Бразилийн “Интерлагос” авто тойргуулгад улирлын хаалтын уралдаан болсон. Улирлын турш ширүүн өрсөлдсөн нисгэгчдийн цомын тэмцээний ялагчийг энэ гараа тодруулсан юм. Феттел 13 онооны давуу байдалтай гараанаас гарсан бөгөөд дөрөв болон түүнээс дээш байрт ороход цом түүнийх болох байлаа. Харин Алонсод түрүүлээд өрсөлдөгчийнхөө үр дүнг хүлээхээс өөр сонголт байгаагүй.
Уралдаан эхлэхэд зам хуурай байсан. Испани нисгэгч долдугаар байраас гарч, эхний эргэлт дээр тав руу орж чадсан бол Феттел долоо руу орсон байна. Гэхдээ бүтэн хоёр цагийн турш үргэлжилсэн сонирхолтой үйл явдлын дөнгөж эхлэл нь энэ байлаа. “Уилльямс”-ын Бруно Сеннатай мөргөлдөж, жолоодлого алдсанаар хамгийн арын байрлалд орсон. Энэ үед бүх хүн Феттелийн уралдаан дууслаа гэж бодож байсан ч азаар түүний машинд ямар нэгэн гэмтэл гараагүй байжээ. Үүнийг л хүлээж байсан Алонсо Фелипе Масса, Марк Уэббэр нарыг ээлж дараалан гүйцэж гуравдугаар байрт уралдаж эхэлсэн. Феттел, Алонсо нар энэ байрлалаар уралдааныг дуусгахад цом испани нисгэгчид очих байлаа. Гэвч Алонсо байрлалаа хадгалж чадаагүй төдийгүй Феттел араас нэхсээр гүйцэн ирж, 15 дахь тойрог гэхэд л зургаад уралдаж эхэлжээ. Аюулгүйн машин гарч ирсний дараа Алонсо дөрөвт, Феттел тавт явж байсан. Энэ үр дүн Герман нисгэгчийн хувьд хангалттай байсан ч “Рэд Бүлл” питстопд маш их хугацаа алдлаа. Феттелтэй холбоо тасарнаас болж гэнэтийн пит хийхэд нь баг бэлэн байгаагүй бөгөөд ингэснээр их хугацаа алдаж түүнийг 11 дүгээр байр руу оруулжээ. Азаар бүх машинууд үүний дараа питлэйнд ороод гарсан нь Феттелд зургадугаар байраа эргүүлэн авах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Дэлхийн аваргын сэтгэл догдлуулсан мөчүүдийн нэг энэ байлаа. Алонсо өмнө байгаа багийн анд Массаг гүйцэж түрүүлэн хоёрт орсон ч цомоо өөрийнх болгохын тулд дахин нэг байр урагшлах шаардлагатай байлаа. Байрлал тогтоох гараанд түрүүлсэн Льюис Хамилтон Хюлкенбергтэй мөргөлдөж уралдаанаас гарчээ. Хюлкенберг торгууль хүлээж, харин Хамилтон Маклаений өмнөөс хийж байгаа сүүлчийн уралдаандаа барианд орж чадсангүй. Үүнийхээ дараа тэрээр багийн инженерүүдтэйгээ салах ёс гүйцэтгэсэн гэхэд болно. Эхлэлээсээ төгсгөл хүртэл сэтгэл догдлуулсан олон үйл явдлуудаар дүүрэн болсон Гранпригийн ялагчаар Женсон Баттон тодорч, “Феррари”-гийн хослол удаалжээ. Энэ үр дүн Феттелд цомыг авчрахад хангалттай байсан юм.
Тэрээр Михайл Шумахерээс хойш таван гран-прид дараалан түрүүлсэн нисгэгч болсон төдийгүй хамгийн залуугаараа дараалан гурван дэлхийн аваргад түрүүлсэн нисгэгч болсон. Шумахерын хувьд сүүлчийн уралдаанаа хийн, их спортоо орхиж байгаа ч Феттелийн амжилтад сэтгэл хангалуун байгаагаа уралдааны дараа хэлсэн. Ийнхүү өрсөлдөөн дүүрэн өрнөсөн “Формула нэг”-ийн ДАШТ өндөрлөж Феттел цомын эзэн болсон юм.