-Уучлаарай, уучлаарай Дураа.
Уучлаарай, уучлаарай Дураа… гээд л аялна шүү дээ. Гайхах, шоолох хоёр зэрэгцэн асуув. Та яагаад ингэж дуулаад байгаа юм бэ гэвэл,
-Ингэж л дуулдаг юм аа, миний дүү гэж мэдэмхийрнэ гээч. Тэр үед өнөөгийнх шиг аймаг бүхэн хэт богино долгионы радиогүй. Нэлээд бийлэгжүүнүүд Хятадын “диско” гэрэлтэй хөгжимтэй. Түүгээрээ “Сүү” гэсэн цэнхэр кассетыг “зажилтал” нь явуулна. Харин бусад нь “Илүү сартай зун” дээр гардаг шиг радио хүлээн авагчаар мэдээлэл авна. Эсвэл 18-22.00 цагийн хооронд МҮОНТ-ийг үзнэ. Нөгөөх нь паржигнаад сонсогдохгүй, жирэлзээд харагдахгүй. Тиймээс л буруу, зөрүү тааж, таамаглан дууны үгийг цээжилдэг шиг юм болно. Ингээд л айлын эгчийн таасан шиг “Зулаа”-г нь “Дураа” болгож сонсоно. Одоо ч иймэрхүү юм хөдөөд хэвээрээ л байгаа.
Бидний өнгөрсөн зуунд, одоо ч хэрэглэж байгаа аналоги системийн сул тал нь тэр. Тэгвэл тоон системд шилжсэнээр та радио, телевизийг илүү дуу, дүрсний нягтралтайгаар хүлээн авна гэсэн үг. Адаглаад л “Зулаа”, “Дураа” хоёрыг андуурахгүй. Өнөөгийн манай улсад ашиглаж буй анологи системээр дамжуулж буй долгион орон зай, давтамжийн хувьд багахан зайнд чанар муутайгаар хүрдэг учраас яг юу яриад байгаа нь төдийлөн сайн сонсогддоггүй. Тиймээс л олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2015 он гэхэд бүх улсыг тоон систем буюу дижитал системд шилжих зөвлөмж өгсний дагуу Засгийн газраас 2014 оны долдугаар сарын 31 гэхэд шилжих шийдвэр гаргачихсан, бэлтгэл ажлаа хангаад явж байна. Манай улс тоон системд шилжихдээ Европын улсуудад хэрэглэж буй DVB-T2 системийг сонгон авсан юм. Энэ нь хамгийн сүүлийн үеийн гэж хэлж болохуйц систем гэж ойлгож болно. Энэ ажлын хүрээнд бүх аймаг, сумын дамжуулах станцуудыг шинээр барих аж. Яагаад гэвэл хуучин станцууд тоон системд таарахгүй. Мэдээж улсын төсвөөс санхүүжиж байгаа болохоор энэ ажилд шаардлагатай хөрөнгө мөнгийг нь гаргах нь дамжиггүй. Хамгийн гол асуудал бол иргэдийн ашиглаж буй телевизор DVB-T2 системд таарах уу, үгүй юу гэдэг асуулт.
“Радио телевизийн сүлжээ” УТҮГ-ын дарга Т.Гантөмөрийн хэлснээр өнөөдөр Монголд худалдаалагдаж буй телевизорын 90 орчим хувь нь энэ системд таарахгүй аж. Электрон барааны дэлгүүрүүд голдуу урд хөрш болон Япон, Өмнөд Солонгос, АНУ-аас бараа бүтээгдэхүүнээ оруулж ирдэг. Гэтэл БНХАУ тоон системд шилжихдээ DTMB стандартыг сонгосон. Харин АНУ, Өмнөд Солонгос ATSC, Япон ISDB стандартыг сонгоод буй. Мэдээж дээрх улс орнуудын үйлдвэрлэгч нар өөрийнхөө стандарт нийцсэн л бүтээгдэхүүн гаргаж буй. Тэгэхээр бидний сонгоод буй DVB-T2 стандартад нийцэхгүй гэсэн үг. Харин бидний сонгосон стандартыг Герман, Их Британи, Финлянд зэрэг Европын орнууд мөрдөж буй учраас тэдний стандартад нийцсэн телевизор таарна гэсэн үг.
Мэдээж хэрэг 2014 онд аналоги сигналыг зогсоогоод шууд тоон системд шилжихгүй. Тиймээс таны авсан телевизор 2014 он гэхэд гарахгүй болох нь гэж санаа зоволтгүй. Аажмаар шилжих учраас эхний ээлжинд одоогийн телевизээрээ телевизийн сувгуудыг үзэх боломжтой гэж ойлгоход болно. Харин та шинээр телевизор авах гэж байгаа тохиолдолд DVB-T2 стандартад нийцсэн эсэхийг нь сайтар лавлах нь чухал. Яагаад гэж үү?
Яагаад гэвэл энэ стандартад нийцээгүй телевизорыг ашиглахын тулд та нэмэлт box худалдан авч байж телевиз үзнэ гэсэн үг. Мэдээлэл, технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаагийн хэлж байгаагаар ирэх оноос эхлэн тодорхой стандарт гаргах аж. Энэхүү стандартад тоон системд шилжиж буйтай холбогдуулан Монголд худалдаалах телевизорын стандартыг тогтоох юм.
Телевизороос гадна бас нэгэн анхаарах зүйл нь радио хүлээн авагч. Өнөөгийн бидний ашиглаж буй радио хүлээн авагч аналоги системийнх учраас тоон системд таарахгүй. Тиймээс бас л шинээр авах хэрэг болно гэсэн үг. Автомашин үйлдвэрлэгчдийн хувьд “Ford” компани дуу хөгжмийг тоон системээр дамжуулдаг “DAB” радио технологийг 2012 оноос эхлэн өөрийн автомашинуудад суурилуулж эхэлсэн байна. Харин бусад нь одоохондоо энэ талаар мэдээлэл хийсэнгүй.
Тоон системийн гол ач холбогдол нь эрчим хүч хэмнээд зогсохгүй хөдөө, орон нутагт өнөөгийнх шиг зургаан телевизийн сувгийг гурав гурваар нь бус бүр найман сувгийг дуу, дүрсний өндөр нягтралтайгаар хүлээн авах боломжтой болно. Дээр нь цаг агаарын мэдээ гэх мэт өөрийн хэрэгцээт мэдээллээ радио хүлээн авагч ашиглан авах боломжтой болно. Нөгөөтэйгүүр Монгол орны 70 орчим хувийг хамардаг телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийг орон даяар хүлээн авах боломж бүрдэнэ гэсэн үг. Тиймээс л бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд тоон системд шилжиж байна.
Харин иргэдийн хамгийн их анхаарах ёстой зүйл нь худалдан авалт. Бид гаднаас цахилгаан бараа авах нь элбэг байдаг. Сүүлийн үед бүр “цэцэг түүх” гэдэг үг гараад амжсан. Өөрөөр хэлбэл, Япон зэрэг тоон системд бүрэн шилжсэн улсууд хуучин радио, телевизороо ашиглахгүй хаях болж. Харин манайхан түүнийг нь аваад бөөн зардал чирэгдэл болгон эх орондоо авчирдаг. Авчирсан хойно нь нөгөөх телевизор нь систем нь таарахгүй “хог” болдог. Үүнтэй нэгэн адилаар өөр улс орнуудаас телевиз, радио хүлээн авагч авахаар бол систем нь таарах таарахгүйг сайтар анхаарах хэрэгтэй. Тэдгээр телевизор, радио хүлээн авагчийг ашиглалаа гэхэд нэмэлт төхөөрөмж шаардагдана гэсэн үг. Тиймээс л илүү мөнгө төлөхгүйн тулд та бүхэн Монгол Улс сонгосон стандартыг сонгох нь чухал. Тэр нь DVB-T2 стандарт.