”Ээж ээ, сайн байна уу” зургийн санааг охидоосоо авсан гэдэг

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

”Ээж ээ, сайн байна уу” зургийн санааг охидоосоо авсан гэдэг

Хүн бүхний багшаа, хүндэт Ленин багшаа гэж Монголын бүх хүүхдүүд дуулдаг тэр цаг үед түүн лугаа нэгэн багш бидэнд байсан нь Монгол Улсын ардын зураач, Төрийн соёрхолт Д.Амгалан багш минь байлаа. Зураач болох хүсэлдээ хөтлөгдөн, зургийн талаар ёстой юугаа ч мэдэхгүй амьтад багшийн гар дээр очицгоодог байсан. Зав зай л гарвал гадаа гараад тоглочихдог, бүр зуны хээрийн дадлагаар Тэрэлжийн Горхид очоод байхдаа ч хоорондоо байлдаж тоглоод хад сүлжиж хашгирч гүйлдэхэд бидний дуу уул хаданд цуурайтан аль хэдийнэ уулын бэлд судалбар хийн суугаа багшийн чихэнд хүрчихдэгсэн. Дүрслэх урлагийн дунд сургуулийн анхны төгсөгчид бид долдугаар ангиа дөнгөж төгсөөд л  ардын зураач О.Цэвэгжав, төрийн соёрхолт, ардын зураач Д.Амгалан багшийн гар дээр ирсэн азтай улс. Одоогийн хүүхдүүдийг бодвол дэндүү гэнэн байжээ, бид. Тоглож, тоглож жаахан зураг зураад бууж ирээд багшид зургаа үзүүлэх  үед  манай ангийн Цогтгэрэл үхрийн “аргал” зурсан байв. Энэ чинь юу юм бэ? гэж багш гайхан асуухад “Аргал” гэж хэнэггүй хариулсан, тэр. Энэ сайхан байгаль дундаас чи, очиж, очиж аргал олж харав уу? гэж багш загнан, бид тойрон хөхрөлдөж суусан. Энэ үедээ Амгалан багш “Миний эх орны өглөө” цуврал зураасан зураг, “Капитализмыг алгасч” зурагт хуудас, “Фронтын бэлэг”, “Жаахан шаргын нутгаар”, “Эмч ирлээ” зэрэг бүтээлээ  ид туурвиж байсан үе юм. Монгол хүний сэтгэлд хоногшин үлдсэн “Ээжээ сайн байна уу?” өнгөт хулдаасан зургаа өөрийн балчир охидоос санаа авч зурсан гэж надад ярьж билээ. Жаргалан, Жавхлан хоёр, энэ би, энэ би гэж хоорондоо булаацалддаг байсан тухай, мөн багш тэдэнд, “Та нар бүгдээрээ өөрийгөө гэж бод, өглөө босоод л ээж рүүгээ тэмүүлцгээдэг шүү дээ” гэж хэлсэн тухайгаа ярьдагсан. Багш маань таван сайхан хүүхдийнхээ гоё ганган хувцсыг өөрөө оёчихдог, идэш хоолоо өөрөө бэлтгэн, хонины гэдэс сайхан янзалчихдаг байсан. Юу ч сурсан цаашдын амьдралд чинь хэрэгтэй гэж бидэнд зааж олон зүйлийг сургаж байлаа. Намайг анх Москвад томилолтгүй очоод Хэвлэлийн сургуулийн номын зургийн ангид элчингийнхэн оруулсан юм. Яг тэр үед Амгалан багш маань Хуримын ордны зураг чимэглэлийн ажлаар яваа үе таарч, намайг өөрөө хөтлөн Суриковын сургууль руу очиж шалгуулан зураасан зургийн ангид оруулж өгсөн төдийгүй Монголд очоод томилолтыг минь араас явуулж байв. Манай Урчуудын хорооны боловсон хүчин Буянбадрах гуай осолд ороод байхгүй үеэр нь би таарч томилолтоо авч чадалгүй явсан юм. Багшийг маань сурч байх үеийн хүмүүс тэр үед Суриковын академийн захирал, багш нар болсон байв. Сургалтын албаны дарга Татъяна Алексеевна Скачкова гуай, Дагдаан! гэж баярлан угтаад, тэр үед натурт сууж байсан хүмүүс хүртэл багшийг танин, бүгд бүрин    ирж  хууч хөөрч байсныг харах надад бахархмаар бас сүрдмээр байсан билээ. “Төгсөлтийн баяр дээр чинь чиний гэргий, урт хар гэзэгтэй сайхан хүүхэн ирсэн, багш чинь чамайг, эхнэрээ зураад л дипломоо хамгаалж болох байсан байна гэж хэлж байсныг санаж байна уу” гээд л натурт сууж байсан нэг  авгай асууж байж билээ. Багшийн гэргий Өлзий эгч их сайхан бүсгүй байдаг, багш маань “Жаахан шаргын нутгаар” зурагтаа залуу насыг нь мөнхлөн үлдээсэн санагддаг. Мөн “Үдшийн болзоо” зураг багшийн минь залуу нас, хайр сэтгэлийн сайхан дурсамжаас нь төрсөн болов уу гэх бодол төрүүлдэг. Биднийг сурч байх үед багш их өндөр шаардлага тавина. “Сахилга бат” гэж дүн тавина. Зураач хүн сахилга баттай, тэсвэр хатуужилтай, удаан тэвчээртэй сууж сурах хэрэгтэй гэж байнга сургана. Заримдаа даалгавар, хичээлээ муу хийсэн үед, та нар шиг муу сурагч надад ер таарч байгаагүй гэхээр нь бид их айдагсан. Харин сургуулиа төгссөний дараа биднийг магтаж, байнга дурсч суудгийг нь дүү ангийнхнаасаа сонсдог байлаа. Хэдэн жилийн өмнө багшийн маань 70 насны ой боллоо. Ойн баяр дээрээ бидний оюутан ахуй цагийн зургуудыг дэлгэцэн дээр үзүүлж мөн дараагийн өдөр нь  Гачууртын Туул голын эрэг дээр шавь нараа урин нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэх сайхан боломжийг үр хүүхдүүд нь бидэнд олгосон билээ. Биднийг дөнгөж Дүрслэхэд орж байхад хээрийн дадлагад явахдаа барьдаг байсан майхнаа босгоод та нарт зориулан барьсан юм шүү  , одоо ч хаяхаар болжээ гэж ярьж суусан сан. Багшийн маань хүүхдүүд бүгд эрдэм боловсролтой болж зарим нь Америкт ажиллаж амьдарцгаадаг  тул жил бүр Америк руу Өлзий эгчтэй хамт тэд нарындаа зочлохоор  явдаг байлаа. Тэндээс ирэхдээ бас урлангаар ирж Америкаас авчирсан амтат чихрээ бидэнд тараана. Бид бас багшийг зурагтаар урьтаад харчихнаа. Тэнд болсон арга хэмжээн дээр нэгэн нэрт дуучин бүсгүйтэй бүжиглэж байгаа нь гарч билээ.

Би эх орноороо аялах дуртай. Яагаад ч юм бэ, хорин нэгэн аймгаасаа хамгийн сүүлд Сүхбаатараар өнгөрсөн жил явлаа. Багш минь ийм л сайхан нутагт төрж өсч дээ гэх бодол алхам тутамд төрж байв. Энэ жилийн анхны цаснаар Дарьганга сум руу дөхөн ирэх үед нар жаргах дөхөж тэнгэрт үүлс улайран байв. Нэг л сэтгэлд дотно, танил агшин… Би энэ улаан үүлтэй тэнгэрийг хаана харлаа гэж бодох зуур Амгалан багшийн маань “Мөрөөдөл” зураг тэр хэвээр сэтгэлд буудаг байгаа! Энэ л нутагт төрж өссөн, багадаа ааваасаа өнчирч хоцорсон хүү энэ тэнгэрийг ширтэн сайхан ирээдүйгээ сэтгэлдээ төсөөлөн суугаа байх даа гэсэн бодол төрж билээ. Багш минь мөрөөдөлдөө хүрсэн, мөн олон зуун шавь, шавийн шавь нар нь багшийн ачаар, Монголын дүрслэх урлагт мөрөө үлдээн нэр төртэй явцгаана. Зуны нэгэн сайхан өдөр багш минь мөнх бусыг үзүүлсэн. Уран барималч, шавь Р.Энхтайван нь Амгалан багшийн “Улаан тоос” хэмээх алдарт бүтээлийг улаан, ногоон өнгөт боржингоор өнгө ялган, чулуун баримал болгон Алтан-өлгийд байрлуулан мөнхөлж билээ. Би багшийнхаа төрсөн нутагт жил бүр очих байх. Үүний шалтгаан нь тэнд маш олон найз нөхөд, төрснөөс өөрцгүй дүү нартай болсных юм. МУЭ–ийн 70 жилийн ой дөхөж байгаа энэ үед багшийгаа дурсан суух сайхан байнаа… Багшийн минь бүх амьдрал Монгол эх орныхоо түүхийг уран зураг,  зураасан зургаар дамжуулан түүхэнд мөнхрүүлэх, олон авьяастныг дүрслэх урлагт дуртай болгон   хүмүүжүүлж ,Дүрслэх урлагийн дунд болон Дээд сургуулийг байгуулахад  бүрэн зориулагдсан билээ.

Зураач С.ТӨГС-ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж