Үсний будгаас харшил авч, амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Үсний будгаас харшил авч, амиа алджээ

Их Британийн баруун Йоркшайэрийн Китли хотод оршин суудаг 38 настай Жули МакКейб гэгч эмэгтэй өнгөрсөн жилийн аравдугаар сард гэртээ “L’Oreal” брэндийн “Preference” гэх үсний будгаар үсээ буджээ. Гэвч Жули МакКейб үсээ будаж дуусмагц амьсгал нь боогдож, улмаар эмнэлэгт хүргэгдэх замдаа хүчтэй харшил өгсний улмаас комд орсон байна. Тэрээр Китли хотын эмнэлэгт жил гаруй хугацаанд ухаангүй байсны эцэст өнгөрсөн долоо хоногт нас баржээ. Жули МакКейб үүнээс өмнө тогтмол үсээ буддаг байсан ч үсний будгаас харшил өгч байгаагүй гэнэ.

Түүний үснээс авсан шинжилгээгээр “парафениленедиамин” гэх бодис их хэмжээгээр илэрсэн байна. МакКейбийн гэр бүлийнхэн үсний будгийн найрлагад багтсан дээрх химийн нэгдэл түүний үхлийн шалтгаан болсон гэж үзэж буй ажээ. Эмч нарын зүгээс үс будахад ашигласан бээлий болон бусад хэрэгслийг шинжлэхийг хүссэн байна. Дээрх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.

Их Британид үсний будгаас хордож, харшилсан хэрэг ховор гардаг ч сүүлийн үед хэд хэдэн тохиолдол гарчээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж