…Тахал нүүрлэж хүн нь үхсэн хот шиг
дэндүү гунигтай, чимээгүй. Навчисын дэггүйн аргагүй сэрчигнэх дуу ч үл
сонсогдох ой мод. Энд уг нь бие биендээ гоо мөчирөө гайхуулан байдаг
модод ургаж нарны өөд тэмүүлэн байдаг атал гар хөлөө тасдуулсан тахир
дутуу харагдах мянга мянган хожуулаас өөр харах зүйл үгүй. Ойн харуул
бяцхан хэрэм ч дүүлэн сүлжих модгүйдээ тунин газраар гомдонгуй мөлхөнө.
Намрын сэрүү ороогүй цаг. Гэсэн ч гашуудал зарлан гудайсан цөөхөн
моддоос нулимс мэлтийх адил өрөвдмөөр…
Нэгэн цагт цэцэрлэгийн багачууд цагаан цасан малгайтай, ногоон модон
хүрэмтэй, хөх усан хормойтой баян хангай уул минь хэмээн уралдан
шулганалддаг байсансан. Харин шүлгэнд гардаг тэр л дүр зураг өнөөдөр
дээр дурдсантай адил хүрмээ сэглүүлж нүцгэрчээ. Хатуухан хэлэхэд бидний
үр хүүхэд энэ сайхан шүлгийг унших хувьгүй. Байгаль эх өөрөө нэгэн бодь.
Цэлэлзэн урсах мөрнийг судас нь гэж бодвол мод магад түүнийг хамгаалах
арьс нь ч байж болох. Ийнхүү аль ч өнцгөөс төсөөлсөн байгаль амьд гэх
нотолгоо олдоно. Хайр мөнгө хоёр ямагт эсрэг цэгт байж ирсэн түүхтэй ч
мөнгөний төлөө байгаль эхийн хэвлийг хөрөө сүхээр сийчих нь өнөөдрийг
харж маргаашаа баллаж байгаа хэрэг. Хорвоо өөрөө дэндүү уудам учир
хулгайгаар мод бэлтгэхээс өөрөөр амьдрах арга зам байж л таараа. Бас
хууль, төр хоёр төмөр нүүртэй юм чинь эдгээр хулгайчдыг хашрааж ч
амжина. Харамсалтай нь манай улсын БОЯ олигтой харуул хамгаалалтыг бий
болгож чадахгүй байна. За алс нутгийг ярихаа больё. Нүдний өмнө байгаа
дархан цаазат уулынх нь модыг хятадууд тайрч аваад барилгын дэр мод хийж
байхад мэдээгүй сонсоогүй мэт сууж байгаа нь шүүмжлэхээс өөр замгүйд
хүргэв.
Тэдний хийдэг тодорхой ажил бол тоо батлуулах. Тодруулбал энэ онд хэдэн
куба метр мод бэлтгэнэ, тэдэн шонхор гадаад зарна, төдөн га талбайд
лиценз олгоно гэх мэтчилэн. Уг нь энэ яам өөрөө хамгаалах, хайрлах,
хориглох үүрэгтэй. Гэсэн ч статус нь гэрээ хэлэлцээр хийж цэвэрхэн
аргаар, хуулийн дагуу байгаль эхийг устгадаг болчихоод олон жилийг үдэж
байна. Үүний нэг жишээ бол “Ой цэвэрлэгээ”. Тус яам ойг цэвэрлэх
нэрийдлээр нойтон залуу модыг тайрч огтлох зөвшөөрлийг хувийн мод
бэлтгэдэг компаниудад өгсөн. Тэд ч сүүлийн хэдэн сар идвихтэй нь
аргагүй 30 машины тусламжтайгаар ойг утгаар нь “цэвэрлэж” байгаа.
Үүнийг нүдээр үзсэн би нэг өдөр хүн амьтны ам дамжин ярихыг сонсоод
цагаан даваан арлуу шөнийн 2 цагийн үед отолт хийсэн юм. Гэтэл уг
даваагаар ойн цэвэрлэгээ гэсэн цэнхэр бичиг кабиныхаа бөөрөнд наасан
машинууд цаг алгасалгүй нүргэлэн хольхилдож залуу хушийг зөөвөрлөх нь
тэр. Би ч бичиг баримтыг нь шалгатал хууль ёсны тамга тэмдэгтэй цаас
үзүүлж бардам загнасан бөгөөд жолооч нь бид ой цэвэрлэж байна гэж хэнэг ч
үгүй хариулах нь намайг хэлэх үггүй болгож орхисон юм. Энд 2 цаг харуул
хийхэд 3 том тэрэг, нэг чиргүүлтэй 30 машин нойтон мод ачаад явсан. Энэ
бол нэгхэн шөнийн хоёрхон цагийн явдал. Харин сар жилээр тооцвол
хулгайчид нь ч, яамных нь ч хэлэх үг мэдэх тоогүй болох нь гарцаагүй.
Энд
хэн нэгний хариуцлагагүй л болохоос хийж байгаа багахан ажлыг нь
үгүйсгэхийг хүссэнгүй. Саяхнаас өнөөх яам маань Байгаль орчныг хамгаалах
сарын аяныг өрнүүлж эхэлжээ. Аяны хү¬рээнд хууль бус мод бэлтгэлтэй
тэмцэх “Хяналт” нэгдсэн арга хэмжээг Байгаль орчин ногоон хөгжлийн
яамнаас ЦЕГ, МХЕГ-тай хамтран эхлүүлсэн байна. Энэ сарын 10-наас
эхлүүлсэн ажлын хүрээнд Сэлэнгэ, Төв, Архангай, Баянхонгор, Булган,
Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Орхон, Завхан, Өвөрхангай, Увс, Хэнтий,
Хөвсгөл аймагт мод бэлтгэж, тээвэрлэн, худалдан борлуулж байгаа аж ахуйн
нэгж, нөхөрлөлүүдэд хяналт, шалгалт явуулж байгаа гэнэ. Бас ч гэж үр
дүнд нь цөөнгүй зөрчил илрүүлээд байна. Өөрөөр хэлбэл, модны хулгайтай
тэмцэх ажил чамгүй эрчимжсэнийг дараахь баримтуудаас харж болно.
БОНХЯ-ны дэргэд байгуулсан Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх шуурхай
ажиллагааны тасгийнхан Сэлэнгэ, Төв аймгийн зарим суманд ажиллаж, албан
тушаалтантай холбоотой тав, аж ахуйн нэгж байгууллагатай холбоотой
гурав, хувь хүнтэй холбоотой арав, эзэнгүй хоёр нийт 20 зөрчил
илрүүлснийг УМБГ-т шалгаж байна.
Эдгээр зөрчлүүдээс хамгийн хачирхалтай
нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуй ойн ангиараа
ойн мод бэлтгэх талбай тусгаарлах ажлыг хийлгэж, мод, модон материалд
гарал үүслийн гэрчилгээ олгох ажлыг өөрийн орлогч В.Түмэндэмбэрэлд
хариуцуулсан байжээ. Мөн Засаг дарга Д.Сундуйн орлогч В.Түмэндэмбэрэл,
байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Баяржаргал, байгаль хамгаалагч
С.Мөнхзул нар “Сэлэнгэ Хөх Чоно” ХХК-д бэлтгэсэн мод, модон материалд
гарал үүслийн гэрчилгээ, гоожин хуваарь хэтрүүлэн, бөөнөөр олгосон
байгаа юм.
Бодит
амьдрал дээр Засаг дарга нь байгаль орчныхоо байцаагчтай нийлээд уул
усруугаа хууль бусаар халдаж байхад мөнгө олж хэдэн хүүхдээ тэжээх гэсэн
наймаачдад үнэндээ хэлэх үг олдохгүй. Дарга нар нь цусанд амташсан өлөн
чоно шиг зан гаргасаар тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ Хөх
Чоно” ХХК-ыг даврааж толгой дээрээ гаргасан байсан нь баттай илрээд буй.
Уг компани ойгоос мод бэлтгэх технологийн зааврыг удаа дараа
зөрчсөнөөс гадна мод бэлтгэх хуваарь хэтрүүлж байжээ.
Тус компани 2012 онд хэрэглээний мод 690
шоометр, түлээ 250 шоометр бэлтгэх хуваарьтай байтал, аж ахуйн хашаанд
нь нарсан палк 686 ширхэг, 32-ын банз найман шоометр, зах банз хоёр
шоометр, хэрэглээний мод 1420 шоометр байж. Бичиг баримтыг нь шалгахад
их хэмжээний гарал үүслийн бичиг авч Улаанбаатар хот руу хэрэглээний мод
тээвэрлэсэн нь тогтоогдсон юм. Энэ мэтчилэн нилээд олон компани хууль
бусаар мод бэлтгэсээр л байгаагаас гадна нэр хаяггүй зүгээр л огтлоод
ачаад явдаг хүмүүс олон байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тэд ийнхүү хулгай
хийхийн тулд өөрсдөдөө албан ёсны нэр хаяг өгч бүр хуулиар хүртэл
батлуулж компани гэдэг статусыг бий болгодог. Ингэснээр арай томхон
хулгай хийнэ гэсэн үг. Үүнээс дурьдвал Бугант тосгонд үйл ажиллагаа
явуулдаг “ЭБНЗ” ХХК, Түнхэл тосгоны “Хангайн бүргэд” ХХК гэх мэт. Мөн
эсгий цагаан гэрээ бариад хашаандаа хулгайн мод бөөгнүүлдэг айлууд ч
байгаа гэдгийг мартаж болохгүй. Хөгшчүүл модоо барьсан гуйлгачин шиг
хэмээн хэлэгнэдэг бол бид бүр барих ч модгүй түүлэгчид болох цаг ойрхон
байгааг сэрэмжлүүлж байна. Иймээс өнчин модны модны нулимс тоолсон
өөдгүй байгаль хэмлэгчидээс, байгалийг хайрлах биш хувхайлж байгаа
БОЯ-аас баян монгол орныхоо ногоон модон хүрмийг НЭХЭМЖИЛЖ байна.
Эх сурвалж: www.chuhal.mn