Олимп хүлээж авсан Азийн орнуудын ижил тал

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Олимп хүлээж авсан Азийн орнуудын ижил тал

АНУ-тай түншилсэн оронд олимп болдог уу

Олимпийг өндөр хөгжилтэй улсын хот л /Олимпийн хартид олимпийн наадмыг
хүлээж авсан хотоор нь нэрлэхийг л зөвшөөрсөн байдаг. “Мюнхен 1972”
олимпийн үеэр Баруун Германы эрх баригчид “Герман 1972” гэсэн бичигтэй
дурсгалын зоос хэвлээд ОУО Х-ны шаардлагын дагуу бүгдийг нь эргүүлэн
татах шийдвэр гаргаж байв/ хүлээж авдаг гэдэг ойлголт бий.

Хөрөнгө санхүүгийн чадамж, спортын барилга байгууламж, дэд бүтэц өндөр
хөгжсөн байх шаардлага тавьдаг учраас арга ч үгүй байх. Гэвч өвөл зуны
олимпийг хүлээж авсан хотууд бүгд өндөр хөгжилтэй биш, харин “хөгжиж
байгаа” хотууд байсан юм.

Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө олимпийн наадмыг хүлээж авсан хотуудын
талаар юу хэлэх билээ. Тэр үед олимпийн наадмыг “үзэл суртлын зэвсэг”
маягаар ашиглаж, гарлага гаргаж хийдэг байсан юм чинь.

Жишээлбэл, 1936 онд олимпийн наадмыг хүлээж авсан Берлин байна. Засгийн
эрхэнд гарсан А.Гитлер германчуудын саналыг өөртөө бүрэн татаж байр
сууриа бэхжүүлэх, хөгжиж, хөрөнгөжиж байгаа улс гэдгээ зарлан
тунхаглахын хажуугаар ари үндэстний спортлог чанарыг дэлхий нийтэд
батлах далд санаатайгаар олимпийн наадмыг хүлээж авсан байдаг. Харин
1960- аад оноос хойш гуйлга нь өөрчлөгдөж, илүү бизнесийн шинж чанартай
болсон юм.

Олимпийн наадмыг хүлээж авсан хотууд гаргасан зардлаа нөхөж, спортын
барилга байгууламжуудтай болоод авдаг болов. Олимп хүлээж авсан хотууд
өнөөгийн өндөрлөгөөс харахад л өндөр хөгжилтэй гэж харагдаж байгаа
болохоос үнэндээ олимпийг зорьж, олимпийн дараа хөгжсөн байдаг.

ОУОХ-ноос тавьсан шаардлагад нийцэхийн тулд дээр барилга байгууламж дэд
бүтцээ сайжруулдаг. Ингээд олимп зохион байгуулсны дараа нэгэнт сайтар
бодож төлөвлөн барьж байгуулсан дэд бүтэц нь үлддэг тул хөгжил нь
хурдасдаг ажээ.

Зохиолч Ч.Чимид 1964 оны олимпийг хүлээж авахаар бэлтгэж байсан Токио
хотноо айлчилсан тухайгаа өгүүлсэн нэг сайхан өгүүлэл бий. Хотод тэр
аяараа бүтээн байгуулалт өрнөж, спортын барилга байгууламж нь дандаа
будаг нь ханхалсан шинэ байсан тухай өгүүлдэг уг өгүүлэлд зохиогч
хэдийгээр социалист улсын иргэн боловч япончуудын ажилсаг чанар, хөгжил
дэвшилд нь цагаанаар атаархсан нь мэдрэгддэг. Токиогоос хойш Мехико,
Мюнхен, Монреаль, Москва, Лос Анжелест олимпийн наадам болсон бөгөөд
бүгд дээр дурьдсан нийтлэг шинж чанартай байсан юм.

Үүнээс гадна олимпийн наадам хүлээж авсан хотууд тухайн олимпоо ямар
нэгэн зүйлээр онцлог болгох гэж хичээдэг болжээ. Испанийн иргэн Хуан
Антонио Самаранч ОУОХ-г тэргүүлэх болсноос хойш олимпийн наадам дэлхийн
хамгийн шилдэг брэнд болж хувирлаа. Олимпийн наадмыг зохион байгуулах нь
бизнесийн шинж чанартай болов. Хүн төрөлхтний их баяр наадмыг хүлээж
авсан улс зарлагаа нөхөөд зогсохгүй ашиг олдог болон учир хотууд олимп
зохион байгуулахаар хошуурцгаах болжээ. Гэвч ОУОХ хэн мөнгөтэйд нь бус,
өмнө нь баримталж байсан “Хөгжиж байгаа, шинэ” хотод олимпийн наадмыг
зохион байгуулах эрхийг өгдөг уламжлалаа барьсаар байна.

БНХАУ-ын нийслэл Бээжинд олимп зохион байгуулах шийдвэр гаргасан нь ч
дээрх уламжлалын дагуу хийгдсэн ажил. БНХАУ ч нэрээ авч, шилдэг олимпийг
зохион байгуулсан билээ. 2004 онд Афинд олимпийн наадам зохион
байгуулах эрх өгсний дараа ОУОХ нэгэн чухал шийдвэр гаргасан нь олимпийн
наадмыг тивүүдэд ээлжлэн зохион байгуулах тухай байв. Энэ шийдвэрийн
дагуу 2008 оны олимпийг Азийн Бээжинд, 2012 оныхыг Европын Лондонд, 2016
оныхыг Өмнөд Америкийн Рио Де Жанейрод өгсөн билээ. Энэ уламжлал ёсоор,
2020 оны олимп Африкт, 2024 онд Хойд Америкт явагдах учиртай. Дараа нь
Ази. 2028 онд шар тивийн аль нэг улсад зуны олимпийн наадам зохион
байгуулагдана. Энэ тивийн тэргүүлэх Япон, БНСУ, БНХАУ олимпийн наадмыг
өмнө нь зохион байгуулж байсан. Үлдсэн улсууд нь нэг төвшнийх. Бололцоо
ижил гэсэн үг. Малайз, Сингапур хөгжлөөрөө толгой цохидог ч газар нутаг
багатай, Индонези, Филиппин улсууд зохион байгуулах боломжтой ч газар
нутгийн маргаан, үндэстэн хоорондын зөрчилтэй. Филиппинд л гэхэд мужууд
нь бие биенээсээ хамааралгүй оршдог, тусдаа зэвсэгт хүчинтэй байдаг гэж
байгаа. Байлдацгаагаад л сууж байдаг гэхэд хэтрүүлсэн болохгүй. Ингээд
Монгол үлдэж байна.

Манай улсын эдийн засгийн өсөлтийг 2030 он хүртэл 10 орчих хувийн
өсөлттэй явна гэсэн таамаглалыг эдийн засагчид хийж буй. Үндэсний
аюулгүй байдлын тулгуур зарчмаа амжилттай хэрэгжүүлж, баялгаа дэлхийн
жишгээр үнэлэн нэмүү өртөг шингээх үйлдвэрүүдийг олноор байгуулж чадах
юм бол түүнээс ч илүү байх боломж бий.

Магадгүй, эрчимтэй хөгжиж чадвал /Азидаа эхний тавд орж чадвал/ энэ үед
Монголд боломж гарч ч болох юм. Амжихгүй алдлаа гэхэд дараагийн удаад
заавал чадна. Муугаар бодоход 2044 он гэхэд бид олимпийг хүлээж авна гэж
зүтгэх ёстой. Бидэнд урьд өмнөхөөс илүү, онцлогтой олимп зохион
байгуулах боломж бий.

Мөнгөтэй болчихсон байхад олимпийн наадам бол бидэнд олон дахин нугарч
ашгаа өгөх бизнес шиг л харагддаг болно. Ингэж хардаг болохыг ч бид
юунаас илүү хүсч, бүр мөрөөдөж байгаа билээ.

Олимп хүлээж авсан Азийн орнуудын ижил тал Азийн орнуудаас хамгийн анх
олимпийн наадам зохион байгуулсан улс бол Япон. Дэлхийн хоёрдугаар дайнд
хамгийн их хохирсон гурван улсын нэг нь Япон байсан. Гэвч 19 жилийн
дараа олимпийн наадмыг зохион байгуулах хэмжээнд хүртлээ хөгжиж чадсан.

Олимп зохион байгуулах чадвартай болсон хоёр дахь улс нь мэдээж БНСУ.
Тус улс мөн л туйлын ядуу зүдүү, эзлэгдсэн ард түмэн байсан ч 1960-аад
оноос эхлэн үсрэнгүй хөгжиж 1988 онд олимпийн наадмыг нийслэл хотдоо
хүлээн авсан юм. Сонирхолтой нь энэ хоёр улс хоёулаа АНУ-тай
түншилснийхээ дараа хөгжлийн замдаа шуударсан байх юм.

Япон улс 1945 онд үг дуугүй бууж өгснийхөө дараа батлан хамгаалах
салбараа АНУ-д даатгаж, зарцуулах байсан хөрөнгөө аж үйлдвэрээ
хөгжүүлэхэд зориулах болсон гэдэг. Тухайн үеийн Ерөнхий сайд нь
“Америкийг гүйцье” гэсэн уриа дэвшүүлснийг сонсоод олон улсын удирдагчид
инээж байсан гэдэг. Гэтэл ямар гайхалтай явдал болсныг та бид мэднэ.

Япон 2010 онд Хятадад гүйцэгдэх хүртлээ дэлхийн хоёр дахь хүчирхэг эдийн
засагтай улс болсон билээ. БНСУ-ын хувьд ч замнал нь Японтой ерөнхийдөө
ижил. АНУ-ын цэргийн баазуудыг олноор байршуулж, стратегийн хамтын
ажиллагааны гэрээ байгуулан ажилласан байдаг. Үүний дараа дэлхийн
хамгийн хүчирхэг зах зээл БНСУ-ын өмнө үүд хаалгаа дэлгэж, хөгжлийн
замдаа шуударснаар олимпийн наадмыг зохион байгуулсан билээ.

Гэхдээ бид БНХАУ-ын жишээгээр өөрсдийн хүчээр олимп зохион байгуулж
чадна. Ардчилсан нам орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн уриа нь “Мөрөөдөл
биелнэ”. Тэр нь дээр дурьдсанчлан олимпийн наадмыг нийслэлдээ хүлээж
авахын тулд одооноос хөдөлмөрлөх тухай юм. Олон хүн энэ үгийг “Ёстой л
мөрөөдөл юм даа” хэмээн хүлээж авч байгааг буруутгах аргагүй. Монголчууд
хэзээ ч бүтэхгүй юмыг бас “мөрөөдөл” гэж ярьдаг талтай. Харин хөгжингүй
орнуудын иргэд мөрөөдлөөрөө хөгжиж ирсэн юм. “Америкийг гүйцэе” гэсэн
уриа дэвшүүлсэн Японы Ерөнхий сайд мөрөөдөж байсан юм. Гэхдээ түүнд
төлөвлөгөө байлаа. Япон улсыг хөгжүүлэх агуу их төлөвлөгөө. Хэрэгжүүлж
чадсанд л түүний агуу чанар оршиж байна. Бид ч гэсэн мөрөөдөж чаддаг
болох хэрэгтэй юм. Залуучууд бид дор бүрнээ хичээж, өөрийгөө хөгжүүлж,
мөрөөдөж гэмээнэ хэрэгжүүлж чадна.

Х.БАТСАЙХАН
ЭХ СУРВАЛЖ: "МОНГОЛЫН МЭДЭЭ" СОНИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж