Микроныхон шударга бусаар өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Микроныхон шударга бусаар өрсөлдөж байна

Шатахууны үнэ өсөх сургаар хамгийн түрүүнд үнээ нэмдэг, орой үдэш 1000
төгрөгөөр явдаг, мөнгө хураагч нь авах юмгүй ааштай гээд микро
автобусныхны балаг дуусахгүй. Тэгсэн хэр нь бид өглөөдөө микронд уралдан
сууж, ажилдаа яваад, оройдоо хүлээн байж хөл дүүжлэн гэртээ харьж
байгаа нь үнэн. Аргагүй шүү дээ, өөр унаа байх биш, манайд.

Такси хөлөглөөд байх хүн хэд билээ. Автобусанд суух гэхээр өглөө оройтож
гарч, орой эртлэн зогсоод олдох юм биш. Ийм байхад бид сайн, муу
хэлээд, өндөр үнээ төлөөд, микронд суухаас өөр яах вэ дээ. Гэхдээ микро
автобусны үйлчилгээ эрхлэгчид дэндүү шударга бусаар өрсөлдөж байна. Тэд
эхэндээ “Бид амьдрахын эрхэнд ингэж явна” гэсэн гоё үгээр халхавч хийж,
дайрдаг байлаа. Тиймдээ шатахуун жаахан нэмэгдэх сургаар үнээ нэмсээр,
одоо ямар ч хяналтгүй, өөрсдийнхөө дураар үнэ тогтоогоод давхиад байна.

Тэд амьдрах гэж ядсандаа биш ашиг хонжоондоо улайрч байна гэхэд болно.
Ямар ч ашиг олохгүй байна гэж бүгд үглэдэг ч үнэн хэрэг дээрээ огт өөр.
Саяхан нэг микронд явж байгаа хоёр хүн яриаг сонслоо. Мөнгө хураагч нь
жолоочтойгоо ярьж байгаа нь тэр. Нөхдүүд “Өнөөдөр орой таван цагт гараад
ердөө 180 мянган төгрөг л оллоо. Муу байна аа, хог гэж. Ингэж хий эргэх
гэж” хэмээн хоорондоо ярьж байсан. Тэгэхэд цаг шөнийн 10:30-ыг зааж
байгаа юм. Ердөө таван цагийн дотор 180 мянган төгрөг олсон гэсэн үг. За
их идлээ гэхэд 50 мянган төгрөгийг нь шатахуунд зарцуулна. 10 мянгыг нь
замын хуудсанд өглөө гэж бодоход хүн тус бүр 60 мянган төгрөгийн ашиг
олсон байна гэсэн үг юм. Ёстой нөгөө цөм хийнэ гэдэг л энэ байх.

Томхон компанийн гүйцэтгэх захирал ч өдөрт 60 мянган төгрөгийн цалин
авахгүй байгаа. Бодит үнэн энэ. Тэгэхэд микроныхон ердөө таван цагийн
дотор 180 мянгыг олж байна. За болъё. Өглөө 07-22 цаг хүртэл яваад,
цэвэр ашиг нь нэг хүнд 60 мянга гарахгүй байна гэж байхгүй. Ингээд
бодохоор нөхдүүд шударга бусаар өрсөлдөж байгаа нь ойлгомжтой. Тиймээс
Нийслэлийн нийтийн тээврийн газар биш ШӨХТГ энэ тал дээр анхаарал
хандуулмаар байна.

О.Магнай даргыг нэг юм хийх байх гэж найдаж байгаа хэрэг. Өнөөдөр микро
автобусыг Нийслэлийн нийтийн тээврийн газар зохицуулж чадахгүй гэдэг нь
тодорхой болчихлоо. Чадах байсан ч хүсэхгүй байгаа биз.

Өнөөдөр микро дураараа үнээ нэмж, хурд хэтрүүлж, уралдаж байхад, буудлаа
хувааж хэлсээр сүүлийн таван жилийг үдлээ. Тэр хугацаанд нийтийн тээвэр
хянах гэж оролдоогүй гэхэд болно. Нэг хэсэг тасалбар тасалдаг болгох
гэж үзсэн ч бүтэлтэй юм болоогүй. Хянаагүй болохоор яаж үр дүнд хүрэх вэ
дээ.

Иргэдийг гомдол байвал хэл гэдэг ч тэр дагуу асуудлыг шийдэж байгаа нь
хаана байна. Нэг ч микро автобусны хаалганд, дотор нь санал гомдол хэлэх
утас байхгүй. Хааяа нэг Нийслэлийн нийтийн тээврийн газраас байцаагч
гарч, буудлууд зогсдог ч, ажлаа хийдэггүй. Нөгөө хэдэн жолооч, мөнгө
хураагч нь байцаагчтайгаа ах дүү болчихсон. Далыг нь алгадаад өнгөрөөж
байгаа юм. Эсвэл 5000 төгрөг атгуулчихдаг. Ийм л шударга бус өрсөлдөөн
нийтийн тээврийн салбарт өрнөж байна. Тиймээс О.Магнай дарга шударга
өрсөлдөх боломжоор хангана байгаа.

Н.ПУНЦАГБОЛД
ЭХ СУРВАЛЖ: "МОНГОЛЫН МЭДЭЭ" СОНИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж