”Монгол эрчим хүч, дулааны хомсдолд ороод байна”

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

”Монгол эрчим хүч, дулааны хомсдолд ороод байна”

Эрчим
хүчний салбарт ирэх дөрвөн жил хийгдэх ажил болоод салбарын өнөөгийн
байдлын талаар Эрчим хүчний сайд М.Сономпилтэй ярилцлаа.  


-Сайд Та, ямар байдалтайгаар эрчим хүчний салбарыг хүлээн авсан бэ?

-Цахилгаан
станц, дамжуулах шугамууд 40-50 жилийн насжилттай байна. Салбарын хувьд
тоног төхөөрөмжийн 80 гаруй хувь нь хуучирчихжээ. Тиймээс эрчим хүчний
салбар маань маш хүнд байдалд байна. Тодорхой хөрөнгө оруулалтууд
хийгдэж ирсэн ч шаардагдах хэмжээнд хүрээгүй. Гэтэл Монгол улс өнөөдөр
эрчим хүч, дулааны дутагдалд бодитойгоор орчихоод байна. Үндсэндээ хоёр
жилийн өмнөөс дулаан хангамжийн асуудал хүндэрч ирсэн. Өндөр ачааллын
үед гаднаас эрчим хүч импортолж байна. Монгол улсын эдийн засаг
өдрөөс өдөрт тэлж буйн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсч байгаа. Жилд 7-8
хувь, зарим аймгуудад 12 хувиар өссөн байх жишээтэй. “Цэвэр агаар”
сангийн “Утаагүй Улаанбаатар” төслийн хүрээнд жил бүр 6-8 тэрбум
төгрөгийн нөхөн олговор олгож байсан. Нийслэлийн удирдлагууд, “Цэвэр
агаар” санг байгуулахдаа нүүрс түлэхгүйгээр цахилгаан эрчим хүчээр
дулааны асуудлыг шийдэх бодлого барьсан. Гэвч хүйтний улиралд эрчим хүч,
дулааны ачаалал эрс нэмэгддэг учир дээрх бодлого бодитоор хэрэгжиж
чадахгүй байгаа юм.

Цахилгаан станцын ашиглах хугацааг 25 жил
гэж үздэг. Гэтэл ТЭЦ IV 30 жил, ТЭЦ II 50 жил, ТЭЦ III 44 жил ашиглагдаж
байх жишээтэй. Цахилгаан эрчим хүчний V эх үүсвэр байгуулах талаар
өнгөрсөн дөрвөн жилд маш их ярьж, олон удаа тендер зарласан ч тодорхой
ажил эхлээгүй л байна. Эрчим хүч, дулааны ашиглалт жилээс жилд өсч
байгаа энэ үед V цахилгаан станцыг барих гэрээ хэлэлцээрийг одоо хийгээд
сууж байх биш барилгын ажлыг нь аль эрт эхлүүлчихсэн байх ёстой байлаа.
Гэвч эрчим хүчний салбарт бодлого алдагдсанаас болоод эрчим хүч,
дулааны хомсдолд ороод байна. Ер нь эрдэс баялаг, эрчим  хүч
гэдэг хоёр нүсэр том салбарыг салгасан нь зөв болох нь алхам тутамд
мэдрэгдэж байна. Хоёр салбарыг нэгтгэсэн нэг яамтай байхад дунд нь зарим
ажил цалгардах нь их байжээ. Эрчим хүчний салбарт шийдэгдээгүй, хойш
тавигдсан ажлууд их байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд тодорхой төлөвлөгөө
гарган ажиллаж байна. Эн тэргүүнд салбарынхаа ирэх дөрвөн жилийн
бодлогыг тодорхойллоо.

-Эрчим хүчний салбарын ирэх дөрвөн жилийн бодлого юунд чиглэж байна вэ?

-V
цахилгаан станцын барилгын ажлыг ирэх жилийн тавдугаар сар гэхэд
эхлүүлэхээр төлөвлөж байна. Барилгын ажил дуусахад 3,6-4 жилийн хугацаа
шаардагдана. Энэ хугацаанд эрчим хүч, дулааны дутагдлыг хэрхэн шийдэх вэ
гэсэн асуудал гарч байгаа. Тиймээс ТЭЦ IV-ийг өргөтгөж байна. Дулааныг
180 ккал-аар өсгөх, 100 МВт хүчин чадалтай цахилгаан генератор трубин
суурилуулах ажил зохион байгуулна. Засгийн газраас баталчихсан учраас
энэ ажлыг нэн даруй эхлүүлнэ. 18 сарын дараа ТЭЦ IV-ийн  цахилгаан эрчим
хүч 100 МВт-аар нэмэгдэх юм. Өнөөдрийн байдлаар шинээр баригдаж
байгаа 174 барилга дулаанаа авч чадаагүй байгаа.  Ирэх жилд багтаан
дулааны асуудлыг бүрэн шийдэх үүднээс зарим ажлыг төлөвлөөд байна.
Амгаланд 1980-аад онд ашиглаж байсан, төмөр замын дэд бүтэцтэй “УС-18”
хэмээх уурын зуух бий. Хотын удирдлагуудтай хамтран газрыг нь чөлөөлж,
250 ккал хүчин чадалтай дулааны станц барих шийдвэрийг Засгийн газрын
хуралдаанаар оруулах гэж байна. Станцыг 16-18 сарын хугацаанд ашиглалтад
оруулах боломж бий. Эдгээр ажлыг ойрын 1-1,5 жилийн хугацаанд
хийж чадвал дулаан, эрчим хүчний гачаалаас эхний ээлжинд гарч чадна.
Өндөр ачааллын үед ОХУ-аас 170 МВт цахилгаан эрчим хүч авдаг. Үүнийг
240-250 МВт болгож нэмэгдүүлэх талаар тус улстай дахин шинэ хэлэлцээр
хийх арга зам бий.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчийг тэргүүлэх
зорилтоо болгож ажиллана. Энэ сард “Ньюком” компанийн 50 МВт салхин
станц ашиглалтад орно. Дархан-Уул аймгийн ТЭЦ-ийг өргөтгөснөөр эрчим
хүчний чадал ирэх жилийн арваннэгдүгээр сард 80 МВт-аар нэмэгдэх юм.
Ингэснээр V цахилгаан станц баригдаж дуусах 2016 он хүртэлх хугацааны
эрчим хүч, дулааны хангамжийг нөхөхөөр төлөвлөж, бодлогоо боловсруулан
ажиллаж байна.

-“Улаанбаатар ДЦС- 5” төслийг хэрэгжүүлэхэд учирч байгаа томоохон бэрхшээлүүд чухам юу байна вэ?

-Яг
одоо V цахилгаан станцыг барих урьдчилсан хэлэлцээр явагдаж байна.
Гэрээ зурагдснаас хойш 3,6-4 жилийн дотор ашиглалтад оруулна. Эрс тэс
уур амьсгалтай манай улсад өвлийн улиралд барилга бүтээн байгуулалтын
ажил үндсэндээ зогсдог нь цаг хугацааг уртасгаад байгаа. “Улаанбаатар
ДЦС-5” төслийн хувьд өмнө нь гарсан шийдвэрээр ТЭЦ 3-ын дэргэд барих
байсан. Шийдвэрийн дагуу яриа хэлэлцээр үргэлжлэх явцад хүндрэлтэй
асуудлууд гарч ирсэн. Жилд 1,8-2 сая тонн нүүрс тээвэрлэхэд
Улаанбаатарын төмөр замын ачаалал дийлэхээ больж байгаа юм. Зам тээврийн
яамнаас гаргасан судалгаагаар вагон таталт, буулгалтад 6-8 цаг
зарцуулахаар байна. Тэгэхээр ийм хугацаагаар ТЭЦ 3 руу орох зам боогдох
юм. Хоёр сая тонн нүүрс шатаахад 500-600 тонн хаягдал үнс гарна.
Түүнийг хаашаа зөөх вэ гэсэн асуудал гарч ирнэ. Одоогийн байдлаар ТЭЦ
3-ын үнс хаядаг бассейн дүүрчихээд байна. V цахилгаан станцын гэрээ
хэлэлцээрт үнсээ буцаагаад Багахангай хүртэл зөөвөрлөнө гэж байгаа.
Тэгвэл өдөрт 50-60 машины тээврийн зардал гарна. Түүнээс гадна ТЭЦ 3-ын
дэргэд байгаа 14 аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болж
байна. Тэдгээр байгууллагуудад нөхөн олговор болох нийт 55 тэрбум төгрөг
өгөх  шаардлага гарна. Энэ бүх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар
хэлэлцээд V цахилгаан станцыг Хонхорын орчим барихаар шийдвэр гарсан.
Хонхорын орчим барина гэсэн шийдвэрийн дагуу тендерт шалгарсан
компаниудтайгаа гэрээ хэлэлцээр хийж эхлээд байгаа.

-Үнсний
хаягдал томоохон бэрхшээл үүсгэдэг. Цаашид хэрхэн шийдвэрлэвэл зохилтой
вэ? Блокийн үйлдвэрт ашиглах боломж байдаг болов уу?

-Манайхаас
бусад оронд үнсээ ашигладаг. ТЭЦ-4 дээр хаягдал үнсийг ашиглах блокийн 
үйлдвэрийн төсөл хэрэгжиж эхлэх гэж байгаа. Улаанбаатарт ч бай,
Хонхорын орчимд ч бай цахилгаан станцуудын үнсийг тодорхой газарт
зөөвөрлөн, блок үйлдвэрлэгч компаниудад хүргэх ажлыг зохион байгуулах нь
зүйтэй юм.                        

-Нүүрсний ихээхэн нөөцтэй
манай улсын хувьд дотоодын зах зээлд бүтээгдэхүүний үнийн зохицуулалт
байдаггүй. Дотоодын зах зээл дэх нүүрсний үнэ буюу иргэдэд хүрэх үнийг
хямдруулна гэж Ерөнхий сайд мэдэгдээд байгаа. Энэ ажил хэрэгжих
боломжтой юу?

-Энэ асуудлыг Ерөнхий сайд ганцаараа яриад
хэрэгжүүлэхгүй. Салбарын хувьд хамтарч ажиллана. “Шивээ-Овоо”,
“Багануур”-т ажиллахдаа энэ ажлыг хэрэгжүүлэх бололцоог бий болго гэсэн
шаардлага тавьсан. Боломж байгаа. Үнийн хувьд өдөр, шөнө шиг ялгаа бий.
Багануурын нүүрс нэг тонн нь 30 мянган төгрөг хэрнээ хотод ирээд 250-300
мянга болдгийг гайхдаг. Шивээ-Овоод байгаа нүүрсний үнэ мөн л 15500
төгрөг. Шигшээд хог хаягдлыг нь авлаа гэхэд 20 гаруй мянган төгрөг
болно. Тиймээс нэг тонн нүүрсийг 100 мянган төгрөгөөр хэрэглэх боломжтой
гэж үзэж байгаа. Үүнийг хэрэгжүүлэхээр “Багануур”, “Шивээ-Овоо”
компаниудад үүрэг болгосны дагуу ажлууд эхэлсэн. Гол нь айл
өрхүүдэд тараах ажил нь хамгийн том асуудал болоод байна. Улаанбаатарын
баруун, зүүн хоёр дүүрэгт төмөр замын буулгах станц бий. Ченжүүд очиж
аваад, цаашаа үнэ нэмээд зарах юм бол байдал хэвээр л байна. Тэгэхээр
нарийн зохион байгуулалттай ажил хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм.
Ченжүүдтэй захиргааны аргаар тэмцэх боломжгүй. Одоогоор нүүрсний 5000
орчим ченж байдаг гэдэг тооцоо байна. Ченжүүдийг тодорхой хяналттай,
зохион байгуулалттайгаар татан оролцуулна. Жижиглэнгээр айл өрхүүдэд
хүргэх ажлыг зохион байгуулж эхлээд байна.

-Манай улсад
нүүрснээс гадна сэргээгдэх эрчим хүчний асар их боломж бий. Ирэх дөрвөн
жилд сэргээгдэх эрчим хүч рүү түлхүү анхаарахаа Та онцолж хэллээ?

-Манайд
улсад усан цахилгаан станц барих зайлшгүй шаардлага бий. Ялангуяа
Сэлэнгэ мөрний сав газарт усан цахилгаан станц барих асуудлыг сүүлийн
20-30 жил ярилаа. Эгийн голын усан цахилгаан станц барих ТЭЗҮ батлагдсан
байдаг. Дэлхийн банктай хамтран Шүрэнгийн усан цахилгаан станц барих
ТЭЗҮ-г хэрэгжүүлэх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өнгөрсөн сард томилсон.
Сэлэнгэ мөрөн Байгаль нуурт цутгадаг учир Оросын талаас байгаль экологид
ихээхэн өөрчлөлт орно гээд эсэргүүцэж байгаа. Гэхдээ ТЭЗҮ нь 1,6 жилийн
дотор хийгдэх юм. Тэр үед байгаль экологид хор хөнөөлтэй эсэх нь
тодорхой болох байх. Ямартай ч ирэх дөрвөн жилд усан цахилгаан станцын
ажлыг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Урсаж байгаа гол мөрнөө
ашиглан усан цахилгаан станц баривал маш хямд өртгөөр эрчим хүч
үйлдвэрлэх бололцоотой болж байгааг ард иргэддээ ойлгуулах ажлыг ч
зохион байгуулна. 

-Эрдэс баялгийн салбар эрчимтэй хөгжиж буй
манай улсад боловсруулах үйлдвэрүүд ашиглалтад ороод эхлэхээр ихээхэн
хэмжээний эрчим хүч шаардагдана. Зарим компани энэ асуудлыг өөрсдөө
шийдвэрлээд эхэллээ. Томоохон уурхайдыг түшиглэсэн эрчим хүчний станцууд
баригдахаар болж байна. Энэ чиглэлээр хувийн хэвшлийнхнийг хэр дэмжиж
ажиллах вэ? 

-Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар эрчим хүч,
дулааны эх үүсвэр бий болгож байгаа компаниудыг төрийн бодлогоор дэмжих
ёстой. Гэхдээ Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд ажиллах шаардлагыг
тавина. “Оюутолгой”-д 450 МВт цахилгаан станц, “Тавантолгой”-д 300 МВт
цахилгаан станц барихаар байгаа. Станц барих ажлыг эхлүүлэх төсөлтэй
хараахан танилцаж амжаагүй л явна. 

-Өдрийн болон шөнийн эрчим
хүчний хэрэглээний үнийн ялгаа зэргийг хөндөх эрчим хүчний үнийн
шинэчлэлийн асуудлыг хэзээнээс хэрхэн шийдвэрлэх вэ?

-Өнөөдөр
ОХУ-аас нэг квт цахилгааныг 104 төгрөгөөр авч ард иргэдэд 80 төгрөг,
үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд 100 төгрөгөөр хүргэж байгаа. Үүнээс маш их
алдагдал хүлээдгийг ойлгож байгаа байх. Тиймээс 2013 оноос эрчим хүчний
үнэ тарифын зохицуулалтын асуудлыг эргэн авч үзэх шаардлагатай болж
байгаа юм. Ингэхдээ ард иргэдэд өгч байгаа нэг квт эрчим хүчний үнийг
дахин нэмэхгүй. Харин аж ахуйн нэгжүүдийн үнэ тарифыг зайлшгүй нэмэх
болж байна. Ашигт малтмал олборлолтын компаниудад улс татаастай үнээр
цахилгаан эрчим хүч, дулаан өгөх шаардлагатай эсэхийг онцгойлон авч үзэх
юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд тусгай
тариф үйлчилнэ гэсэн үг. Сургууль, цэцэрлэгүүдэд үнийн шинэчлэл
хамаарахгүй. Эрчим хүчний үнийн татаасанд улс жилдээ 34 тэрбум төгрөг
төлдөг. Тодорхой зохицуулалттай үнэ тариф нэвтрүүлэх ажлыг 2013 оноос
эхлүүлнэ.

-Монгол улсын 2013 оны нэгдсэн төсөвт эрчим хүчний салбарын төсөв хэрхэн тусгагдсан бол?

-Шинээр
эх үүсвэр барих төсөв хязгаарлагдмал байгаа. 2012 онд эрчим хүчний
салбарт маш том төсөв баталсан. Тэгэхээр энэ жил төсөв танагдсан
гэхээсээ илүүтэй 2012 онд батлагдсан төсвийн ажлууд 2013 онд үргэлжлэн
хэрэгжих юм. 2013 оны төсөвт эрчим хүчний салбарт 260 гаруй тэрбум
төгрөг батлагдаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.


Э.ОДЖАРГАЛ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж