”Олон тушаалаас татгалзаж, сэтгүүл зүйдээ үлдсэн”

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

”Олон тушаалаас татгалзаж, сэтгүүл зүйдээ үлдсэн”

“Эхний хэдэн жил аялж байхад надад гунигтай санагддаг байлаа. Маш их зардал шаарддаг. Унаа тэрэгнээс эхлээд амар байгаагүй. Би 1998 оноос аялж эхэлсэн. Тэр үед Монгол телевиз ч хангалттай машин тэрэгтэй байсангүй. Хажуугийн аймагт очиход л унаа олдоггүй хэцүү байлаа. Ингээд аялалд гараад гадаадад амьдардаг хүмүүстэй адилхан зүйл бодогдоод нээрээ юуг нь үзүүлэх юм билээ гэж сэтгэл зовнидог байсан. Сүүлдээ дэлхий рүү яваад Монголоороо аялаад ирэхээр сайхан зүйлс нь харагдаад өөр болсон л доо. Одоо бол хүмүүсийн хандлага ч өөр болж. Эхлээд Монголоо л үзье. Дэлхийг бол хаанаас ч үзэж болно гэж хэлдэг. Энэ бол хүмүүсийн оюун санаанд гарсан том дэвшил. Үүнд би бага ч гэсэн хувь нэмрээ оруулсандаа бахархдаг” хэмээн ярих эрхэм бол МҮОНТ-ийн “Гараг” продакшны захирал, сэтгүүлч Гэндэнжамцын Бадамсамбуу. Түүнийг “Сэтгүүлч сэтгүүлчээсээ” булангийнхаа зочноор урилаа.

-Та Увс аймгийн Зүүнхангай сумын нутагт төрж, өссөн юм билээ. Нутгийнхаа үзэсгэлэнт газруудын тухай хэр олон нэвтрүүлэг бэлтгэсэн бэ?

-Манай нутаг их сайхан л даа. Зүүнхангай бол дунд зэргийн сум, гэхдээ олон бүслүүртэй. Хээр тал, өндөр сүрлэг уулстай. Зүүнхангай сумын нутгийн 40 хувь нь хөвч, Хан хөхийн нуруу гэж сайхан уулстай. Одоогоор төрсөн нутгийнхаа талаар хоёр нэвтрүүлэг бэлтгээд байна. Ер хэд хэдэн нэвтрүүлэг бэлтгэж болох нөөцтэй газар.

-Ховдын багшийн их сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн юм билээ. Багш бололгүй яагаад сэтгүүлзүй рүү урвах болов?

-Одоо бодоод байхад сэтгүүлч болох үндэс суурь бага насанд тавигдсан юм шиг байгаа юм. Би номтой их нөхөрлөдөг хүүхэд байсан. Сумын номын сангийн номыг бүгдийг нь уншсан. Багадаа зохиолчийг дээд түвшний тусгай хүн гэж боддог байлаа. Жюль Верн, Марк Твен нараас авахуулаад дэлхийн сонгодгуудыг уншдаг байсан. Түүнээс гадна аав маань үлгэр, домог ярьж өгдөг ер нь их мэдлэгтэй хүн байлаа. Энэ бүхнээс үүдээд зохиолч болох мөрөөдөл тээж явсан. Биднийг дунд сургууль төгсөхөд конкурс гэж морины уралдаан шиг юм болдог байлаа. Тэгээд оногдсон сургууль нь Ховдын багшийн сургууль. Би багш болох тийм ч дуртай биш. Олон нийтийн ажилд оролцохдоо жаахан хойрго нийгмийн идэвхээр ч сайн байгаагүй. Гэвч голдуу ангийн дарга, эвлэлийн үүрийн даргын албатай байсан.

Нэг таалагдсан зүйл нь утга зохиолын чиглэлээр мэргэшиж болох учраас хуваарилагдсан сургуульдаа суралцсан. Их сургууль надад угсаатны зүй, хэл шинжлэл, уран зохиол, гоо сайхан гээд олон талын мэдлэг олгосон. Хэл, утга зохиолын чиглэлийн сургууль төгссөн нь сэтгүүлч болоход том дэмжлэг болсон. Оюутан байхдаа бага ангид багшлах дадлага хийж чаддаггүй байлаа. Их, дээд сургуулийн оюутнуудад хичээл заах нь надад амар байдаг. Сэтгүүл зүй рүү орох суурь гэвэл нэгдүгээр курст байхад л эхэлсэн. Ховдын “Хөдөлмөр” сонинд нэгдүгээр курсээ төгсөх жилээ нэг мэдээ бичээд их баярлаж билээ. Тэр үед сэтгүүлзүй гэдэг амттай, сонин зүйл байлаа. Яагаад амттай гэж байна вэ гэхээр бичсэн юмаа сонинд хэвлүүлнэ гэдэг их хэцүү, шалгуур өндөртэй. Сонинд бичлэг нь гарсан хүн бол тусгайдуу маягийн байлаа. Ингээд сургуулиа төгсөхдөө “Хөдөлмөр”, “Улаан од” болон хөдөө орон нутгийн сонинд цөөнгүй мэдээ, шүлэг, өгүүллэг  хэвлүүлчихсэн  сургуулийн багш нарт нэлээд тоогдчихсон, сэтгүүлч төгсгөж байна гээд надаар  бахархаж байсан. Хоёрдугаар курсээсээ эхлээд зохиол бичсэн. Дөрөвдүгээр курстээ бүүр даамжирсан. Зохиол бичихдээ утга зохиолын хэв маягийг эвдэх чиглэл рүү орсон. Хэвшмэл утга зохиолыг эвдэх гэж оролдсоны үр дүн гарсан. 1991 онд модернист урсгалаар бичсэн зохиолынхоо түүврийг хэвлүүлж байлаа. Тэр ном нэг хэсэг шуугиулсан даа. Зохиол бичиж эхэлсэн үеэсээ л би багш болохгүй юм байна гэдгийг мэдэрсэн. Тухайн үед их авьяастай хүн яруу найрагч болдог. Яруу найрагч болж чадахгүй бол үргэлжилсэн үгийн зохиолч болдог. Үргэлжилсэн үгийн зохиолч болж чадахгүй бол сэтгүүлч болдог гэж ярьдаг байлаа. Тэгээд би ядаж сэтгүүлч болох юм байна гэж бодсон. Сургуулиа төгсөөд аймгийн сонинд ажилласан. Дараа нь төвийн хэвлэлд орсон.

-ММ агентлагийг анх үүсгэн байгуулагчдын нэг гэж таныг хэлдэг юм билээ. Энэ тухайгаа дурсвал?

-1996 онд улс төрийн сонгууль боллоо. Тэр үед би  “Улаанбаатар” телевизийн ерөнхий редактор байсан. Сонгуулийн өмнө ажлаасаа халагдлаа. Нэг талаар хуучин коммунистуудын шинэлэг үзэлтэй хүн байлгахгүй гэсэн шахалт нөлөөлсөн байх. Нөгөө талаар удаан хугацаанд амраагүй байсан надад толгойгоо амраах боломж гарсан. Хэсэг амарч байтал Ардчилсан намаас надад санал тавиад радио, телевизийг хариуцаж ажилласан. Тэгтэл Ардчилсан нам ялчихлаа. Анх ялж байгаа нь энэ. Ингээд надад албан тушаалууд санал болголоо. Би бол уран зохиол, сэтгүүл зүйн фанат болохоор даргын албан тушаал сонин биш. Мэргэжлээ хамгаална гэсэн инээдэмтэй үзэлтэй. Үүнээсээ болоод улс төрийн албан тушаалаас татгалзаж сэтгүүл зүйдээ үлдэхээр шийдсэн. Том албан тушаалуудаас татгалзаад байхаар Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргаар томилох уу гэсэн санал тавилаа. Энэ албан тушаалаас мөн л татгалзаад Үндэсний телевизид нэг жижиг хэрнээ чухал газрыг зохион байгуулаад Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл ажиллая гэж амласан. ТМ редакцийг ММ агентлаг болгож өргөжүүлээд тусад нь гаргалаа. ММ агентлагийг байгуулчихаад байж байтал шүүхээс дуудлаа. Тухайн үед тус агентлагийг Монгол телевизээс тасалж байгуулахад анхны захирлынх нь нэр дээр гэрчилгээ нь гарчихсан юм байна. Үүнээс болоод зарим хүний дунд “Монгол телевиз гээд л байсан чинь 30 хувийг нь Бадамсамбуу өмчлөөд авчихсан байна. Түүний нэр дээр ММ агентлаг байдаг юм байна. Яагаад улсын өмчид ингэж ханддаг хүн бэ” гээд л асуудал үүсгэж. Тэгээд би тайлбар өгсөн. ММ агентлагийг байгуулаад би очиж бүртгүүлсэн болохоор миний нэр дээр гэрчилгээ нь гарчихсан юм билээ. Одоо ММ агентлаг унаа машинтай сүрхий ажиллаж байгаа. Хэрэг эрхлэх газрын үе үеийн дарга нар “Бадамсамбуу чи нэг муу юм хийсэн” гэж хошигнодог юм. Монголын үндэсний радио, телевизийг бүхэлд нь захирах гэж ирэхээр ММ нь тусдаа байдаг болохоор тэгж хэлдэг байх. Ер мэдээллийн сектор бие даасан либерал үйл ажиллагаатай байх нь зөв л дөө.

-Таны нэрийн хуудас болсон “Аяллын цаг” нэвтрүүлгийг үзэх дуртай хүн олон байдаг. Нэвтрүүлгийг хийх санаа хэрхэн төрсөн бэ. З.Фрейд, К.Г.Юнг нарын номыг уншаад аялалд гарсан гэдэг. Энэ үнэн үү?

-Бид сэтгэлзүйн гүн ухааны чиглэлийн бүтээл туурвидаг хүмүүсийн номыг олж уншиж тэжээлээ авдаг байлаа. Энэндээ их автдаг байсан. Бидний зохиол бүтээлд ч тэдний онол үзэл нөлөөлсөн байх. Гэхдээ аялал бол алс бөглүү суманд төрж өссөнтэй холбоотой. Улс төр, эдийн засгийн сэдэв рүү авчих гээд, тушаал дэвших боломж байнга гарч ирээд байсан. Ийм үед Их Британи руу яваад буцаж ирээд Монголынхоо түүхийг судалж үзтэл сүүлийн 300 жил ертөнцөөс хаагдмал байжээ. Тиймээс энэ ард түмэнд дэлхийг таниулж бусад улс орны түүх соёлоос үзүүлье, өөрсдөд нь эх нутгийнх нь талаар харуулъя гэж зорьсон. Гэхдээ надад нэг зүйл гунигтай санагдсан. Ширээ тойрч суугаад хүмүүстэй ярилцахад манай Монголд сайхан юм юу ч байхгүй, гадаадад л гоё гэж ярьдаг байсан. Тэдний энэ үзэл, хандлагыг яаж өөрчлөх вэ, эх орондоо итгэдэг болгох вэ гэж бодоод аялалд гарсан.

-Анхны нэвтрүүлгээ хаанаас бэлтгэсэн бэ?

-Их Британид байхдаа тоног төхөөрөмжөө зэхсэн. Ингээд Их Британийн хойд нутгаар аялж цуврал нэвтрүүлэг бэлтгэж  ирсэн. Ингэхдээ олон улсын төсөл хөтөлбөрт багтаагаад бэлтгэчихсэн болохоор зардал нь гайгүй байсан. Ирээд анхны нэвтрүүлгийг 1998 оны зургадугаар сард болсон Бурхан Халдун уулын талхилгаар нээсэн. “Аяллын цаг” нэвтрүүлгийг олон нийтэд хүргээд 13 жил болсон байна. Эхний жилүүдэд гадны орны тухай нэвтрүүлэг давамгайлж байсан. Харин одоо бол эсрэгээрээ. Монголын тухай нэвтрүүлэг 70 хувийг нь эзэлдэг.

-Санхүүжилтээ та өөрөө зохицуулдаг уу.  Зардал нэлээд өндөр гарна биз?

-Телевизийн зардал маш өндөр. Жирийн нэг нэвтрүүлгийг таван мянган долларын камераар ч хийж болно. 50 мянгынхаар ч хийж болно. Үнээ дагаад чанар нь сайжирдаг. Хэрвээ өндөр түвшинд ажиллая гэвэл өндөр үнэтэй техник, их зардал хэрэгтэй. Тиймээс ямар зардал гардаг вэ гэсэн ерөнхий жишиг хэлэх боломжгүй. Нэг программ хамгийн багаар бодоход сая 500 мянган төгрөг байдаг. Тэгэхээр миний нэвтрүүлгүүд ойролцоогоор 6000 ам.доллараар л бүтдэг. Санхүүжилтийг янз бүрийн аргаар л шийдэж ирлээ. Жилд 40 орчим нэвтрүүлэг бэлтгэж байна.

ЭНЭ НЭВТРҮҮЛЭГ НЭГ ХҮНИЙ НУРУУН ДЭЭР БАЙДАГ НЬ ЖААХАН ТООГҮЙ

-Таны бэлтгэсэн нэвтрүүлгүүд жуулчдад Монгол орныг сурталчлахад их хувь нэмэр оруулсан байх. Гэхдээ түүхийн дурсгалт зүйлсийг хулгайч нарт зааж өглөө гэж шүүмжлэх нэгэн ч байдаг юм билээ. Та шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?

-Шүүмжлэл зүйтэй мэт боловч бас нөгөө талаараа тэнэг санагддаг. Яагаад гэвэл бид эх орноо сайн мэддэггүй. Монголын байгалийн үзэсгэлэнг гадаадынхан мэддэггүй байсан шүү дээ. Эх орныхоо сайхныг мэдэрнэ гэдэг том завшаан. Үүнийг ухамсар муутай хүмүүс очоод сүйтгэнэ гэдэг өөр асуудал. Сайн юмыг саар зүйл дагаж байдаг. Тухайлбал, уул уурхайн нөөц илэрлээ гэхэд хууль дүрмээр зохицуулж байна. Аль нэг нутгаас түүхийн үнэт олдвор олдлоо гэхэд тухайн газрын засаг захиргааны нэгж хуулиараа зохицуулах ёстой. Гэтэл хүмүүс зүй бус хандасны дараа асуудал үүсгэж шүүмжилдэг. Нөгөөтэйгүүр монголчуудын зуршилтай холбоотой. Байгальд аялахаараа хогоо хаяна. Мод бутыг нь хугална гээд сайхныг нь харж баясахаас илүү сүйтгэх нь их. Гэхдээ сүүлийн үед монголчууд аялж сурч байна. Тэгэхээр аливаа зүйл эхлээд гэнэт цэгцэрдэггүй. Аажимдаа суралцдаг юм байна. Байгальд хүмүүс аялах туршлагагүй, хүлээж авах туршлага бас байхгүй аглаг буйд арал дээр амьдарч байсан юм шиг хүмүүст урсгал өөрчлөгдөхөөр шүүмжлэл гарах нь зөв. Хэрвээ Бадамсамбуу үзүүлэхгүй байгаа бол энэ эх орныхоо сайхныг хэн ч мэдрэхгүй шүү дээ.

-Та гадаадын аялагч сэтгүүлчидтэй хэр холбоотой байдаг вэ. 1990-ээд оны эхээр Монголд аялсан америкийн сэтгүүлчийн бэлтгэсэн нэвтрүүлгийг танай “Гараг” студиэс гаргаж байсныг санаж байна. Зах зээлийн хямралын үе тэр нэвтрүүлгээс  харагдаж байсан?

-Аялагч сэтгүүлчид хоорондоо туршлага солилцдог. Эн Эйч Ки телевизэд очиж хоёр өдөр сургалтанд сууж аялагч сэтгүүлчидтэй уулзаж байлаа. Гадаадын улс орнуудад телевиз бүр нь аяллын нэвтрүүлэгтэй байдаг. Бас тухайн байгууллага нь бодлогоор дэмждэг. Харин Монголд нэвтрүүлэг байгаа нь чухал. Гэхдээ энэ нэвтрүүлэг нь нэг хүний нуруун дээр байдаг нь жаахан тоогүй. Бадамсамбуугийн өмч мэтээр ханддаг. Миний нэвтрүүлэг дутуу болоод байна. Сайн хиймээр байна. Хамтаръя гэхээр болдоггүй. Нэгдүгээрт болдог дүрэм журам нь байхгүй. Хоёрдугаарт ганц “Аяллын цаг”-т хөрөнгө цацаад байх бололцоогүй. Өндөр өртгөөр бүтээгддэг нэвтрүүлэг учраас бусадтай харьцуулахад зардал их гарна. Иймээс 10 гаруй жил хувь хүний хообий маягтай л байна. Холбогдох яам агентлагт хандахаар төдийлөн ойшоодоггүй.

-Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд юуг анхаарах шаардлагатай бол?

-Юун түрүүнд хөгжлийн үнэлгээний тайлан хэрэгтэй. Түүнд нь үндэслэсэн аялал жуулчлалын үзэл баримтлал хэрэгтэй. Тэр үзэл баримтлал баримжаа гарсан тохиолдолд аялал жуулчлалынхаа эрх зүйн орчинг түүндээ зохицуулах ёстой. Тэгж байж л хөгжил эхэлнэ.

-Монголчууд бид нүүдлийн соёл иргэншилтэй гэдгээрээ бахархдаг. Гэтэл сүүлийн үед суурьшмал соёл иргэншил рүү их тэмүүлэх болсон. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Бид сүүлийн 20 жил эргэлт буцалтгүйгээр өөр иргэншил сонгож байгаа. Бид нүүдэлч иргэншлийн өвийг тээж явсаар байгаад энд хүрсэн гэсэн үг. Багаар бодоход 8000 жилийн өв. Бид одоо бол зөрчилдөж явсан суурьшмал иргэншлийнхээ өмнө шууд гараа өргөөд буугаад өгчихөж байна. Өөрийн эрхгүй ийм зүйл болсон. Чөлөөт зах зээл, хүний эрх, ардчилал байгаа цагт хүн байгальтай тайван харьцаж амьдрах нөхцөлгүй болдог. Нүүдлийн соёл иргэншил устаж байгаа нь эмгэнэл.

-Хөдөөгүүр аялахад зам хэцүү санагддаг уу. Хөдөөгийн замыг сайжруулах шаардлагатай гэж боддог уу?

-Гол замуудыг сайжруулчихвал цаг хугацаа, амьдралын хувьд зүгээр л дээ. Гэхдээ ер нь дэлхий дээр онгон байгаль ховордож байгаа. Замгүй газраар,тэр бартааг туулаад явж байх нэг ёсны таашаал юм шүү дээ.

-Та хэр олон орноор аялаад байна?

-Би жилдээ дөрөв тавхан л орноор аялдаг. Дэлхий 200 гаруй оронтой. Гэтэл дөнгөж дөрөвний нэгээр нь аялсан байна. Өмнөд Солонгос улсын “Ариранг” телевизээр өдөр бүр Солонгосын байгалийн тухай гаргадаг. Тэр нь Дорнод аймгийн нутаг шиг л юм. Тийм газар нутаг дээр 45 сая хүн чихцэлдэж амьдарч байгаа хэрнээ байгалийнхаа тухай өдөр бүр гаргаж чадаад байгаа нь  гайхамшиг. Гэтэл Монгол хажууд нь тив шиг улс шүү дээ. Тэгэхээр асар их нөөц бий. Аялагч хүн чинь нэг газар оччихоод түүнийгээ боллоо гэж боддоггүй. Болчихлоо гэж бодож байгаа бол та аялагч биш. Яагаад гэвэл нэг газар очиход цаг уур, байгаль, улирлаас шалтгаалаад өөр өөр шинж чанартай байдаг. Тиймээс нүдэнд харагдах урлагийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс нэг газартаа дахин дахин очдог. Би сумандаа өссөн хүүхэд хэдий ч жил бүр очиж сонин содон зүйл хардаг. Аялагч хүн сониуч хүсэл нь дүүрчихдэг зүйл биш, байнга дундуур байдаг.

-Аялсан газар бүрээсээ ямар нэг дурсгал авчирдаг байх. Таны дурсгалын цуглуулгад юу олон байдаг бол?

-Хананд өлгөдөг чимэглэлүүдийг очсон орон болгоноосоо авчирдаг. Мэдээж хэрэг үнэтэй зүйлийг авчирч чадахгүй л дээ. Арслангийн жижгэвтэр цуглуулгатай болоод байгаа. Одоо надад 40 гаруй арслан бий. Хүмүүс заан их цуглуулдаг юм билээ. Би өөрөө их зөөлөн хүн учраас сул талаа нөхөх гэж арслан цуглуулдаг.

-Жилд 60 орчим мянган км зам аялдаг гэсэн байсан. Тэгэхээр та жилийн хэд хоногийг нь гэртээ өнгөрүүлдэг вэ?

-Миний бодлоор 30 орчим хувийг нь аялж байгаа болов уу. Бусад үед нь нэвтрүүлгээ гаргаад л байж байна даа. Дэлхий бүслүүрээр нь тойроход 40 мянган км байдаг. Тэгэхээр дэлхийн нэг бүтэн, нэг хагас л тойрч байна гэсэн үг. Гэхдээ мэдээж хэрэг 60-аад мянган километрт янз бүрээр л аялна. Европт очоод л буцаад ирэхэд 20 мянган км байдаг. Тэгэхээр 60 мянган км бол юу ч биш.

-Та ойрын үед хаашаа аялахаар зэхэж байна?

-Удахгүй Өмнөд Солонгосын Ганнам дүүргээс нэвтрүүлэг бэлтгэнэ. Ганнам жижиг арал байсан. Одоо том дүүрэг болсон байна. Тэндхийн түүх, соёлыг нэвтрүүлгээс үзнэ биз дээ.

ХҮЧТЭЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ БИЙ БОЛОХ НАЙДЛАГА ТУН МУУ БАЙНА

-Сэтгүүлчийн тань хувьд Монголын сэтгүүлзүйн хөгжил хэр түвшинд байгааг асуулгүй өнгөрч чадахгүй нь?

-Сэтгүүлчид шударга байх ёстой гээд яриад байдаг. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл улс төрийн системүүдэд хуваагддаг. Улс төр, эдийн засаг гэсэн хоёр зүйлийн хандлагыг дагаж, дэлхийн амьдрал явж байдаг. Хараат бус, мэдээллийн хэрэгсэл, редакци байна гэдэг бол зөв. Үүн рүү илүү сайн тэмүүлж, энэ хандлагаас хамгийн их хэрэгжүүлж байгаа, сэтгүүлзүйн орчныг л сайн сэтгүүлзүйтэй газар гэж үзнэ. Манайд бол шударга байх эрмэлзлэл байж болох ч, нөхцөл нь байхгүй. Сэтгүүлзүйн нэг буруу хандлага бий. Эздийг дагаад өөрчлөгдчихдөг. Хүчний байгууллагыг сурвалжилдаг сэтгүүлч, удалгүй нөгөө байгууллагынхантайгаа найз болчихсон байдаг. Найз болохын давуу тал нь мэдээлэл авахад сайн ч, сул тал нь хэзээ ч тэр системийг шүүмжилж чадахгүй. Тэр нь мэргэшсэн сэтгүүлч биш, худалдагдсан сэтгүүлч. Мэргэшсэн сэтгүүлч гэдэг бол тухайн салбарын бүх түвшинд нь нэвт мэдэж харилцах хэрнээ, бие даасан байдлаа хадгалж, тэдний дүр төрхийг бүрэн дүүрэн харуулж чаддаг байх ёстой. Манайд мэргэшсэн сэтгүүлзүй алга. Мөн орчин нь алга. Тиймээс зөвхөн сэтгүүлчдийн эр зоригт, ёс суртахуунд л найдна. Энэ бол маш буруу зүйл. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн сэтгэл зүрхэнд найдах гээд байна. Одоо бол сэтгэл зүрхэнд биш механизмд найдах гээд байна. Үүнээс цааш хүн чанарын тухай асуудал ярьж болохгүй. Энэ бол капитализм, чөлөөт нийгэм. Хүний эрх, чөлөөт зах зээл, ардчилал гэж ярьж байгаа тохиолдолд хүн чанарын тухай бага ярих ёстой. Их яривал тэнэг хүн болж сонсогддог. Энд эрх ашиг л ярих ёстой. Уг нь ёс суртахуун хууль болдог бол одоо бид хуулийг ёс суртахуун болгох гэж оролдож байгаа. Тэгэхээр энэ бол нэг талаасаа маш инээдэмтэй нийгэм. Нөгөө талаасаа магадгүй боломжтой нийгэм байж мэдэх юм. Ийм орчинд сэтгүүлчид ёс суртахуун л барих хэрэгтэй болчихоод байгаа. Энэ боломжгүй зүйл. Үнэхээр суут сэтгүүлч, авьяас сонирхолынх нь энерги дуусдаггүй тийм сэтгүүлчдийн л ертөнц болох гээд байгаа. Өөрөөр хэлбэл, редакциуд нь бэхжээгүй учраас сэтгүүлчдэд өндөр цалин өгч яаж бие даасан байлгах чадах билээ. МҮОНТ гэхэд бусад улс оронтой харьцуулахад телевизийн бүрэн дүүрэн байх ёстой хэм хэмжээнд хүрч чадаагүй.  Түүнчлэн телевизүүдийн бүх бүтээгдэхүүний 50 хувь нь хүний юм байгаа. Үүнийг нь хасаад хаячихаар нөгөө телевизүүд нь хэн ч биш. Тиймээс агуулга, үйлдвэрлэлийг нь дэмжээд ирэхээр шударга сэтгүүлзүй үүсэх боломж бий. Монголд байгаа 2000 орчим сэтгүүлчээс чин сэтгэлээрээ ажилладаг таван хүн л байвал их юм.

-Тэгэхээр шударга байх боломжгүй. Бас сэтгүүлзүй хөгжихгүй байна гэсэн үг үү?

-Шударга сэтгүүлчид нэгдээд л сонин гаргалаа ч тодорхой хугацааны дараа туйлддаг. Монголын сэтгүүлзүйд сүүлийн 20 жилд дампуурлын л үзэгдэл бий болсон. Хэдэн мянган сонин гарсан ч тэд дампуурлаас дампуурлын хооронд явж байгаа. Тэгэхээр энэ байдлаас нь гаргахын тулд тэр өндөр ашиг олдог салбаруудтай адил дур зоргоор нь хаяж болохгүй. Тиймээс ашгийн салбарын ч юм уу ямар нэг салбарын хэлбэрт оруулаад, тэр нь аажимдаа хуримтлал бий болгож бусдаас хамааралгүй байх хэвлэлийн агентууд бий болох нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тэгэхгүйгээр яг одоо хэвлэлийн байгууллагыг ашиг олдог компаниудтай адил тавьчихсан. Хэвлэлийн байгууллагыг ашгийг компаниудтай адил НӨАТ төлдөг болгочихоор хүчтэй ажиллах нөхцөлгүй болчихоод байна. Гэтэл барууны хэвлэлүүд өөрсдөө том корпарациуд болчихсон учраас нийгмийг хөндлөнгөөс нь харж, дайтаж шударга ёсыг хэлэлцэж амьдардаг. Манайд хэвлэл мэдээллийн байгууллагыг бэхжүүлэхэд нийгмийн зүгээс ямар дэмжлэх байх вэ гэдгийг л бодож олох хэрэгтэй.

-Таныхаар оюуны хөдөлмөрийг зөв үнэлж чадаж байна уу?

-Юу гэж чадах вэ дээ. Энэ бол цэгцэрсэн нийгэм биш. Тэгэхээр тийм боломж байхгүй. Миний бодлоор сайн хүчтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий болох найдлага тун муу байгаа.

Б.ГАНДОЛГОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж