Монгол хүний 98,5 хувийн санал

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Монгол хүний 98,5 хувийн санал

Тусгаар тогтнолын үнэ цэнэ & монгол хүний 98.5 хувийн санал

Тусгаар тогтнол. Энэ хоёрхон үгний цаана тухайн улс орны бүх ард түмний эрх чөлөө бий гээд бодохоор ямар аугаа вэ. Тэр тусмаа цөс нь хөөрүү, цус нь халуун монголчуудын хувьд омогшсон, түүхийн хуудсыг сөхөж хэлэлцэж мэтгэлцсэн өдөр болж өнгөрлөө. Өнөөгийн бидэнд хамгийн ойрхон утгаараа гэвэл өчигдөр анх­дугаар Манжийн дар­лалаас ангижирч дэлхий дахинд тус­гаар тогтнолоо зарлан Үндсэн хуулиа баталсан өдөр. Энэ түүхэн үйл явдал 88 жилийн тэртээ буюу 1924 оны арваннэгдүгээр сарын 29-нд болсон аж. Харин Ардчилсан Үндсэн хуулийн “төрсөн өдөр” нэгдүгээр сарын 13-нд болдог. Тусгаар тогтнол гэдэг үг энэ цаг үед улам үнэ цэнтэй болсоор байгааг гео­политик, даяаршсан эдийн засгийн бүхий л нөхцөл бай­дал харуулсаар байна.

Тухайлбал өмнө нь манай улс “БНМАУ” гэдэг нэртэй байхдаа өмнөд хөрштэй хаалттай, явцуу харилцаатай, хойд хөрштэй болохоор дээдэс доодсоос эхлээд хэл соёл, хоол хүнс,  бүх салбарын тогтолцоо, бодлого, бүр ураг төрлийн хүртэл гүн гүнзгий холбоотой явж ирэв. Бүр ОХУ-ын хилээр нэвтрэх визийг эс тооцвол “холилдчихсон” байснаа нэг л өглөө мэдээд тусгаар тогтнолоо хайж эхэлсэн. Энэ хооронд тухайн үеийн төрийн удирдлагууд хөрштэйгээ нийлээд түүхийг маань яасхийгээд зохиож бичээд тавьчихсаныг ч бүү мэд.

Ингээд тоймловол “1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Жибзун­дамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд өр­гөмжилж гурван улсын хэлэлцээр нэрийн дор Авто­номит улс болгосон тоглоомын Засгийн газрыг түлхэн унагаж Монголын тусгаар тогтнолыг тунхаглан зарласан  юм байна” гэдэг нь лав эргэлзээгүй нотлогдсон. Үүний дүнд өөрийн гэсэн гал голомттой туурга тусгаар улс болж анхдагч эрх чөлөөгөө олж авчээ.
"Хамгийн үнэ цэнэтэй, нандин энэ түүх хуучрах тусам үнэд орох бус мартагдаж буй нь эмгэнэлтэй. Эдүгээ архины шилний бөглөөн дээрээс “БНМАУ” гэсэн үгийг хараад цочиж, алдагдсан ой санамжаа олж авахыг тэртээгээс сануулах аж"

Дараа нь эдийн засгийн эрх чөлөөгөө эрэлхийлж эхлэв. Гэтэл орос ах нар маань үүнд нь дургүйцэж байгаа гэж жигтэйхэн. Үеийн үед Ерөнхий сайд л ард түмнийхээ өмнөөс “гуйлгачин” болж очдог хойно 1913 онд Ерөнхий сайд Намнансүрэн Оросын Засгийн газраас зээл гуйж очжээ. Хариуд нь оросууд Өвөр Монголоос цэргээ тат, Хиагтад болох гурван улсын хэлэлцээрт оролц гэсэн хоёр шаардлагыг тулгажээ. Энэ бол Монголын тусгаар тогтнолын түүхтэй Оросын дарамт байнга хамт явж ирсний жишээ. Тэгэхээр хойд хөршийн тэрхүү түрэмгийллийн ч гэсэн “төрсөн өдөр” болж байна гэхэд хилсдэхгүй болов уу.

Үндсэн хууль бол Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын гол багана. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд баталсан. Яаж байж баталсныг нь жил бүрийн энэ өдөр “Намрын халуун өдөр” киногоор үзүүлдэг байсан. Мэдээж уран сайхны найруулга, улс төрийн ухуулга, сурталчилгаа хангалттай орсон ч түүхэн үүргээ биелүүлж нэгэн зууны турш ард түмний тархийг угааж чадсан. Ингээд Үндсэн хуультай, тусгаар тогтнолоо тунхаглан зар­ласан улс болчихлоо. Гэсэн ч нэг л гундуу. Удаа дараагийн дайны хөлд өртөмтгий, хүн ард нь тарчиг ядуу хэвээрээ. Товчхондоо Ардын хувьсгал мандуулсан туг шигээ ард түмнээ бадрангуй амьдруулж чадахгүй л байв.

Харин одоо миний хамгийн дурсах дуртай өдрийн тухай ярих гэж байна. Энэ бол 1945 оны аравдугаар сарын 20-нд улс даяар тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалт явуулсан. Монголын түүхэн дэх хамгийн гоё сонгууль. Дундад Иргэн Улсын Засгийн газраар Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх түүхэн хариуцлагатай энэ сонгууль хүйтэн дайны эхэн үед болсноороо онцлогтой. Тэр үед бичиг үсэгтэй иргэн хүртэл цөөн байсан гээд бод доо. Тиймээс санал хураалтын хуудсан дээрх өөрийн овог нэрийн дор “зөвшөөрөх”, “тат­галзах” гэсэн хоёр үгийн аль нэгийн ард гарын үсгээ зурах, хэрэв бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууны хээг дарах заавар өгсөн байдаг. Энэ хоёр үг Монгол Улс тусгаар улс байх эсэхийг шийднэ гэдгийг гайхалтай сайн ухуулсан учраас нийт ард түмний 98,5 хувийн саналаар дэмжигдэж чадсан. Үлдсэн 1,5 хувь нь ямар нэг шалтгаанаар санал хураалтад оролцож чадаагүй бөгөөд үүнийг түүхчид янз бүрээр тайлбарладаг юм билээ. Ийнхүү Хятадын Засгийн газраас ажиглагчид ирж хянасан ч сонгуулийн насны 487 409 иргэнийхээ саналаар Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан.

Хамгийн үнэ цэнэтэй, нандин энэ түүх хуучрах тусам үнэд орох бус мартагдаж буй нь эмгэнэлтэй. Эдүгээ архины шилний бөглөөн дээрээс “БНМАУ” гэсэн үгийг хараад цочиж, алдагдсан ой санамжаа олж авахыг тэртээгээс сануулах аж.  Бидний ирээдүйн эзэн гэх архи уудаг “хүүхдүүд”-ийн “БНМАУ гэгч ямар брэнд юм бол” гэж асуухыг сонсох ямар хэцүү гээч. Жил бүр Тусгаар тогтнолын өдрөөр амарч, үндэсний бөхөө барилдуулж, түүхийг гуйвуулсан хэдэн киногоо давтаж, Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөчихөөд Д.Пүрэвдорж агсны “Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би” шүлгийг яруу тод уншуу­лахын цаана жинхэнэ утгаар нь тунхаглаж чадсан билүү гэж харамсах аж.

Монгол Улс эдүгээ тусгаар тогтнолоо улам баталгаажуулахын тулд хойч үеийнхээ өмнө юу хийж чадах вэ. Түүнийг хэн хийх вэ. Хэрэв шаардлага гараад тусгаар тогтнолоо бусдад хүлээн зөвшөөрүүлэхэд хүр­вэл 98,5 хувийн санал авч чадах болов уу гэхээс сэтгэл хөндүүрлэх мэт. Гаднынхны дарангуйлал, түрэмгийлэл, булаан эзлэлт, ядуурал гуйланчлал гэгчийг монголчууд мар­таад 88 жил болж байна. Бид Үндсэн хуулиар олгосон эрх чөлөөгөө эдлэн, дулаан байр, халуун хоол, сурч боловсрох эрхээс хавьгүй илүү зүйлд шунах болж. Энэ шунал хамгаас үнэтэй нийтлэг эрх ашгийн дээр гарч “Тусгаар тогтнол”-оо алдах хэм­жээнд хүргээд буйг тэмдэглэлт өдрийн омогшил, огшил, хөөр хийр-хэлтэй зэрэгцүүлэн сануулахад илүүдэхгүй биз ээ.

У.ОРГИЛМАА
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж