Уул уурхайн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Нэмэхбаяр энэ өдрүүдэд Хонконгт болж буй “Монголд хөрөнгө оруулах нь” хурлын үеэр ийнхүү мэдэгджээ. Тэрбээр “Бидний үндсэн бодлого бол дэлхийтэй хамтрах. Гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах ямар ч бодлого байхгүй. Манай Засгийн газар чухамдаа ямар төрлийн компаниуд Монголд орж ирж байгааг мэдэх ёстой” хэмээсэн байна.
Өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд зааснаар Монголын стратегийн ач холбогдол бүхий салбарт 75 сая ам.доллар ба түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулах бол Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой. Энэ нь гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах бус, нэг төрлийн бүртгэл гэдгийг тэр онцолжээ.
Э.Нэмэхбаяр мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар тайлбарласан байна. “Монгол Улсын Засгийн газар гэрээг бүхлээр нь өөрчлөх, эсвэл цуцлах гээгүй, харин гэрээнд тодорхой бус байгаа зарим зүйл заалтыг тодорхой болгоно. Гэрээнд тусгаснаар “Рио Тинто” анх хөрөнгө оруулна гэж тохирсон хэмжээнээс ихийг, эсвэл багыг оруулсан бол Монголын тал энэ тухай ярилцах эрхтэй гэсэн байгаа. Анх гэрээ байгуулахад дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж тохирсон ч одоогийн байдлаар Оюутолгой төсөлд таван тэрбумыг хөрөнгө оруулсан учраас бид энэ ялгааны цаана юу байгааг мэдэх ёстой” гэж тэрээр хэлжээ.
Харин “ING” олон улсын банкны Монгол дахь Байгууллагын болон хөрөнгө оруулалтын банкны захирал Ховард Ламберт “Монголын Засгийн газар гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай тайлбарласан ч хөрөнгө оруулагчид санаа зовсон хэвээр л байна. Манайх хөрөнгө оруулалтын зөвлөх болон зээлийн үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл бид одоо болтол шинэ үйлчлүүлэгч хайж байна” гэжээ.
Өнгөрсөн жил уул уурхайн салбар дахь гадны хөрөнгө оруулалт 4,6 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ онд 10 хувиар өснө гэж Уул уурхайн яам тооцоолж байгаа юм байна.