-Дахин санал хураалтад Д.Арвин ялсан юм байна. Хэдэн хувийн санал авсан бэ? Ирцийг тодруулахгүй юу?
-УИХ-ын сонгуулийн 22-р тойрогт дахин санал хураалт болсон. СЕХ дахин санал хураалтын дүнг 22-р тойргийн хорооноос авч, Д.Арвин, Д.Батзориг нарын авсан саналыг хэлэлцэж, хуралдлаа. Энэ удаагийн дахин санал хураалтад Д.Арвин илүү санал авсан тул түүнийг өнөөдөр УИХ-д даргад гишүүнээр сонгогдсоныг тооцож, танилцуулж байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн авсан санал тэнцсэн болон 28 ба түүнээс дээш хувийн санал аваагүй бол дахин санал хураалт явуулах хуультай, дахин санал хураалтаас хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүн болно гэж заасан байдаг. Энэ удаа Д.Арвин 43.1 хувийн санал, Д.Батзориг 40 хувийн санал авсан байна.
-Тэгэхээр дахин санал хураалтад ирцийн босго хувь гэж байхгүй гэсэн үг үү?
-Байхгүй. Хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялагчаар тооцно. Дахин санал хураалтад ирцийн хувийг тусгайлан заагаагүй байгаа.
-Тэгэхээр орон нутгийн сонгуулийн дахин санал хураалт явуулсан ч ирцийг тусгайлан заагаагүй гэсэн үг үү. Сая ингэж ирц хүрэхгүй байгаа юм чинь одоо дахин санал хураалт явуулахад ирц бүр ч хүрэхгүй гэсэн болгоомжлол байсан.
-Тийм ээ. Сонгогчдын ирцийг заавал 50 хувьд хүрэх ёстой гэх мэт тусгайлсан заалт байхгүй.
-МАХН-аас жагсаалтаар их хуралд сонгогдсон Ц.Оюунбаатартай холбоотой маргаан байгаа учраас тангараг өргүүлэх эсэх нь эргэлзээ байгаа гэх юм?
-Түүнтэй холбоотой маргаан СЕХ-д ирсэн. СЕХ тэр асуудлыг хэлэлцээд өмнө гаргасан шийдвэр хэвээрээ гэж үзсэн болохоор Ц.Оюунбаатар тангараг өргөнө гэсэн үг.
-Өвөрхангайн маргаан эцэслэн шийдэгдээгүй байхад яагаад нэрийг нь өргөн барьсан юм бэ. Тэгэхээр тэд тангараг өргөнө гэсэн үг үү?
-Сонгуулийн ерөнхий хорооноос ямар ч гэсэн нэрийг нь өргөн мэдүүлсэн. Тангараг өргүүлэхтэй холбоотой дараагийн асуудлуудыг УИХ-ын Тамгын газар зохион байгуулах ёстой. Тэгэхээр тангараг өргөхтэй холбоотой асуудлыг УИХ-ын Тамгын газраас асуух нь зүйтэй байх.
-Хэний гаргасан нэхэмжлэлийн дагуу, аль шатны шүүхээс гарсан шийдвэрийг харгалзаж, Өвөрхангайн тойрогт Г.Батхүү, Д.Зоригт нарын нэрийг өргөн барьсан бэ?
-Өвөрхангайн шүүхийн шийдвэрийг үндэслэсэн. Гомдол гаргагч нь хоёр тал байгаа. СЕХ шүүхийн шийдвэрийг үндэслэж, шийдвэрээ гаргасан.
-Увс аймгийн тойргийн маргаантай холбоотойгоор Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын нэрийг эргүүлэн татах уу?
-Увс аймгийн шүүхтэй холбоотой мэдээлэл одоогоор СЕХ-д ирээгүй байна.
-Орон нутгийн сонгуулийн дүнг хэзээ танилцуулах вэ?
-Өнөөдөр өглөөнөөс эхлэн тойрог, хэсгийн хороодын мэдээллийг авч байна. Нийслэлийн хувьд өнөөдөр ажлын цаг дуусахаас өмнө дүнг нэгтгэн авч, хичнээн тойрогт санал хураах талаар нэгдсэн дүн гарна. Бүх аймагт ирц хүрсэн. Гэхдээ дүн эцэслэн гараагүй байна. Харин зарим аймагт 1-6 хэсгийн хороонд ирц бүрдээгүй гэсэн мэдээ байгаа. Өөрөөр хэлбэл, зарим аймагт нэг тойрогт дахин санал хураах бол зарим аймагт 6 хэсгийн хороонд дахин санал хураана гэсэн үг.
-Дахин санал хураалтыг хэзээ зарлах вэ?
-Дахин санал хураах хэсгийн хороодын мэдээллийг нэгтгээд бэлтгэл ажлаа хийнэ. Орон нутгийн сонгуулийн тухай хуулинд зааснаар дахин санал хураалтыг долоо хоногийн дотор зарлаж, санал хураана гэж байгаа. Дахин санал хураалтад ирц хамаарахгүй гэдгийг дээр хэлсэн. Өөрөөр хэлбэл, дахин санал хураалт ирц хүрэхгүй байсан ч хамгийн их санал авсан нэр дэвшигчийн ялсанд тооцоод явах юм.
-Ирц хүрээгүйтэй холбоотойгоор гадаад амьдарч байгаа монголчуудыг нийт сонгогчдын тоонд оруулсан байсан. Хэрвээ орон нутагт байнга оршин суухгүй байгаа гадаад дахь монголчуудын тоог хасч тооцвол зарим хэсгийн хороонд сонгогчдын ирц хүрнэ гэсэн яриа байгаа. Үүнийг тайлбарлахгүй юу?
-Ийм мэдээлэл гарч байна лээ. Энэ асуудал бол үнэний ортой гэж үзэж байгаа. Сонгуулийн тухайн хуулинд тухайн орон нутагтаа 180 болон түүнээс дээш хугацаагаар амьдарч байгаа иргэнийг сонгогч гэж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутагтаа 180 хоногоос дээш хугацаагаар амьдраагүй бол сонгогч гэж үзэхгүй гэж заасан байгаа. Тиймээс удаан хугацаагаар гадаадад амьдарч байгаа иргэдийн тоог нарийвчлан гаргах л шаардлагатай болж байгаа юм л даа.
-Нэг саналын хуудсыг ойролцоогоор хэдэн төгрөгөөр хэвлэж байна вэ. Дахин санал хураалтаар багагүй зардал гарах байх?
-Үүнийг хэвлэх үйлдвэртэйгэээ ярьж байгаад л шийднэ дээ. Одоо хэлэхэд хэцүү байна. Дахин санал хураалт явуулах хэсэгт саналын хуудсыг хэвлэнэ. Өнөөдөр бид хэсгүүдээс мэдээ авч байна. Аль хэсэг хичнээн сонгогчтой байгаа тооцоогоо аваад мэдээлнэ.