтэй холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд олонхийн дэмжлэгтэйгээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Дэлхий дахинд эдийн засгийн хямрал нүүрлэж, банк санхүүгийн салбар ганхаж эхэлсэн 2008 онд УИХ-аас иргэдийн мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийг баталсан юм. Эл баталгааны хугацаа 2013 оны нэгдүгээр сарын 1-нд хүчингүй болно. Тиймээс Засгийн газраас дээрх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм. Түүнд тусгаснаар 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжийг арилжааны банк даах болж байна, энэ нь банк дампуурлаа гэхэд тухайн хадгаламж эзэмшигч нь 20 сая төгрөгөө буцаан авна. Харин 20-иос дээш сая төгрөгийн хадгаламж эзэмшигч түүнийгээ л буцаан авах зохицуулалт хийгджээ. Өөрөөр хэлбэл, 20 сая төгрөгөөс дээшхи хадгаламж эрсдэлд ороход илүүг нь арилжааны банк даахгүй хэмээн ойлгож болох аж. Гэхдээ энэхүү даатгалын тогтолцоо хэрэгжихэд цаг хугацаа хэрэгтэй гэж үзэж, төрөөс мөнгөн хадгаламжид баталгаа гаргасан хуулийн хугацааг дахин нэг жилээр сунгах зохицуулалт энэхүү төсөлд давхар тусгагдаж орж ирээд байна.

Одоогийн байдлаар нийт иргэдийн мөнгөн хадгаламж таван их наяд төгрөгөөр яригдаж байна.

Мөн өнөөдөр үдээс өмнө УИХ-ын Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан зарлагдсан байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшлууллаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж