– Сонсогч, фенүүдээ багагүй хүлээлгэсэн Х.Отгоо уран бүтээлдээ эргэн иржээ. Тэдэнд барих таны бэлгийг сонирхож болох уу?
-Би тодорхой хугацаанд уран бүтээлээ завсарласан. Уран бүтээлч, дуучин хүнд ч гэсэн хувийн амьдрал бий. Тиймээс зөвхөн тайзан дээр дуулаад байлгүй, хувийн амьдралаа ч гэсэн зохицуулах шаардлагатай байлаа. Харин одоо бол шинэ цомгийнхоо ажилд ороод явж байна. Уг нууцалж байгаад нэгмөсөн сюрприз дэлгэе гэж бодсон ч оны өмнө шинэ бүтээлээ хүргэхээр гэнэтхэн шийдлээ. Эхний маань сингл “Диваажин” бэлэн болоод байна.
-Цомог хэдийд бэлэн болох вэ?
-Яг төлөвлөж хэлэх хэцүү. Он гарсаар их зүйл бодож, олон хүмүүстэй уулзаж, шинэ дуунууд маань эхнээсээ гарч байна. Ирэх онд олон шинэ бүтээл гаргаж, цомгоо ч хүргэнэ гэж бодож байна.
-“Диваажин” дууны клипийг бүтээхэд ямар баг ажилласан бэ?
-Клипийн ажилд хоёр студи хамтран ажилласан. Ерөнхий монтаж, оператороор Төгсөө гээд, өмнө нь миний “Нэгэн залуу”, “Чамд зориулья”, “12 сар 12 цаг” гээд дууны маань клипийг хийж байсан дүү маань ажилласан. Клипний тайз засал дээр урлагийнхан дунд “өндөр” гэгддэг Эрка гэдэг залуу ажилласан. Саяхан шинэ студитэй болсон юм, Эрка. Түүний студийнхэн Бодоотой хамтран ажилласан байгаа. Мөн make-up artist-аар Мөөнөө, түүний найз ажиллалаа. Мөн амьд хамтлагтай хамтран ажилласан гээд олон хүмүүсийг хамарсан баг ажиллалаа. Клипний зураг авалтаа “Naran Mall” дотор хийсэн. Тэнд жижигхэн гоё тайз байдаг юм билээ.
-Дуу бүтсэн түүхийг сонирхвол?
-Ерөнхийдөө энэ дуу нэлээд олон жилийн өмнө бэлэн болчихсон л даа. 2007 онд гарсан миний цомгийн өмнө зохиосон дуу. Ер нь дууг удаан бодоод байх тусам жижиг өөрчлөлтүүд гарч ирдаг. Тэгж засагдаж явсаар энэ удаад шинэ цомгийн маань эхний дуу болж, Отгоогийн өнгө төрх болон гарч байна. Дууны үг нь ч гэсэн хүн дандаа диваажин шиг биш ээ, цаана нь их юм байдаг гэсэн санааг багтаасан.
Альтернатив дуучин Х.Отгоогийн “Диваажин” дууг сонсоно уу
Г.ДАША