
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл тамирчидтай уулзах үеэр жүдо, сирым бөх, аэробик гимнастик болон шатрын спортынхонд тулгарч буй асуудлын талаар ярилцав. Аэробикийнхний тухайд зориулалтын шал байдаггүй, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдээд шал худалдан авсан ч дэсэх заал учир дутагдалтай гэдгийг сайдад дуулгав. Харин шатрынхны тухайд оюуны спорт гэдгээр нь онцлох учиртай, тамирчдын амжилтад харгалзах мөнгөн шагналын үнэлэмж бага гэдгийг хэлсэн юм. Мөн бэлтгэл сургуулилт хийх заал талбайн хүрэлцээ муу байгаа талаараа тамирчид учирлав. Харин ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Яамны зүгээс эхний ээлжинд спортын салбарынхны хууль эрхзүйн орчны тал дээр туслахаар анхаарч байна. Одоогийн байдлаар спортын барилга байгууламжийн тухай хууль, биеийн тамир, спортын хороодын эрх зүйн байдлын тухай хууль, биеийн тамир спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна. Та бүхэн хуулийн ажлын хэсэгт орж ажиллан санал хүсэлтээ хэлэхийг зөвлөж байна” гэлээ.