Тахь хамгаалах санамж бичгийг үзэглэлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Тахь хамгаалах санамж бичгийг үзэглэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Япон улсын Токио хотын Барилгын газрын ерөнхий захирал Коичи Мурао нар өнөөдөр тахь хамгаалах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчлах үеэрээ Токио хотын Тама амьтны хүрээлэнд зочилж, тэнд амьдарч байгаа монгол тахийн тоо толгойг өсгөхөд анхаарч хамтран ажиллахаар ярилцжээ. Энэ дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санааг дэмжиж, Тама амьтны хүрээлэнгийн тахийг шинэ тахийн цусаар сэлбэх, тоо толгойг нэмэгдүүлэхэд анхаарах болсон аж. Ингэснээр Олон улсын тахь групп санаачилга гарган тахиудыг олох, нэг дор цуглуулах, онгоцоор тээвэрлэх гэх мэт нарийн төвөгтэй ажлуудыг зохион байгуулж, хариуцан ажиллах болжээ. Одоогийн байдлаар Олон улсын тахь групп, Тама амьтны хүрээлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран таван тахийг Швейцарийн Цюрих хотын амьтны хүрээлэнгээс энэ оны сүүлээр Токио хот руу тээвэрлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа юм байна.

Нөгөө талаар хоёр тал ийнхүү санамж бичигт гарын үсэг зурснаар тахь хамгаалах салбарт хамтран ажиллах өргөн боломжийг нээж байгаа төдийгүй дэлхийд ховордсон амьтнаар дамжуулж Монгол Улс, Япон улсын хоорондын харилцааг улам бэхжүүлэх ач холбогдол нээж байгааг албаныхан энэ үеэр онцлон тэмдэглэсэн юм.

Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригт, Олон улсын Тахь группын зөвлөх Д.Доржраа, Токио хотын хурлын ахлах зөвлөх Тошия Мита, Токио хотын хурал дахь Либерал Ардчилсан намын амьтны хүрээлэн, аквариумын дэмжлэг үзүүлэх бүлгийн дарга Акира Коисо нар оролцлоо.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж