МАН Увс, Өвөрхангайн асуудлыг ярилцав

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

МАН Увс, Өвөрхангайн асуудлыг ярилцав

УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдөр үдээс хойш хуралдлаа. Уг хуралдаанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өнгөрсөн долоо хоног буюу арваннэгдүгээр сарын 22-нд Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийсэн байна. Тус шүүхэд өнгөрсөн зургадугаар сард Увс аймгийн Ардчилсан намаас гомдол гаргаж,  “УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин, УИХ-ын гишүүний тангараг өргөсөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасч, УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг эргүүлэн татах” хүсэлт гаргаад байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхээс тэднийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах, нэрсийн жагсаалтаас хасах шаардлагагүй” хэмээн үзсэн бололтой. 

Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Өвөрхангай аймагт УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Ш.Төмөрхүү нарын тухай аж. Сонгуулийн ерөнхий хорооноос Ардчилсан намаас тус тойрогт нэр дэвшин өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт нарын УИХ-ын гишүүний тангаргыг өргүүлэхээр нэрийг нь өргөн мэдүүлээд буй. Гэвч УИХ дахь МАН-ын гишүүд “Асуудал шүүхийн шатанд яваа тул Г.Батхүү, Д.Зоригт нарын УИХ-ын гишүүний тангаргыг өргүүлэх боломжгүй” гэж үзсэн байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж