Ерөнхийлөгч төрийн соёрхол хүртэгсдэд баяр хүргэж хэлэхдээ “Өнөөдөр монголчууд бид бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр. Юуны өмнө энэ өдрийн мэндийг нийт иргэддээ хүргэе. Монголын түүх бол агуу, түүнийг бүтээдэг ард түмэн бас агуу агаад уужим сэтгэлтэй, хэмжээлшгүй оюун ухаантай хүмүүс юм. Мөн Монгол орны маань байгалийн гоо сайхан гайхамшигтай. Энэ бүхнийг тэр энд хүргэж дүрсэлнэ гэдэг өөрөө агуу зүйл. Төрийн соёрхлыг улс тунхагласны ойгоор гарамгай бүтээлд олгодог уламжлалтай. Өнөөдөр энэ төрийн соёрхлыг хүртэж буй Бавуудорж маань “Монголын их амар амгалан”, “Дорно” бүлэг шүлэг, “Агай” найраглал, “Хүннү туульс”, “Хүрэл чоно” зэрэг бүтээлээрээ Монголчуудын оюун санаа, сэтгэлгээний гүн гүнзгий байдлыг гаргаж чадсан юм. Эдгээр гайхамшигтай бүтээлээрээ дорнын ард түмэн ийм агуу уянгалаг, гүн гүнзгий яруу сэтгэхүйтэй шүү гэдгийг харуулснаараа Бавуудорж онцгой ялгардаг гэдгийг хэлье.
Мөн математикийн шинжлэх ухааны салбарт олон жил хүч оюунаа сорьж буй эрдэмтэд маань өнөөдөр бас Төрийн соёрхол хүртэж байна. Ийнхүү төр соёрхол хүртээж буй нь Монгол Улс суурь шинжлэх ухаанд гарсан шинэ нээлтүүдийг үнэлдгийг харуулж байгаа юм. Ер нь суурь шинжлэх ухаанд гарч буй бүтээл, нээлтүүдийг Монгол Улс цаашид үнэлэх болно гэдгийг тэмдэглэн хэлье. Ингээд суурь шинжлэх ухааныг хөгжүүлэхэд болон энэхүү нээлтэд олон жил үр бүтээл, хүч хөдөлмөрөө зориулсан эрдэмтдэдээ баяр хүргэе. Монгол хүний оюун ухааны эн гэдэг дэлхийн дэвжээнд өрсөлдөх чадвартай гэдгийг та бүхэн харуулсан түүхэн үйл явдал өнөөдөр тохиож байна хэмээн бодож байна. Бүгдэд нь дахин баяр хүргэе” гэв.