Д.Арвины нэрийг УИХ-д өргөн мэдүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Д.Арвины нэрийг УИХ-д өргөн мэдүүллээ

Сонгуулийн ерөнхий хорооноос Баянзүрх дүүргийн 22-р тойрогт УИХ-д нэр дэвшигч Д.Арвиныг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээр өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.

Тэрбээр орон нутгийн сонгуультай хамтатган явуулсан дахин санал хураалтад олонхийн санал авсан байна.  УИХ-ын тухай хуулийн дагуу дахин санал хурааж, хамгийн их санал авсан нэр дэвшигчийн нэрийг УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасны дагуу өнөөдөр УИХ-ын даргад Д.Арвиныг өргөн мэдүүлж байгаа юм. УИХ-ын 22-р тойрогийн дахин санал хураалтаар  нэр дэвшигч Д.Арвин 43,1 хувь, Б.Батзориг 40 хувийн санал авчээ. Нэр дэвшигч Д.Арвин ийнхүү УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдон, ирэх пүрэв гаригт тангараг өргөхөөр боллоо. Тэрбээр өмнө нь гурван удаа Хэнтий аймагт нэр дэвшин, сонгогдож байсан бол энэ удаагийн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн юм.

Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс ирүүлсэн албан мэдээлэлд,

-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт явагдсан дахин санал хураалтад оролцсон 44923 сонгогчийн буюу 43,1 хувийн санал авсан нэр дэвшигч Дашжамцын Арвинг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоолыг өнөөдөр /2012.11.26/ СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн УИХ-д өргөн мэдүүллээ гэжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж