Пакистаны Лахора мужийн Шахдра хотод өнгөрөгч баасан гаригаас эхлэн гурав хоногийн дотор 13 хүн ханиадны эмэнд хордож, нас баржээ. Пакистаны албаныхны тайлбарласнаар иргэдийн хордсон ханиадны эмийг жоргүй олгодог бөгөөд тун хэтрүүлж, эсвэл өөр төрлийн эмтэй хольж хэрэглэснээс ийнхүү хордсон байж болзошгүй гэнэ. Энэ хэрэгтэй холбоотойгоор тэрхүү эмийг худалдаалсан эмийн санг түр хааж, эзнийг нь баривчлан саатуулжээ. Одоогоор хотын эрүүл мэндийн мэргэжилтнүүд ханиадны эмийг шинжилж, орц, найрлага, бодисын хэмжээ нь зөв эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Ямартай ч хадгалах хугацаа болон гаднах савлагаанд ямар нэг зөрчил байгаагүй аж.
Үүнээс өмнө мөн Лахора мужид 100 гаруй хүн зүрхний эмэнд хордон нас барсан тохиолдол гарч байжээ.
Б.АНХТУЯА