Фортун сэтгүүлийн мэдээлж байгаагаар хятадын засаг захиргааны нэн тэргүүнд шийдэх асуудалд ундны усны чанартай холбогдсон багц асуудлуудыг оруулжээ. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Хятад улс ундны усны хомсдолд эрчимтэй өртөж байгааг олон улсын судалгааны дүнгүүд нотолдог. НҮБ-аас явуулсан судалгаагаар ундны усны хэт хомсдолд орсон 13 улсын тоонд урд хөршийг оруулсан байна. Дэлхийн хүн амын 20 хувь нь урд хөршид амьдардаг. Тооны хэлээр тодорхойлбол нэг тэрбум 347 сая хүн өдгөө энэ улсад амьдарч байгаа гэсэн тооцоо бий. Гэхдээ дэлхийн цэвэр усны нөөцийн дөнгөж зургаан хувь нь л Хятадад оршдог аж. Тиймээс үйлдвэрлэл хөгжиж, хүн ам өсөхийн хэрээр ундны усны асуудал энэ улсын стратегийн том асуудал, том шийдэл байх нь гарцаагүй.
Зургаас харж байгаа Янцэ гол бол эртнээс нааш Хятадуудын амьдралыг тэтгэж ирсэн амин судас нь юм. Тийм ч учраас эрт, эдүгээгийн бүхэл соёл энэ голтой холбоотой байсаар иржээ. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ гол улаанаараа эргэлдэх болсон юм. Үүний хамгийн гол буруутан нь эрчимтэй өсч буй үйлдвэрлэл. Янцэ голын эрэг дагуу болон эргээс хэдхэн км-ын зайд байх томоохон үйлдвэрүүд хаягдлаа голын ойр орчим хаях, бүр цаашлаад голд бохир усаа асгах болсноос үүдэн энэ гол улаанаараа эргэлдэх болжээ. Шандон мужийн нутагт байрлах Янцэ голын өнөөгийн төрх ийм эмгэнэлтэй болжээ. Тус мужид хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаагаас түүнийг дагасан бохирдол мэргэжилтнүүдийн санааг зовоох болоод байна.
“Би өмнөд Хятадад жирийн фермерийн гэрт төрсөн. Багадаа би энэ голоос гадна, олон гол мөрөнд сэлдэг байлаа. Харин өнгөрсөн жил сэлдэг байсан гол, горхинд очтол өмнөх шигээ байгаагүй. Одоо бидний хайртай Янцэ голоос ундаалах байтугай ойртохын аргагүй болсон. Үүнийг дагаад тариалдаг байсан хүнсний бүтээгдэхүүнүүдийн гарц муудсэн. Зарим ургамлууд бүр ургахаа больсон” гэж СинТао үйлдвэрийн газрын ерөнхий менежер Гуо Пеян ярьжээ.
Хятад улсын нийт усны нөөцийг хэмжиж үзвэл 818 тэрбум куб метр ус болно. Гэхдээ 616 тэрбум куб метрийг л хэрэглэх боломжтой гэж үздэг. Зөвхөн Бээжин хотын нэг хүнд л гэхэд 100 куб метр ус ногдох тооцооллыг эрдэмтэд гаргажээ. Харин НҮБ-ын гаргаснаар бол нэг хүнд 1000 куб метр ус ногдож байвал хэвийн хэмжээ гэж үздэг. Мөн хятад улсад усны хомсдолд өртсөн 300 сая хүн байдаг бөгөөд жилд усны хомсдолоос болж 66 мянган хүн нас бардаг гэсэн тооцооллыг Дэлхийн банкнаас гаргажээ. Харин Хятадын засаг захиргаанаас жилд усны хомсдолыг бууруулах, чанарыг нь сайжруулах ажилд 22 тэрбум долларыг төсөвлөдөг гэсэн баримт бий. Энэ нь урд хөршийн дотоодын нийт бүтээгдэхүүний 1,1 хувьтай л тэнцэнэ. Харин мэргэжилтнүүдийн тооцооллоор дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг зарцуулж байж өнөөдрийн байдлаас бага зэрэг дээшлүүлж чадна гэдгийг усны мэргэжилтнүүд хэлж байна. “Хүн ам эрчимтэй өсч байгаа нь усны хомсдолыг үүсгэж байгаа. Дээрээс нь ирэх жилээс нэг айлд нэг хүүхэд хөтөлбөр хоёр хүүхэд болж өөрчлөгдөх гэж байна. Энэ нь усны хомсдолыг өнөө байгаагаас дордуулж болох талтай. Хэрвээ энэ байдлаараа өссөөр байвал 50 жилийн дараа хятад улс гаднаас ус импортлох хэмжээнд хүрнэ. Ялангуяа хятадын хойд хэсэгт усны байдал үнэхээр хүнд байгаа” гэж Азийн бүсийн байгалийн байдлыг судлах төвийн захирал Мэтью Дарнин ярьжээ.
Одоогийн байдлаар хүн ам нь эрчимтэй өссөөр байгаа ази тивд усны хомсдол өнгөрсөн 30 жилийнхээс аюултай байдалд хүрсэн тухай НҮБ-ын судалгаанд дурьджээ. Мөн Африк тивийн усны нөөц хамгийн аюултай түвшинд хүрсэн бөгөөд 30 жилийн дараа хянах боломжгүйд хүрнэ гэж мэдэгдээд байна. Усаар дамжин хүнд халдварлах өвчний тоо сүүлийн 10 жилийн дотор 30 хувиар өссөн гэдгийг ч мэргэжилтнүүд мэдээлж байна. Ямар ч байсан дэлхийн орнуудад усны хомсдол нүүрлээд эхэлсэн гэдгийг НҮБ анхааруулж байна. Харин ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг нь хүн төрөлхтөний сэтгэлийг зовоосон хэвээр байна.
ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ УСАА ХЭМНЭ!
Бид нийт хэрэглээнийхээ 80 хувийг гүний, үлдсэнийг нь гадаргын усаар хангадаг. Гэтэл Монгол орны усны нөөцийн ердөө 10 хүрэхгүй хувийг гүний ус эзэлдэг байна.
НӨӨЦИЙН ХОМСДОЛД ОРОХООР ИЙМ БОЛДОГ!!!
Ганц ширхэг А4-ын цаас үйлдвэрлэхийн тулд 10 литр ус зарцуулдаг. Цаасныхаа хоёр талыг бүрэн ашигласаны дараа л хаях тухай бодоорой.