“Michael Learns to Rock”-ын дууг хэн сайн дуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

“Michael Learns to Rock”-ын дууг хэн сайн дуулах вэ?

Дэлхийн одод Монголд саатна. Энэ бол 90-ээд онд дэлхийн поп ертөнцөд ноёрхож байсан алдарт “Michael Learns to Rock” хамтлаг. Тус хамтлагийн Азийн орнуудаар хийх аялан тоглолтын нэгд Монгол Улс багтсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. “Michael Learns to Rock” хамтлаг ирэх арванхоёрдугаар сарын 7, 8-нд Улаанбаатар хотноо ирж, “UB Palace”-д тоглолтоо хийснээр Азийн орнуудын аялан тоглолтоо өндөрлүүлэх юм байна.  

“Michael Learns to Rock” хамтлагийн Монголд хийх тоглолтыг “Evento” ХХК санаачлан, ерөнхий зохион байгуулагчаар Монголын Залуучуудын холбоо ажиллаж байгаа ба төслийн зөвлөхөөр хөгжмийн зохиолч Б.Долгион, хөгжим гэрэлтүүлгийг “Тotal Music” компани, хамтран зохион байгуулагчаар  “Вагнер Ази”, “Улаанбаатар палас”-ын хамт олон оролцож байгаа юм.

“Michael Learns to Rock” хамтлагийн “Paint my love”, “25 minutes”, “That’s why go away”, “Sleeping child”, “Take me to your heart” хит дуунуудаар нь Монголын залуус сайн мэднэ. Тэгвэл уг тоглолтыг зохион байгуулагчид “Micheal Learns To Rock” хамтлагийн дууг хэн сайн дуулах вэ? уралдааныг зарлажээ. Уралдааны бүртгэл хэдийнэ эхэлсэн бөгөөд эхний шалгаруулалт энэ сарын 28-нд МЗХ-ны төв байранд болох аж. Харин хоёр дахь шалгаруулалт ирэх сарын 4-нд болох бөгөөд оролцогчдын дуулсан бичлэгийг “You Tube” цахим сайтад байршуулан үзэгч, шүүгчдийн саналаар шилдэг 10 оролцогчийг шалгаруулах ажээ.

Ирэх сарын 5-нд уралдааны шилдэг гурван оролцогч тодорч, “Michael Learns to Rock” хамтлагтай телевизийн шууд нэвтрүүлэгт оролцох боломжтой болох юм байна. Шилдэг гурван оролцогчийг “Michael Learns to Rock” хамтлагийн  тоглолтын тасалбар мөн хүлээж байгаа гэнэ. Яараарай залуус аа.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж