Газрын ховор элементийн гол тоглогчид

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Газрын ховор элементийн гол тоглогчид

Ухаалаг гар утас, компьютер, шингэн дэлгэцтэй телевизгүйгээр төсөөлөхийн аргагүй орчин үеийн технологижсон ертөнцөд эдгээр өндөр технологийн бүтээгдэхүүний гол түүхий эд болсон газрын ховор элементийн нөөц дэлхийн улс орнуудын өрсөлдөөний талбар болоод байна. Дэлхий дээрх газрын ховор элементийн нөөцийн 35 хувь нь байдаг Хятад саяхныг хүртэл энэ төрлийн зах зээлийн 97 хувийг дангаараа хангаж ирсэн юм. Гэвч Хятад 2010 оноос газрын ховор элементийн экспортоо 70 хувиар бууруулснаас дэлхийн зах зээл дээр газрын ховор элементийн хоёр төрөл цери, лантан нэг кг нь 40 гаруй ам.долларт  хүрч тэнгэрт хадсан юм. Хятад дотоодын үйлдвэрлэгчдэдээ газрын ховор элементийг кг-ийг нь ердөө 10 хүрэхгүй ам.доллараар худалдах болсон нь технологиор өрсөлдөгч өндөр хөгжилтэй орнуудын зүгээс шүүмжлэлтэй тулгарч, Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргахад хүргэсэн. Харин Хятад газрын ховор элементийн экспортыг  хязгаарласнаа байгаль орчныг хамгаалах, эко системийг сэргээх арга хэмжээний нэг хэсэг гэж тайлбарласан. Газрын ховор элементийн гол тоглогчид нь нөөц ихтэй орнууд яах аргагүй мөн бөгөөд үүнд Хятад, АНУ, ОХУ, Энэтхэг зэрэг орнууд багтаж байна.

ХЯТАД

Хятадад 1950 ондгазрын ховор элементийн нөөц илэрснээс хойш хайгуул, олборлолт явуулж иржээ.Үүнээс яг хоёр жилийн дараа Бээжин хотод метал бус элементийн судалгааны төв лаборатори байгуулагдсан байдаг.

1963 онд Мао Зэдуны дэглэмийн үед байгуулсан Өвөрмонголын газрын ховор элементийн The Baotou судалгааны институт нь өдгөө дэлхийн хамгийн том хайгуул, олборлолтын төв болжээ. Энэхүү алсыг харсан алхам нь газрын ховор элементийн зах зээл дэх Хятадын манлайллыг зөгнөсөн билээ.

Өвөрмонголын Баотоу муж дахь Баян-Овоо төмрийн хүдрийн уурхай нь Хятадын газрын ховор элементийн үйлдвэрлэлийн зүрх нь аж. Хятадын 21 мужид газрын ховор элементийн нөөц тогтоогдсон бөгөөд Фузцянь, Гуандун Гуанси, Хунань, Шаньдун болон Сычуань мужид олборлолт явуулдаг.

Зарим статистик тоо баримтаас

Хятадйн газрын ховор элементийн 55 сая тонн нөөцтэй. (Харин дэлхий дээрх тогтоогдсон нөөц 110 гэдэг. Тэгэхээр бүх нөөцийн тал нь Хятадад бий гэсэн үг.)
-Хятад газрын ховор элементийнхээ 40 хувийг технологи өндөр хөгжсөн Японд худалддаг.
– 2010 оны судалгаанаас харахад дэлхийн газрын ховор элементийн 97.3 хувийг дангаараа эзэлж    байв.
-2006 онд 119,000 байсан Хятадын газрын ховор элементийн үйлдвэрлэл 2010 онд 130,000 тонн метр болж нэмэгдсэн.
-Хятад 2006 онд 61,560 тонн хүрсэн газрын ховор элементийн экспортыг 2010 онд 30,259 тонн болгож бууруулжээ.
-Харин 2011 онд ердөө 18,600 тонныг экспортолсон бол энэ онд бүр дөнгөж 13,300 тонныг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн.

АНУ

АНУ-ын Геологийн судалгааны төвийн тооцоогоор Колорадо, Флорида, Жиоржиа, Иллиноис, Миссури, Нью Мехико, Нью Йорк, Умард Каролина, Өмнөд Каролина зэрэг 14 мужид газрын ховор элементийн нөөцтэй ордууд бий.
Мөн Аризона мужид “Molycorp”-ийн эзэмшдэг газрын ховор элементийн хайлш гаргаж авдаг хувийн томоохон уурхай байдаг аж.

Статистик тоо баримт

-АНУ-ын газрын ховор элементийн нөөц 13 сая тонн
– 2011 онд үйлдвэрлэсэн газрын ховор элементийн хэмжээ: 0
-АНУ газрын ховор элементийн 91 хувийг Хятадаас, 1 хувийг ОХУ-аас, 3 хувийг Францаас, 3 хувийг Япон, Малайз болон бусад орнуудаас худалдаж авдаг.
-Вайоминг дэх Bear Lodge уурхайгаас 2016 онд 10,000 тонн метр газрын ховор элемент олборлох төлөвлөгөө бий.
-АНУ Mountain Pass дахь уурхайгаас энэ онд 8,000-10,000 тонн метр газрын ховор элемент олборлох юм. Үйлдвэрлэлийн хэмжээ 2013 онд 19,000, оны дунд үеэс 40,000 тонн метр хүртэл нэмэгдэх прогноз гарсан нь эрэлт улам нэмэгдэж буйтай холбоотой.

ЯПОН

2010 онд газрын ховор элементийн 82 хувийг Хятадаас импортолсон Япон энэ онд газрын ховор элементийн хэрэглээг дотоодын нөөцөөс хангахаар Токио хотоос 1200 милийн зайд орших Минамиторишимайс арлын ойролцоо далайн ёроолд хайгуул явуулж,  6.8 сая тонн газрын ховор элементийн нөөц илрүүлсэн. Энэ нөөц нь технологи өндөр хөгжсөн Японы дотоодын үйлдвэрлэлийн хэрэгцээг 227 жил хангахад хүрэлцээтэй аж.

Япон энэ онд Вьетнамын Лай Чау мужид газрын ховор элементийн хайгуул явуулахаар түншлэлийн гэрээ байгуулсан байна.

ЭНЭТХЭГ

XX зууны дунд үе хүртэл дэлхийн газрын ховор элементийн бүх хэрэглээний дийлэнхийг нийлүүлдэг байсан Энэтхэгийн далайн эргийн элс одоо хир нь үүцээ хадгалсаар байгаа аж.

Газрын ховор элементийн хамгийн том нийлүүлэгч Хятадын хүчтэй өрсөлдөгч “India Rare Earths Ltd” компанийн Керала муж дахь уурхай 2004 онд үйл ажиллагаагаа зогсоосон.

Харин  Энэтхэгийн Chavara уурхай энэ улсын дэлхийн газрын ховор элементийн хоёр дахь том нийлүүлэгч хэмээх нэрийг авч явдаг боловч үйлдвэрлэлийн хэмжээгээр Хятадын хаана ч хүрэхгүй.

Орисса мужид газрын ховор элементийн боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн боловч өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад орох байсан үйлдвэр одоо хүртэл нээгдээгүй байгаа аж.

Газрын ховор элементийн одоо ашиглаж буй уурхайтай, ирээдүйд үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж эрх баригчид нь том дуугардаг ч хээл хахууль, авилгын сүлжээнд орсон Энэтхэгийн Засгийн газар нь хөрөнгө оруулагчдыг үргээдэг. 

Зарим статистик

-Нийт 2.7 сая тонн нөөцтэй.
-2011 онд 2,700 тонн метр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Үйлдвэрлэлийн хэмжээг 2016 он хүртэл энэ түвшинд барихыг төлөвлөж байгаа.

ОХУ

Ловозерогийн газрын ховор элементийн уурхайг Оросууд хуучин коммунист дэглэмийн үеэс ашиглаж ирсэн. Гадаадын хөрөнгө оруулагчид ОХУ-ыг хуучин коммунист дэглэмийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас өнөөгийн капиталист системд шилжүүлсэн зүйл нь энэ уурхайг гэдэг билээ.  ОХУ-ын уул уурхайн компаниуд дэлхий даяар энэхүү ховор элементийн хайгуул хийж, шинэ нөөц тогтоох эрэлд хатаж байгаа билээ. Оросын компаниуд газрын ховор элементийн орд болон болосвруулах үйлдвэрт хөрөнгө оруулахыг хамгийн ашигтайд тооцож байна.

Статистик тоо

– ОХУ нийт 19 сая тонн газрын ховор элементийн нөөцтэй.
– 2011 онд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ тодорхойгүй.

КАНАД

Баруун хойд нутаг дэвсгэрт хоёр жилийн өмнө явуулсан өрөмдлөгийн үр дүнд Канад газрын ховор элементийн нөөцөөр дэлхийд дээгүүрт орох томоохон хоёр ордыг илрүүлсэн. Тэдгээрийн нэг нь  терби, диспроси хэмээх маш ховор төрөл тооцогддог хүнд элементийн нөөцтэй нь тогтоогдсон юм.  Баруун хойд нутаг дэвсгэрийн нийслэл Еллөүнайфаас 40 милийн зайд орших энэ ордыг ашиглалтад оруулахад олон жилийн бэлтгэл, олон тэрбум ам.доллар шаардлагатай.

Канадад мөн Хоидас нуур, Саскатчеван, Кипава, Квебект газрын ховор элементийн нөөцтэй ордууд бий боловч дэд бүтцийг нь хараахан байгуулаагүй байгаа юм.

Статистик тоо баримт

-Нийт 8 сая тонн газрын ховор элементийн нөөцтэй.
– 2011 онд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ: 0
-Хоёр уурхайгаас ирэх 2016 онд 18,000 тонн газрын ховор элемент олборлох төлөвлөгөөтэй. 

Н.ЭНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж