Жүдочдын дараагийн зогсоол Токио

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Жүдочдын дараагийн зогсоол Токио

Хятадын Чиндао хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг IJF-ийн гран-при ангиллын тэмцээн өнгөрөгч амралтын өдрөөр болж, Монголын жүдочид багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа. Дэлхийн 18 орны 200-гаад тамирчин зодоглосон тус тэмцээнд Монголын баг эрэгтэй 11, эмэгтэй дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв. Харин зохион байгуулагч Хятадын баг жин тус бүрт дөрвөн тамирчнаа сойж, дөрвөн алт, хоёр мөнгө, 10 хүрэл медалийн эзэд болсноор тэргүүлсэн байна.

Чиндаогийн гран-прид залуу голдуу бүрэлдэхүүнтэй оролцсоноос Г.Хэрлэн /60 кг/, Д.Төмөрхүлэг /66 кг/, Д.Сумъяа /57 кг/ нар алт, Д.Амартүвшин /60 кг/, Б.Хишигбаяр /66 кг/ нар мөнгө, Г.Одбаяр /73 кг/, О.Ууганбаатар /81 кг/, М.Уранцэцэг /52 кг/ нар хүрэл медаль хүртэв.

Жүдочдын дараагийн зогсоол Токиогийн “Их дуулга”. Өмнө нь “Кано Кап” нэрээр болдог байсан тус тэмцээн арваннэгдүгээр сарын 30-наас ирэх сарын 2-ны хооронд болох бөгөөд Монгол Улсаас Ч.Болдбаатар, Д.Амартүвшин /хоёул 60 кг/, Д.Алтансүх /66 кг/, Х.Цагаанбаатар /73 кг/, С.Ням-Очир, Н.Дагвасүрэн /81 кг/, Б.Тэмүүлэн /-100 кг/, Б.Төгөлдөр /+100 кг/, М.Ууганжаргал /эм, -78 кг/ нарын тамирчид зодоглохоор болжээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж