Тэдгээр ослын талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Болдоос тодрууллаа.
-Ослын шалтгааныг тодруулахгүй юу?
-Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үндсэн шугамын “3.4-р хороолол-Чингис-Халдвартын эмнэлэг” чиглэлд үйлчилдэг “Сутайн буянт” компанийн 38-64 УБЧ улсын дугаартай автобусыг жолооч Б.Ерөөлт жолоодож явсан. Б.Ерөөлт нь жолооны үнэмлэхгүй байсан нь тогтоогдсон. Тухайн өдөр шалгах механик А.Даваажаргал нь жолооч Б.Ерөөлтийг жолооны эрхийн үнэмлэхгүйгээр үйлчилгээнд гаргасан байсан. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон.
-Таван шарын автобусны буудалд ухарч байхдаа гарцаар гарч байсан эмэгтэйг дайрсан жолоочийн тухайд?
-“Тэнүүн-Огоо” компанийн “Таван шар-Офицеруудын ордон-Баянзүрхийн товчоо” чиглэлийн 45-33 УБЧ улсын дугаартай автобусны жолооч Д.Пүрэвдорж нь өнгөрсөн оны наймдугаар сард тус компанид жолоочоор ажиллах гэрээ байгуулсан юм билээ. 2001 онд Автотээврийн газрын мэргэжлийн тээвэрлэгч жолооч бэлтгэх сургалтад хамрагдсан. Тухайн өдөр осол гарах болсон шалтгаан нь байгууллага болон техникийн талаасаа нөлөөлөх хүчин зүйл байхгүй.
-Том оврын атобусны жолооч нар зам тээврийн осол гаргаж байгаа нь ямар учир шалтгаантай юм бол?
-Ер нь тухайн жолооч замын хөдөлгөөний дүрмээ барьж хөдөлгөөнд оролцдоггүйтэй л холбоотой байна. Дээрх хоёр ослоос харахад л замын хөдөлгөөний дүрмээ баримтлаагүй гэдэг нь харагдаж байгаа биз дээ.
-Автобусны жолоочид дүрмээ мэдэхгүй байна гэж байна. Ямар нэг шалгуур, шалгалтад тэнцсэн жолоочийг ажиллуулж болдоггүй юм уу. Танай байгууллагын зүгээс нийтийн тээврийн жолооч нарыг чадавхижуулахад хэрхэн анхаарч байна вэ?
-Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудаас нийтийн тээврийн мэргэшсэн жолооч, кондуктор бэлтгэх, салбарын ажиллагсдын мэргэжил олгох, мэргэшүүлэх сургалтуудыг “Автобус 3” компани, “Цахилгаан тээвэр” компани, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбооны Улаанбаатар хотын салбар зөвлөл гэсэн гурван байгууллага сургалт явуулах эрх авч сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гадна нийтийн тээврийн салбарын хэмжээнд жолооч, кондукторуудыг нийгмийн харилцааны ур чадвартай болгох зорилгоор төрөлжсөн сэтгэл зүйн сургалтад хамруулах чиглэлээр ШУТИС, Нийгмийн технологийн сургууль, Сэтгэл зүйн үндэсний төвтэй хамтраад ажиллаж их багтаамжийн автобусаар үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж байгууллагын 40 хувь буюу 1290 жолооч, кондукторыг “Нийгмийн харилцааны ур чадвар зан ёс суртахууны төлөвшил “ сэдэвт сургалтад хамруулсан.