Даамчид Азийн аваргад амжилттай оролцлоо

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Даамчид Азийн аваргад амжилттай оролцлоо

Малайзын нийслэл Куала Лумпур хотноо энэ сарын 20-25-ны хооронд Ази тивийн даамын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол, Хятад, Япон, Тайланд, Сингапур, Малайз, Узбекистан, Казахстан зэрэг найман орны тамирчид өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн гэсэн ангилалд өрсөлдСөн юм. Энэхүү тэмцээнд манай улсаас таван насны ангилалд 39 тамирчин оролцож, үнэмлэхүй амжилт үзүүлсэн. Даамын төрөлд зургаан алт, гурван мөнгө, таван хүрэл медальтайгаар багийн дүнгээр тэргүүлсэн бол блиц болон рапид төрлөөс долоон алт, есөн мөнгө, 13 хүрэл медаль хүртэж, БНХАУ-ын дараа хоёрдугаар байрт оржээ. Монголчууд нийт 81 медалийн 43-ийг нь хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ.

Тэмцээний дүнг дэлгэрэнгүй танилцуулъя.

Үндсэн хоёр төрөл болох насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй ангилалд Монголын даамчид тэргүүллээ. 2003 оны Азийн аваргын мөнгөн медальт, их мастер Г.Ганжаргал түрүүлсэн бол тивийн дөрвөн удаагийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг мөнгө, олон улсын мастер О.Түвшинболд хүрэл медаль хүртлээ.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд спортын мастер М.Нямжаргал тэргүүлж, Азийн аварга боллоо. Тэрбээр өдгөө Улаанбаатар хотын I сургуулийн 11-р ангийн сурагч бөгөөд 16 настай залуу тамирчин билээ. Харин мөнгөн медалийг Хятадын тамирчин Жой Ханчин, хүрэл медалийг оюуны олимпийн хүрэл медальт Э.Мандахнаран хүртсэн байна.

Залуучууд болон өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нь анхны удаа зохиогдож байгаа бөгөөд манай тамирчдаас анхны Ази тивийн залуу аварга нэг, өсвөрт гурван аварга төрлөө. Үүнд ШУТИС-ийн оюутан О.Энхбат залуучуудын аварга болсон бол хөвгүүдийн 14-16 насанд Аж корпорацийн тамирчин, "Эхлэл" сургуулийн сурагч Ц.Отгонбилэг, охидын 14-16 насанд Дорноговь аймгийн I сургуулийн сурагч Д.Одонтуяа, охидын 11-13 насанд БЗД-ийн Шавь цогцолбор сургуулийн сурагч Б.Сугаррагчаа нар азийн аварга боллоо. Мөн 14-16 насны ангилалд А.Дашбаяр мөнгөн медаль, Б.Мөнхжин хүрэл медаль (хоёул БТСДунд сургууль), Шавь цогцолбор сургуулийн сурагч М.Одгэрэл хүрэл медаль хүртсэн бол охидын 11-13 насны ангилалд Г.Хэрлэнмөрөн мөнгөн медаль, охидын 7-10 нас буюу ирээдүйн найдвар ангилалд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сургуулийн сурагч Т.Ганчимэг хүрэл медаль хүртжээ.

Тэмцээний сүүлийн өдрүүдэд Ази тивийн аварга шалгаруулах түргэн тоглолтын тэмцээн болох рапид (15 минут), блиц (5 минут) төрлийн аваргууд тодорлоо. Эдгээр тэмцээнээс манай тамирчид долоон алт, есөн мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн амжилтаар БНХАУ-ын дараа II байрт оржээ.

Рапидын төрөлд (15 минут) Узбекстаны тамирчин түрүүлсэн бол гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг мөнгөн медаль хүртжээ. Эмэгтэйчүүдийн төрөлд Хятадын тамирчин тэргүүлж, оюуны олимпийн хүрэл медальт, спортын мастер Э.Мандахнаран мөнгөн медаль хүртлээ.

Залуучуудын төрөлд (17-19 нас) шинэхэн азийн аварга О.Энхбат хүрэл медаль хүртсэн бол, охидын төрөлд оюуны олимпын хүрэл медальт, спортын мастер Б.Нандинцэцэг аваргалж, спортын мастер М.Нямжаргал мөнгөн медаль, нийслэлийн 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ц.Энхцэцэг хүрэл медаль хүртлээ.

Рапид төрлийн өсвөрийн тамирчдаас дахин хоёр аварга шинээр төрж кадетын ангилалын (14-16 нас) бүх медалийг манай тамирчид авсан байна. Биеийн тамир спортын сургуулийн сурагч П.Түмэннасан, А.Дашбаяр нар аваргалж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сургуулийн сурагч Т.Баянжаргал, Шавь цогцолбор сургуулийн сурагч М.Одгэрэл нар мөнгөн медаль, биеийн тамир спортын сургуулийн сурагч Б.Мөнхжин, Дорноговь аймгийн 1 дүгээр сургуулийн сурагч А.Ичинхорлоо нар хүрэл медаль хүртсэн байна. Мини кадетын ангилалд (11-13 нас) Шавь цогцолбор сургуулийн сурагч Г.Хэрлэнмөрөн хүрэл медаль хүртсэн бол хоп ангилал буюу ирээдүйн найдвар (10-аас доош нас) Дорноговь аймгийн 1 дүгээр сургуулийн сурагч Ц.Чинзориг мөн хүрэл медаль хүртсэн байна.

Блицын төрөлд
(5 минут)  Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг аваргалсан бол Дэлхийн даамын холбооны мастер Д.Баттулга хүрэл медаль хүртсэн байна. Харин эмэгтэйчүүдийн ангилалд шинэхэн аварга спортын мастер М.Нямжаргал дахин аваргалж, спортын мастер Ц.Энхцэцэг дахин хүрэл медаль хүртжээ. Залуучуудын ангилалд спортын мастер О.Энхбат мөнгө, спортын мастер Б.Мөнхжин нар хүрэл медаль хүртсэн байна. Кадетын ангилалд Дорноговь аймгийн 1 дүгээр сургуулийн сурагч Д.Очир мөнгөн медаль, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сургуулийн сурагч Т.Баянжаргал хүрэл медаль хүртсэн бол Дорновь аймгийн тамирчин А.Ичинхорлоо аваргалж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын тамирчин Б.Алтанчимэг мөнгөн медаль, Шавь цогцолбор сургуулийн сурагч Б.Одгэрэл хоёр дахь хүрэл медалиа хүртсэн байна. Мини кадаетын ангилал буюу (11-13 нас) нийслэлийн 33 дугаар сургуулийн сурагч Б.Номин-Эрдэнэ мөнгөн медаль, шинэхэн аварга Б.Сугаррагчаа хүрэл медаль хүрсэн байна.

Энэ жилээс эхлэн даамын аварга шалгаруулах тэмцээн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн гэсэн ангилалаар явагдаж эхлээд байна. Өсвөрийн тамирчдын бүрэлдэхүүнд Дорноговь аймгаас долоо, Хөвсгөл аймгаас дөрөв, Завхан аймгаас дөрөв, Өмнөговь аймгаас хоёр,  Хэнтий аймгаас нэг, тамирчин, Замын-Үүдээс хоёр, бусад нь Улаанбаатар хотоос оролцсон байна.

Даамчид энэ сарын 28-нд эх орондоо ирнэ.



Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж